“Харри Поттер” цувралын од, жүжигчин Дэниел Рэдклифф Бродвейн тайзнаа хамтран тоглож байсан дотнын найз Жонатан Гроффтойгоо “Trust the Man” нэртэй шинэ триллер кинонд дахин хамтран ажиллажээ.
Рэдклифф энэ тухайгаа “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би зохиолыг уншаад хамгийн түрүүнд “Жонатан энэ дүрд яг тохирно. Түүнийг тоглуулж болох болов уу гэж бодсон” хэмээн Рэдклифф дурджээ. Тэрбээр мөн “Хамгийн сайн найзуудынхаа нэгтэй кино хийнэ гэдэг үнэхээр онцгой мэдрэмж” хэмээн Рэдклифф хэлжээ.
Найруулагч, зохиолч Уилл Грэмийн бүтээл “Trust the Man” кино Вьетнамын дайны үеийн үйл явдлыг өгүүлнэ. Кинонд АНУ-ын армийн тагнуулын албаны амбицтай офицер нууцлаг өнгөрсөн түүхтэй, олон шагнал хүртсэн цэргийг мөрдөн шалгах даалгавар авдаг. Мөрдөн шалгах ажиллагаа, байцаалт гүнзгийрэхийн хэрээр хоёр эрийн харилцаа ээдрээтэй болж, үнэнч байдал ба хэт автсан сэтгэл хоёрын зааг бүдгэрэх аж.
Киноны зураг авалтыг өнгөрсөн зун АНУ-ын Нью-Жерси мужид хийсэн бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд Кейт Мара, Финн Уиттрок, Жастис Смит, Виктор Гарбер нар багтжээ.
Рэдклифф, Грофф нар өмнө нь Линдси Мендезийн хамт Стивен Сондхаймын “Merrily We Roll Along” мюзиклийн Бродвейн шинэчилсэн хувилбарт тоглож байв. Тус жүжиг 2023 оны аравдугаар сард нээлтээ хийж, 2024 оны долдугаар сард тоглолтоо өндөрлүүлсэн юм.

