УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Энхнаран сонгодог урлаг, монгол аялгууны гайхамшгийг нэгэн тайзнаа толилуулах “Хөөрхөн Халиун” тоглолтоо арваннэгдүгээр сарын 14-нд хүргэх гэж байна.
Дэлхийн сонгодог урлагийн сор болсон ари, Монголын нэрт хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон бүтээлүүд эгшиглэх энэхүү үдэш хайр дурлал, эх орон, эцэг эхийн хайр, хүний сэтгэлийн нандин мэдрэмжийг хөгжмийн гайхамшгаар илэрхийлэх болно.
Ж.Пуччинигийн хайрын уянга, Ж.Вердийн эр зориг, Д.Лувсаншаравын дурласан сэтгэл, Б.Шаравын эх орон, аав ээжийн хайр, Н.Жанцанноровын сэтгэлийн санагалзлыг МУГЖ Б.Энхнаран өөрийн дуу хоолой, зүрх сэтгэлээрээ дамжуулан үзэгч олондоо хүргэнэ.
“Хөөрхөн Халиун” тоглолтод УДБЭТ-ын симфони оркестр, удирдаач Ц.Тэлмүүн-Очир, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Морин хуурын найрал хөгжим, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан, уртын дуучин, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Батжаргал, концертмейстер, Гавьяат жүжигчин Б.Солонго, УДБЭТ-ын ерөнхий концертмейстер Б.Оюунгэрэл, ҮУИТ-ын гоцлол бүжигчин Э.Номин, дуучин Г.Мишиг нар оролцоно.

