Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас төрөн гарсан зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн зохиол бүтээлийг нэгтгэсэн “Билиг оюуны их бичээс” түүвэр ном уншигчдын хүртээл боллоо.
Тус номыг аймгийн “Алтан бярга” утга зохиолын нэгдлийн санаачилгаар, Хайрхандулаан сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр эмхэтгэн хэвлүүлжээ.
“Билиг оюуны их бичээс” номд Хайрхандулаан сумаас төрөн гарсан Монголын утга зохиолын нэрт төлөөлөгчид болох Төрийн шагналт, жүжгийн зохиолч Ч.Ойдов, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Пүрэв, Ардын багш, академич П.Хорлоо нарын бүтээлээс гадна Р.Дондов, Б.Очирхуяг, М.Пүрэв, Д.Эрдэнэбат, А.Адъяадолжин зэрэг яруу найрагч, зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг багтаасан байна.
Ийнхүү тус сумын уугуул 26 уран бүтээлчийн зохиол бүтээлийг нэгтгэн эмхэтгэсэн нь нутгийн утга зохиолын өв санг бүрдүүлэх, үе үеийн уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэжээ.
Цаашид Хайрхандулаан сумын уугуул яруу найрагч П.Мөнхзул, А.Адъяадолжин нарын шинэ номын нээлт, уран бүтээлийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг “Алтан бярга” утга зохиолын нэгдлийн тэргүүн Э.Дашзэвэг мэдээллээ.


