“Friends” цувралын Чандлер Бингийн дүрээр дэлхий даяар танигдсан жүжигчин Мэттью Перригийн амьдрал, донтолттой тэмцсэн түүхийг өгүүлэх “The One About Matthew Perry” баримтат цуврал “Netflix” платформоор аравдугаар сарын 27-нд нээлтээ хийлээ. Гурван ангитай уг бүтээлийн найруулагч Мэри Робертсон жүжигчний гэр бүл, ойр дотнын хүмүүсийн итгэлийг хэрхэн олж авсан болон түүний амьдралын ээдрээтэй түүхийг дэлгэцэнд буулгах явцын талаар ярьжээ.
Робертсон өмнө нь “Quiet on Set: The Dark Side of Kids TV” баримтат бүтээлээрээ танигдсан бөгөөд энэ удаад Перригийн амьдралыг түүнийг сайн мэддэг хүмүүсийн дурсамж, гэр бүлийн хувийн архиваас авсан гэрэл зураг, дүрс бичлэгт тулгуурлан өгүүлсэн байна.
Баримтат цувралын гол оролцогчдын нэг нь Мэттью Перригийн дүү Миа Перри Боуик юм. Тэрбээр өмнө нь ахынхаа амьдралын талаар олон нийтэд дэлгэрэнгүй ярьж байгаагүй бөгөөд энэ бүтээлээр дамжуулан түүний бага нас, алдар нэрд хүрсэн замнал, донтолттой тэмцсэн олон жилийн тухай дурсжээ. Тэрбээр жүжигчний амьдралыг зөвхөн амжилт, баяр хөөрөөр нь бус, бэрхшээл, алдаа, дахин сэргэх оролдлогоор нь хамтад нь харуулахыг хүссэнээ тайлбарлажээ.
“The One About Matthew Perry” баримтат цуврал нь жүжигчнийг зөвхөн дэлгэцийн алдарт дүрээр нь бус, амьдралынхаа турш донтолттой тэмцэж, бусдад инээд хөөр бэлэглэн, өөрийн туршлагаар дамжуулан хүмүүст туслахыг зорьсон хүн гэдгээр нь харуулахыг зорьжээ.

