УДЭТ-ын уран бүтээлчид театрынхаа ууган зохиолч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийг 2016 онд анхлан үзэгчдэд хүргэж байв. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан тус уран бүтээлийг арваннэгдүгээр сарын 5-наас дахин олны хүртээл болгох гэж байна.
Эл жүжгийн дууг дуучин Michelle (Ч.Мишээл) дуулжээ. Энэ талаар тэрбээр цахим хуудсандаа “Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Жаргаагүй нар” жүжгийн дуун дээр УДЭТ-ын найруулагч, жүжигчид, баг хамт олонтой хамтран ажиллалаа. Өнөө орой хамтдаа сонсоцгооё. Тэдний амьдарч байсан цаг хугацаагаар аялах, мэдрэх гайхалтай нандин байлаа. 2026 оны арваннэгдүгээр сарын 5-наас өдөр бүр 19:00 түүхэн эмгэнэлт жүжиг тоглогдоно. Заавал үзээрэй залуус аа” хэмээн нийтэлжээ.
Дуучин Ч.Мишээлийн хувьд 2016 онд UBS телевизээс зохион байгуулдаг “My voice” шоунд оролцон уран бүтээлийн гараагаа эхэлж, “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцож, мөн л уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа үзэгчдийг байлдан дагуулсан. Өнгөрсөн 2025 онд тэрбээр Казахстан Улсад зохион байгуулагдсан “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 12 орны шилдэг дуучидтай өрсөлдөн уралдааны ялагчаар шалгарсан билээ.

