Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны арваннэгдүгээр сарын 6-нд зохион байгуулсан “2026 International Drone Coding Competition” олон улсын дроны кодчиллын тэмцээнд Говь-Алтай аймгийн сурагчид амжилттай оролцож, хоёр мөнгөн медаль хүртжээ.
Тус тэмцээн нь дроны программчлал, нислэгийн удирдлага, хурд, нарийвчлал, техникийн ур чадвар, асуудал шийдвэрлэх чадварыг сорьдог бөгөөд оролцогчдын мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээг шалгадаг олон улсын хэмжээний технологийн уралдаан юм.
Тэмцээний “Drone Coding Challenge” төрөлд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Есүй дунд ангийн ангилалд амжилттай өрсөлдөж, мөнгөн медаль хүртжээ.
Харин Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч Д.Чулуунбат ахлах ангийн “Drone Coding Challenge and Race” төрөлд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медалийн эзэн болсон байна.
Энэхүү амжилт нь сурагчдын техник, технологийн мэдлэг, практик ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, бэлтгэлийн үр дүнг харуулж байгааг аймгийн ЗДТГ-аас онцоллоо.

