Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд Солонгос судлалын төв хүрээлэнгийн Жансогаг сан хөмрөгт энэ сарын 3-нд зочилж, Ерөнхий эрхлэгч Жон Ын Жүтэй уулзав.
Энэ үеэр дэлхийд ганц биет хувь хадгалагдаж буй Монголын Юань гүрний сүүлчийн хууль зүйн эмхэтгэл болох “Чжичжэнгийн хуулийн бичиг”-тэй танилцаж, нэн ховор уг түүхэн эх сурвалжийг эх орондоо авчрах, эрдэмтэн судлаачид, олон нийтэд танилцуулах боломжийн талаар санал солилцов.
Тус эрх зүйн баримт бичиг “Чжичжэнгийн хуулийн бичиг”-ийг Юань улсын Тогоонтөмөр хааны оны цол болох Чжичжэнгийн тавдугаар он буюу 1345 оны арваннэгдүгээр сард эмхэтгэн, 1346 оноос даган мөрдөж эхэлжээ. Уг баримт бичгийг Курё улсын сүүлч үеэс мөрдөж, улмаар Жусонь улсын үед хууль эрх зүйн гарын авлага болгон өргөнөөр ашиглаж ирсэн, Монгол, Солонгос хоёр орны олон зууны түүхэн хэлхээ холбоог гэрчлэх үнэ цэнтэй баримт бичиг төдийгүй Монгол судлалын чухал эх сурвалж юм.
“Чжичжэнгийн хуулийн бичиг” анх 2003 онд Кёнжү хотын Яндун тосгоны Сун овогтын гэрээс олдож, Солонгос судлалын төв хүрээлэн хуулийн эхийг сэргээн засварласны зэрэгцээ эх бичгийг судлан сийрүүлсний үр дүнд 2007 онд уг хуулийн бичгийн гэрэл зургийн эхийг сийрүүлсэн эхийн хамт 2 боть болгон хэвлүүлсэн гэж тус улсад суугаа ЭСЯ мэдээллээ.


