Монгол улсын хүүхэлдэйн театр Авлигатай тэмцэх газартай хамтран бүтээсэн “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн шинэ жүжгээ толилуулахад бэлэн болоод байна.
2056 он. Агаар, ус, хөрсний бохирдлоос үүдэн хүн төрөлхтөн амьдрахад бэрх болсон ирээдүйгээс эрдэмтэн Ю болон гурван хүүхэд эх дэлхийгээ аврах итгэл найдвар өвөрлөн өнгөрсөн цаг хугацаа руу аялна. Тэдний адал явдлаар дамжуулан байгаль орчны доройтол, хүний буруутай үйлдэл, хариуцлагагүй сонголтын үр дагаврыг харуулахын зэрэгцээ шударга, зөв хандлага, бусдын болон нийтийн эрх ашгийг хүндэтгэхийн үнэ цэнийг хүүхэд багачуудад ойлгуулна.
Энэхүү танин мэдэхүйн адал явдалт жүжиг нь эх дэлхийгээ хайрлах, зөв сонголт хийх, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандах дадлыг багаас нь төлөвшүүлэх ач холбогдолтой бүтээл юм.
Жүжгийн нээлт арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 15:00 цагаас болох бөгөөд арваннэгдүгээр сарын 21, 22-ны өдөр 11:00 болон 15:00 цагуудаас ердөө дөрөвхөн удаа тоглоно.


