Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн санаачилгаар зохион байгуулж буй “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд олон нийтийн хүртээл болж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолоор баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус яамны үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард уран бүтээлч Б.Дашням, Л.Мягмарцэрэн нарын “Уудам” хамтарсан үзэсгэлэнг толилуулсан бол энэ сард залуу уран бүтээлчдийн “Энэ тэр” үзэсгэлэнг дэлгэж байгаа юм.
Тус үзэсгэлэнд залуу уран бүтээлч Г.Ганбаяр, Э.Орхон, С.Биндэръяа, Э.Тогтуун, Б.Цэлмүүн, Б.Өндөр-Ачтан, А.Хосбаяр, Б.Тэргэл нар өөрсдийн өвөрмөц арга барил, үзэл санаа, уран сайхны илэрхийллийг шингээсэн бүтээлүүдээрээ оролцож байна.
“Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн нь шинэ үеийн уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, уран сайхны эрэл хайгуул, олон талт илэрхийллийг олон нийтэд таниулахын зэрэгцээ залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын дүрслэх урлагийн хөгжилд тэдний оруулах хувь нэмрийг тодотгоход чиглэж байна.
Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд урлаг сонирхогч иргэд, олон нийтэд нээлттэй.


