Аймшгийн зохиолын мастер Стивен Кинг өөрийн анхны романаас сэдэвлэн бүтээсэн “Кэрри” (Carrie) киноны амжилтад хүрэхийг анх мэдэрсэн мөчөө дурсжээ. Тэрбээр 1976 онд нээлтээ хийсэн уг киноны урьдчилсан үзвэрийн үеэр үзэгчдийн хариу үйлдлийг хараад бүтээл амжилт олохыг ойлгосон байна.
Стивен Кинг эхнэр Табита Кингийн хамт АНУ-ын Бостон хотод болсон киноны урьдчилсан үзвэрт оролцжээ. Тухайн танхимд голдуу африк гаралтай америк үзэгчид байсан бөгөөд зохиолч эхэндээ цагаан арьст өсвөр насны охины тухай түүх тэдэнд хэрхэн хүрэх бол хэмээн эргэлзэж байсан аж.
Гэвч кино үргэлжлэх тусам үзэгчид үйл явдалд улам бүр автаж, дүрүүдийн хувь заяанд сэтгэл хөдлөлөөр хандаж эхэлсэн байна. Ялангуяа киноны төгсгөлийн хэсэгт Кэрригийн гар булшнаас гэнэт гарч ирэхэд танхим даяар үзэгчид цочин хашхирчээ.
Кингийн сууж байсан суудлын ард хоёр том биетэй эрэгтэй сууж байсан бөгөөд тэд уг хэсэгт маш хүчтэй цочирдон хашхирсан нь зохиолчийн санаанд тод үлджээ. Тэр мөчид Стивен Кинг кино үзэгчдэд хүрч чадсаныг ойлгож, “Бид хит бүтээл хийжээ” хэмээн бодсон байна.
Тэрбээр өмнө нь “Кэрри” романаа бичиж эхлэхдээ өсвөр насны охидын амьдрал, мэдрэмжийг үнэмшилтэй дүрслэхэд өөрийгөө хангалттай мэдлэггүй гэж үзэн гар бичмэлээ хаяж байжээ. Харин эхнэр Табита нь хогийн савнаас эхний хуудсуудыг нь олж авч, зохиолоо үргэлжлүүлэн бичихийг ятгасан байна. Улмаар 1974 онд хэвлэгдсэн уг роман түүний зохиолчийн замналын эхлэлийг тавьсан юм.
Найруулагч Брайан Де Палмагийн бүтээсэн “Кэрри” кинонд Сисси Спейсек гол дүрд тоглож, Пайпер Лори Кэрригийн ээжийн дүрийг бүтээжээ. Өсвөр насандаа үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж, хэт шүтлэгтэй ээжийнхээ хатуу хяналтад амьдардаг Кэрри Уайт хэмээх охины ер бусын телекинезийн чадвар, түүний аймшигт үр дагаврыг өгүүлдэг тус кино хоёр “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан юм.
“Кэрри” нь Стивен Кингийн анхны хэвлэгдсэн роман төдийгүй түүний зохиолоос сэдэвлэн бүтээсэн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болсон билээ. Үүнээс хойш уг зохиолоор 2013 онд дахин кино бүтээж, тайзны мюзикл болон телевизийн цувралын хувилбарууд ч хийгджээ.
Сонирхуулахад, найруулагч Майк Флэнаган 2026 онд “Кэрри” зохиолыг дахин дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байгаа бөгөөд энэ төсөлд Стивен Кинг өөрийн дэмжлэгийг илэрхийлсэн байна.
