1969 онд “Жеймс Бонд: Эрхэм дээдсийн нууц албанд” (“On Her Majesty’s Secret Service”) кинонд 007 агентын дүрийг бүтээсэн Австралийн жүжигчин Жорж Лэйзенби Жеймс Бондын дүрд шинээр сонгогдсон Роберт Паттинсонд баяр хүргэж, өөрийн зөвлөгөөг хуваалцжээ.
Өдгөө 87 настай Жорж Лэйзенби одоогоор Жеймс Бондын дүрийг бүтээсэн жүжигчдээс амьд буй хамгийн ахмад нь юм. Тэрбээр арваннэгдүгээр сарын 16-нд өөрийн инстаграм хуудсандаа видео мэндчилгээ нийтэлж, бичлэгтээ Роберт Паттинсоныг 007 агентын дүрд тавтай морил гэсэн байв.
Мөн тэрбээр “Роберт, дэлхийн хамгийн онцгой хүрээлэлд тавтай морил. Гэхдээ энэ бүхнээс таашаал авч, сайхан өнгөрүүлэхээ мартав аа. Чамд “Ийм зүйл өмнөх залууд тохиолдож байгаагүй шүү дээ” гэх алдарт мөч тохиох эсэхийг харцгаая. Бүх зүйлд нь амжилт хүсье, залуу найз минь” гэжээ.
Лэйзенбигийн дурдсан “Ийм зүйл өмнөх залууд тохиолдож байгаагүй шүү дээ” буюу “This never happened to the other fella” гэх үг нь түүний тоглосон 1969 оны “On Her Majesty’s Secret Service” киноны алдартай эшлэл юм. Тус кинонд Бонд өмнөх дүрийг бүтээсэн жүжигчний тухай хошигнон хэлдэг бөгөөд кино цувралын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
Роберт Паттинсоныг шинэ Жеймс Бондоор сонгосныг “Amazon MGM Studios” арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор зарласан юм. Тэрбээр 2021 онд “No Time to Die” киногоор 007 агентын дүрийг хамгийн сүүлд бүтээсэн Дэниел Крэйгийн орыг залгаж, 007 агентын дүрийг бүтээх долоо дахь жүжигчин болж байна.
Одоогоор Роберт Паттинсоны тоглох анхны Жеймс Бондын киноны нээлтийн товыг зарлаагүй байна.
View this post on Instagram

