Холливудын кино урлагийн салбарын нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Академийн 17 дахь удаагийн “Governors Awards” ёслол 2026 оны арваннэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Лос-Анжелес хотын “Ray Dolby Ballroom”-д болж, кино урлагт олон жил үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийг алдаршууллаа.
Энэ жилийн ёслолоор жүжигчин Гленн Клоуз, найруулагч Ридли Скотт болон “Disney” студийн домогт аниматор Флойд Норман нар Академийн хүндэт “Оскар”-ын шагнал хүртжээ.
Жүжигчин Гленн Клоузын хувьд энэ нь карьерынхаа туршид хүртсэн анхны “Оскар” байв. Тэрбээр өмнө нь Академийн шагналд найман удаа нэр дэвшсэн ч ялалт байгуулж байгаагүй юм. Түүний шагналыг “Dangerous Liaisons” кинонд хамтран тоглосон жүжигчин Жон Малкович гардуулжээ.
Харин “Alien”, “Blade Runner”, “Gladiator” зэрэг алдартай бүтээлийн найруулагч Ридли Скотт Академийн хүндэт шагнал хүртсэн юм. Тэрбээр ёслолд биечлэн оролцож чадаагүй тул цахим бичлэгээр талархлаа илэрхийлжээ. Мөн энэ шагналыг 2012 онд таалал төгссөн дүү, найруулагч Тони Скоттдоо зориулж байгаагаа хэлсэн байна.
“Disney” студийн анхны хар арьст аниматор гэдгээрээ түүхэнд бичигдсэн Флойд Норман 65 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Академийн хүндэт “Оскар”-ын шагнал хүртэв. Тэрбээр “Sleeping Beauty”, “The Jungle Book”, “Mary Poppins” зэрэг сонгодог бүтээлүүдэд ажиллаж байсан бөгөөд “Pixar” студийн “Toy Story 2”, “Monsters, Inc.” кинонд ч хувь нэмрээ оруулжээ.
“Governors Awards” нь Академийн “Оскар”-ын үндсэн ёслолоос тусдаа зохион байгуулагддаг бөгөөд кино урлагт насан туршийн хөдөлмөр, онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийг алдаршуулдгаараа онцлог юм.

