Хүүхдийн шилдэг зурагт номыг шалгаруулан, зохиолч, зураачдыг алдаршуулах “Үлгэрч үнэгхэн” шагнал гардуулах ёслол боллоо.
Хүүхдийн зурагт ном нь балчир уншигчдын сэтгэлгээ хөгжихөд чухал ач холбогдолтой онцгой урлагт тооцогддог. Зураг болон үгэн өгүүлэмж хослуулан амьдралын олон өнгө төрхийг хүүхдэд хүргэдэг зурагт ном бүтээгч уран бүтээлчдийг урамшуулан дэмжих зорилготой олон нэр хүндтэй шагналууд олон улсад байдаг.
Энэ жилийн “Үлгэрч үнэгхэн” наадмаас “Маппет” театрын ерөнхий зураач С.Энх-Одын “Шаргачин” бүтээл шилдэг зураглал шагнал хүртжээ.
С.Энх-Од нь “Маппет” театрын бүтээлүүд болох “Зөрүүд Гринч”, “Намайг дурсаарай Коко”, “Цоохор сар”, “Сайн уу, Олмасс”, “Том чихт Дамбо” зэрэг бүтээлүүдийн ерөнхий зураачаар ажиллаж, “Маппет” театрын өнгийг тодорхойлж яваа шилдэг зураач юм.

