Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын түүхт 50 жилийн ойдоо зориулан “50 бүтээлч ажил”-ыг өрнүүлж байна.
Энэ хүрээнд ахмад уран бүтээлчдийн “Эгшгэн цацал өргөмү” хүндэтгэлийн тоглолтыг аймгийн Хөгжимт драмын тайзнаа толилууллаа. Урлагийн алтан үеийн түүхийг бүтээлцэж, авьяас билэг, хөдөлмөр зүтгэл, үнэт өв соёлоороо үе үеийн уран бүтээлчдэд үлгэр дуурайлал болсон ахмад уран бүтээлчдийн тоглолтонд энэ цагийнхан ч нэгджээ.
Аймгийн Хөгжимт драмын театрын түүхэн замнал нь 1942 оноос эхтэй. Анх 2 гэртэй байгуулагдан аймгийн Клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд клубийн нээлтээр Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг хуучин эхээр, “Цэнд комиссар”, “Ардын зориг”, “Харанхуй засаг” зэрэг драмын жүжиг, концертыг тоглож байжээ.
1953 онд аймгийн Клуб орон тооны 13 жүжигчинтэй болж өргөжжээ. Тухайн үед уран бүтээлийн төрөлжсөн анги байгаагүй тул жүжигчид жүжиглэх, дуулах, шүлэг унших, бүжиглэхээс гадна хөгжим тоглож, урлагийн олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг байв. Харин 1958 онд аймгийн Клубийг Соёлын ордон болгон өргөтгөж, орон тооны 18 жүжигчин, 30 гаруй сайн дурын уран сайханчтай болжээ. Мөн энэ үеэс дуу, хөгжим, бүжиг, драмын зэрэг мэргэжлийн ангиудыг байгуулсан байна.
Улмаар 1977 онд 600 гаруй хүний суудалтай, 80 шахам уран бүтээлч, нийт 110 ажилтантай мэргэжлийн урлагийн байгууллага болж, театрын нээлтээр Төрийн шагналт, УГЗ Бирваа, Рэгсүрэн нарын “Эрдэнэтээлийн уянга” дуурь, “Гурван бүсийн нутаг” концертыг тогложээ. Ийнхүү аймгийн Соёлын ордон мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэргэжлийн өнгө аястай болж, хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндэс суурийг тавьсан түүхтэй.


