Их Британийн дуучин, ая зохиогч Жеймс Блант өөрийн нэрийн хуудас болсон “You’re Beautiful” дуу нь 2005 онд дэлхий даяар амжилт олох үед олон нийтийн зүгээс гэнэтийн сөрөг хандлага, шүүмжлэлтэй тулгарснаа эргэн дурсжээ.
52 настай дуучин “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа “Мөрөөдөл минь биелж, дуу минь олон улсын хит болоход хүмүүс надад баяр хүргэж, амжилтад минь хамтдаа баярлана гэж бодож байсан ч эсрэгээрээ уурлаж, дуунаас минь болж надад дургүйцэх нь үнэхээр учир шалтгаангүй, хэтэрхий туйлширсан хариу үйлдэл мэт санагдсан” хэмээн ярьжээ.
2005 оны тавдугаар сарын 30-нд гарсан “You’re Beautiful” нь түүний “Back to Bedlam” анхны цомгийн гурав дахь сингл байв. Уг дуу 10 улсын хөгжмийн жагсаалтыг тэргүүлж, Жеймс Блантыг олон улсад танигдсан уран бүтээлч болгосон юм.

