Казах ардын уламжлалт харилцаа дууны “Айтыс” олон улсын тэмцээн Баян-Өлгий аймгийн төв Өлгий суманд хоёр өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд Монгол, Казахстан, Киргиз, БНХАУ-ын 20 найрагч оролцож, уран цэцэн үгсээрээ өрсөлдлөө.
Тэмцээнийг “Айтыс” харилцаа дууны “Ахтангер” холбооны санаачилгаар аймгийн Хөгжимт драмын театр хамтран зохион байгуулж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн бизнес эрхлэгчид ивээн тэтгэсэн байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас Баян-Өлгий аймгийн төв болон сумдаас 12, Ховд аймгаас хоёр, Казахстанаас хоёр, БНХАУ-аас гурав, Киргизээс нэг, нийт 20 найрагч оролцжээ.
Тэмцээний тэргүүн байрт Казахстанаас хүрэлцэн ирсэн харилцаа дууны нэрт найрагч Минатханы Уларбек шалгарч, долоон сая төгрөгийн шагнал хүртлээ. Тэрбээр уран цэцэн үг, яруу уянгалаг дуугаараа бусдаас ялгарч, шүүгчдийн хамгийн өндөр оноог авсан байна.
Нэгдүгээр байрт Казахстаны найрагч Хуанганы Серик шалгарч, дөрвөн сая төгрөгийн шагнал хүртжээ. Хоёрдугаар байрт Киргизийн найрагч Есенбайн Тыныштыхбек, Казахстаны найрагч Даулетийн Ерлан нар шалгарч, тус бүр хоёр сая төгрөгөөр шагнуулсан байна.
Харин гуравдугаар байрт БНХАУ-ын найрагч Сергазын Ерболат, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат Кеншиликийн Ахтилеу нар шалгарчээ. Тусгай байрт БНХАУ-ын найрагч Таудайн Санатбек, Медений Сейлбек, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын найрагч Женсикбайн Сүйениш, Бугат сумын харьяат Сандалханы Бержан нар тус тус шалгарч, нэг сая төгрөгийн шагнал хүртсэн байна.
Мөн шагналт байрт шалгараагүй ч тэмцээнд оролцсон 10 найрагчид тус бүр 200 мянган төгрөгийн урамшуулал олгожээ.
Түүнчлэн тэмцээнд гадаадын улс орнуудаас хүрэлцэн ирж оролцсон найрагчдад аймгийн Засаг даргын шийдвэрээр олгодог “Хүндэт тэмдэг”, “Жуух бичиг” болон Өлгий сумын Засаг даргын өргөмжлөл гардуулж, хүндэтгэл илэрхийлсэн байна.
Найрагчид Монгол Улс болон Казахстан, БНХАУ, Киргиз зэрэг улсын найрсаг харилцаа, Чингис хааны түүхэн гавьяа, нүүдэлчдийн өв соёл, Монгол орны хөгжил дэвшил, монгол, казах ард түмний аж амьдрал, ахуй соёл, зочломтгой, нөхөрсөг зан чанарыг магтан дуулжээ. Тэд мөн өөрсдийн уран сэтгэмж, цэцэн цэлмэг үгээрээ харилцан мэтгэлцэж, үзэгчдэд сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолт толилуулсан байна.
Олон улсын “Айтыс” тэмцээнд оролцсон найрагчид Баян-Өлгий аймаг дахь казахуудын нутагшсан түүх, орон нутгийн хөгжил, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг уран яруу үг, дуу хуураар хөндөн өрсөлджээ. Хоёр өдрийн турш аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдээр дүүрч, найрагчдын авьяас чадвар, цэц булаалдах урлагийг үзэгчид халуун дотноор хүлээн авсан байна. Тэд тэмцээний зохион байгуулалт, өрсөлдөөний түвшнийг өндрөөр үнэлж, зохион байгуулагчид болон ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлжээ.


