Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т Ламт уулын баруун бэлд байрладаг гурван хүн хөшөөг Ламтын хүн чулуу хэмээн нэрлэдэг.
Эдгээр хүн чулуу нь XIII-XIV зууны үед хамаарах бөгөөд бүртгэл мэдээллийн сангийн улсын хамгаалалтын зэрэглэлд багтдаг.
Шаргал боржин чулуугаар урласан уг дурсгалуудын дүрслэл, хийц нь бусад хүн чулуунаас өвөрмөц. Тухайлбал, хүн чулууны нэг нь сандал дээр сууж, баруун гартаа исэр хундага барин, зүүн гараа өвдөг дээрээ тавьсан байдлаар дүрслэгджээ. Мөн сандлын хээ, залаатай малгай, зузаан ултай ээтэн гутал, хөхөл гэзгийн нарийн хийц нь тухайн үеийн хувцас, эд хэрэглэл, ур хийцийн онцлогийг илтгэдэг байна.
Соёлын өвийн үндэсний төвөөс 2024 онд тус хүн чулуунуудыг сэргээн засварлажээ. Мөн Дарьганга сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр стандартын шаардлага хангасан хамгаалалтын хашаа барьж, дурсгалуудыг хамгаалсан байна.

