“Deadpool 2”, “Bullet Train” зэрэг киногоор танигдсан найруулагч Дэвид Литч “Ocean’s” цувралын дараагийн анги болох “Ocean’s 14” киноны талаар шинэ мэдээлэл өглөө. Түүний хэлснээр киноны зохиол хэдийнэ бэлэн болсон бөгөөд уран бүтээлчид төслийг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа ч гол дүрийн жүжигчдийн цагийн хуваарийг тааруулах нь хамгийн том сорилт болж байна.
Шинэ бүтээлд “Ocean’s” цувралын өмнөх ангиудад тоглосон Жорж Клуни, Брэд Питт, Мэтт Дэймон, Жулиа Робертс, Дон Чидл нар эргэн нэгдэх төлөвтэй байгаа юм. Гэхдээ жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор бүрэн баталгаажуулаагүй бөгөөд тэдний зав, цагийн хуваарийг зохицуулах шаардлагатай байгааг найруулагч хэлжээ.
“Ocean’s” киноны цуврал 2001 онд найруулагч Стивен Содербергийн бүтээсэн “Ocean’s Eleven” киногоор эхэлсэн. Улмаар “Ocean’s Twelve” (2004), “Ocean’s Thirteen” (2007) үргэлжлэлүүд болон эмэгтэй гол дүрүүдтэй “Ocean’s 8” (2018) спин-офф бүтээл үзэгчдийн хүртээл болсон юм.
Одоогоор “Ocean’s 14” киноны зураг авалт эхлэх болон нээлтээ хийх тов албан ёсоор зарлагдаагүй байна.

