Британийн жүжигчин Кира Найтлигийн 2007 оны “Atonement” кинонд өмссөн, кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай хувцаснуудын нэг болсон маргад ногоон торгон даашинзыг дахин дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
CNN агентлагийн мэдээлснээр уг даашинзыг 2026 оны арванхоёрдугаар сарын 9-нд Лондон хотын “Christie’s” дуудлага худалдааны ордонд худалдах аж. Мэргэжилтнүүд даашинзыг 120 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 161 мянган ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна.
Энэхүү даашинзыг “Atonement” киноны хувцас загвар зохион бүтээгч Жаклин Дюрран урласан бөгөөд киноны гол дүр Сесилия Таллисын дүрд тоглосон Кира Найтли өмссөн юм.
Даашинзны өвөрмөц өнгө, задгай нуруу, нарийн хийц нь тухайн үеийн загварын ертөнцөд ихээхэн анхаарал татсан. Мөн энэ бүтээлийг кино урлагийн хувцас загварын хамгийн дурсамжтай загваруудын нэгээр олонтаа нэрлэдэг.
Сонирхолтой нь, уг даашинзыг анх удаа дуудлага худалдаанд оруулж байгаа хэрэг биш юм. Тус хувцас 2008 онд буяны дуудлага худалдаагаар зарагдаж байсан бөгөөд түүнээс хойш АНУ-ын хувийн цуглуулгад хадгалагдаж иржээ.

