Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Большой театр”-т дуулах “Алтан хоолойтнууд”-ын зардал Сангийн яаманд гацжээ
Уртын дуу

“Большой театр”-т дуулах “Алтан хоолойтнууд”-ын зардал Сангийн яаманд гацжээ

Урлаг Урлаг15/11/2014Сэтгэгдэл байхгүй9 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4l4pl87r0pja8n5933m1odt2eq8504564432014-11-15-16-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Монголын алтан хоолойтнууд” төсөл энэ жил эрчээ авч, Их театрт хүрлээ. Өнгөрсөн жил тэд Улаан-Үдэд тоглож, Монголын сонгодог урлагийн нүүр царай болсон 50 жилийн түүхтэй сонгодог урлаг ямархан чадалтай вэ гэдгийг танилцуулсан. Тэгвэл энэ сарын 20-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын найман гоцлооч, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Их театр”-т тоглож, тэнд үзэсгэлэнгээ гаргах юм.

Дэлхийн сонгодог урлагийн шилдэг гурван театр болох “Ла Скала”, “Ковенгарден”, “Их театр”-т дуулж үзэхийг хүсдэггүй дуурийн дуучин гэж үгүй. Тэр тусмаа эх орныхоо нэрийг дуурсгаж, хамт олноороо тоглолт хийнэ гэдэг дуучдын хувьд мартагдашгүй үйл явдал болох юм. Их театрын симфони найрал хөгжимчид, ОХУ-ын алдартай удирдаач, Монголын дуучид, ОХУ-ын хоёр гоцлооч энэ тоглолтод оролцох юм.

Монголын дуучид энэ удаа П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн ари, дуэтыг дуулах гэнэ. Энэ тоглолтод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар оролцоно.

-Монголын алтан хоолойтнуудын хувьд “алтан” боломж-

Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзултай “Золотые голоса Монголии”  тоглолтын талаар ярилцлаа.  

-Монголын уран бүтээлчид  “Большой театр”-т “Золотые голоса Монголии” тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Энэхүү төслийн талаар сонирхуулахгүй юу?

-“Золотые голоса Монголии” буюу “Монголын алтан хоолойтнууд” төслийг би жил гаруйн өмнө бичиж байлаа. Энэ төслийн анхны тоглолт өнгөрсөн жил Улан-Үдэ хотын Дуурь, бүжгийн эрдмийн театрт болсон. ОХУ 2014 оныг “Соёлын жил” болгон зарласан юм. Тиймээс бид хоёр орны соёлын харилцаанд бас нэг алхам болох боломж олдож байна гэж харж, “Золотые голоса Монголии” төслөө Оросын талд хүргүүлсэн. Ингээд ОХУ-ын Соёлын яамнаас биднийг дэмжсэн. Манай театрын уран бүтээлчдийн бие даасан тоглолтыг “Их театр”-т үнэ төлбөргүй хийх боломжийг олгосон ОХУ-ын соёлын яамныханд нийт хамт олон, уран бүтээлчдийнхээ өмнөөс маш их талархал илэрхийлсээр байна. Бидэнд “Их театр”-ын түүхэн тайзнаа тоглох боломж мөн ОХУ-ын шилдэг гурван оркестрын нэг болох  “Российский национальный оркестр”-ыг удирдаачтай нь хоёр том гоцлол дуучинтай нь өгсөн. Мөн дээрээс нь их таетрынхаа фоёныг театрынхаа үзэсгэлэнгээ гаргахад зориулан  үнэ төлбөргүй гаргаж өгсөн.  Энэ бүхэн бол Монголын алтан хоолойтнуудын хувьд “алтан” боломж юм. Дэлхийн хамгийн шилдэг гурван театрын нэг болсон “Их театр”-ын  тайзнаа тоглоно гэдэг бол дуучин хүний хувьд мөрөөдөл, бас мэргэжлийн ур чадварынх нь хэмжүүр байдаг. Тэгэхээр би энэ тоглолтыг Монголын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дэлхийд харуулах нэг хэмжүүр, алхам болж байна гэж  бодож байгаа.

-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Тоглолтын бэлтгэл ажил бараг л бүрэн хангагдсан. ОХУ-ын бүх хэвлэл мэдээллээр манай тоглолтын хэвлэлийн мэдээнүүд тарсан байгаа. “Их театр”-ын гадаа манай тоглолтын баннерыг өлгөсөн. Мөн “Их театр”-ын тоглолтын хуваарьт манай тоглолт багтсан. Хэдийнэ тоглолтын маань тасалбарууд зарагдан цөөн тооных л үлдсэн байсан. Тэнд уран бүтээлчдийн маань очоод байрлах байр, ажлын төлөвлөгөө, тоглолтын бэлтгэл хийх хуваарь гээд бүгд бэлтгэгдсэн. Бид хоёр гуравхан хоногийн дараа ОХУ-ыг зорих гэж байна.  Хэдийгээр ОХУ-ын талаас бэлтгэл бүрэн хангагдсан ч миний хувьд түгшүүртэй, сэтгэл өвдөж байгаа хүндрэлтэй асуудал байгаа.

-“Их театр”-т тоглох манай уран бүтээлчийн  онгоцны тасалбарын мөнгө одоог хүртэл шийдэгдээгүй-

-Ямар асуудал юм бэ?

-Одоог хүртэл манай уран бүтээлчдийн онгоцны тасалбарын мөнгө гарч ирээгүй байгаа. Би  уран бүтээлчдийнхээ онгоцны тасалбарыг захиалах гэж хоёр сар гаран явлаа.  Даанч өнөөдрийг хүртэл энэ мөнгө шийдэгдээгүй. Би уран бүтээлчдийнхээ сэтгэлийг зовоохгүй, хямраахгүй байхыг бодож энэ талаар тэдэнд хэлээгүй. Учир нь уран бүтээлч хүний хувьд “Их театр”-т тоглоно гэдэг бол асар том хариуцлага, алтан боломж шүү дээ. Тиймээс тэдний хичээл зүтгэл, хөдөлмөр, сэтгэлийг нь зовоохыг хүсэхгүй байна. Өнөөдрийг хүртэл уран бүтээлчид бүх бэлтгэлээ базаачихаад байхад тэднийг яаж авч явах вэ гэдэг хүндхэн асуудал болоод байна. 

-Энэ зардал мөнгийг хаанаас хариуцан  зохицуулах ёстой байдаг юм бэ?

-Энэ зардлыг ССАЖЯ-наас зохицуулахаар төслөө олон сарын өмнө өгсөн.  Тиймээс энэхүү зардал Соёл урлагийг хөгжүүлэх сангаас гарах ёстой. Соёл урлаг хөгжүүлэх сангаас Сангийн яаманд хүсэлт өгөөд одоог хүртэл шийдэж өгөөгүй. Энэ бол зөвхөн манай театрын уран бүтээлчдийн тоглолтын асуудал биш шүү дээ.  Энэ бол Монгол, Орос хоёр орны ард түмний соёлын харилцааны асуудал. Зөвхөн харилцаагаар хязгаарлагдахгүй хөрш хоёр орны хамтын ажиллагааны асуудал юм. Тиймээс миний хувьд ямар л  арга чарга байна бүгдийг дайчлаад уран бүтээлчдээ тэнд тоглуулна.  Гэхдээ цаана нь маш том хариуцлага намайг уран бүтээлчдээ аваад нисэх эцсийн мөч хүртэл миний өмнө тулгарсаар байна. Бид “Их театр”-т театрынхаа түүхэн үзэсгэлэнг гаргах гэж байна. Энэ түүхэн үзэсгэлэн бол ганцхан манай театрын түүх биш Монголын сонгодог урлагийн түүх. Энэ нь Монголын Засгийн газар соёл, урлагтаа яаж анхаарч хандаж байсны түүх шүү дээ. Би их олон бизнесийн байгууллага, хүмүүст хандан энэ төслөө танилцуулсан. Яг  үнэнийг хэлэхэд, үүнд шууд дэмжлэг гарч ирсэнгүй. Монголын сонгодог урлагийг ойлгож дэмжих тэр элит хүмүүс  юу бодож, юу харж байна аа гэж бодоод сууж байна л даа. Би уран бүтээлчдээ ямар ч  байсан зардлыг нь төлөөд аваад явна. Гэхдээ энэ мөнгө хэзээ эргэж ирж, хэзээ төр энэ мөнгийг шийдэж  өгч энэ ажлын ард гарах вэ гэдэг түгшүүртэй хэвээрээ л байна.

-Хэчнээн уран бүтээлч явах вэ. Нийт хэчнээн төгрөгийн зардал, мөнгө яригдаад байна.

-Уг нь бол маш бага мөнгө. ОХУ-ын талаас ихэнх зардлыг даасан. Бидний хувьд Монголын талаас явах 11 хүний онгоцын зардал хоолны цөөн төгрөгийн асуудал яригдаад байгаа юм. Нийтдээ  20 гаруй сая төгрөгийн зардал. Энэ багт найман гоцлол дуучин, найруулагч, зураач, хөтлөгч гэсэн 11 хүний онгоцын зардлын асуудал яригдаж байгаа. Заримдаа өндөр ач холбогдолтой гэж бодож, зорьж хийн түүний бүх ажил явагдаад үр дүн нь хүртэл алган дээр  тавьсан юм шиг  тодорхой байхад өнөөдөр биднээс манай театраас  хамаарахгүй хүндрэл учирч байгаа нь бидний ажилд хүнд байна. Энэ бол уран бүтээлчдийн маань санаа зовох асуудал биш. Энэ бол миний үүрэг, хариуцлага. Гэхдээ бодлого боддог, бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг тэр хүмүүс  энэ ажлыг ямар чухал ач холбогдолтой, өргөн цар хүрээтэй, ямар том ажил байсан бэ гэдгийг харж, ойлгоосой гэж хүсэж байна.

-ДБЭТ-ынхан  2013 онд 127 сая төгрөгийн орлогыг давуулан биелүүлсэн-

-ДБЭТ-ын төрийн байгууллага. Үзэгчдэд толилуулсан тоглолтуудаас ашиг олно гэсэн ойлголт байхгүй. Ер нь  жилд хэчнээн төгрөгийн ашигтай ажилладаг вэ?

-Тоглолтоос олсон бүх орлого төрийн санд төвлөрдөг. 2013 онд манай театр 135  сая төгрөгийн орлого олох төлөвлөгөөтэй байсан ч 127 сая төгрөгийн орлогыг төлөвлөгөөнөөсөө давуулан биелүүлсэн. Өөрөөр хэлбэл бид 260 гаруй сая төгрөгийн орлого оруулсан. Өнөөдөр 127 сая төгрөгийн орлого давуулан биелүүлсэн байгууллагын 27 сая төгрөгийн л асуудал энэхүү төслийн хувьд яригдаад байгаа. Давуулан биелүүлсэн орлогыг уран бүтээлдээ зарцуулах эрх нь байдагсан бол бид өнөөдөр ийм хүнд байдалтай сууж байхгүй. Бид хуулийн дагуу  бүх орлогоо төрийн санд  төвлөрүүлдэг. Тэндээс зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу гардаг болохоос биш бид ямар нэгэн байдлаар захиран зарцуулах эрхгүй. Гэхдээ 127 сая төгрөгийн орлого давуулан биелүүлж байхад хууль, журмаараа  давуулсан биелүүлсэн орлогын тодорхой хувийг шаардлагатай зүйлд зориулахад буцаан өгдөг. Энэ жилийн хувьд давсан орлогыг өгөх тухай яригдсан боловч одоог хүртэл сураг чимээ алга. Сүүлийн хоёр сар уран бүтээлчдийнхээ зардлыг олох гээд 20 гаруй сая төгрөг хөөцөлдөөд олон байгууллагын хаалга татан, олон хүнтэй уулзаад явж байхдаа манайх энэ дүнг хэд дахин давуулан биелүүлсэн шүү дээ гэж бодож явсан.

-Давуулан биелүүлсэн орлогын хэдэн хувийг буцааж өгдөг юм бэ?

-Өмнө нь давсан орлогыг буцаан өгч байсан. Гэхдээ 100 хувь буцаан өгдөггүй. 60-70 хувь ч юм уу янз бүр өгнө.  Түүнийг  хууль, дүрмийн дагуу зөвхөн уран бүтээлдээ болон ажиллагсдынхаа нийгмийн халамж, ахуйд зориулах ёстой байдаг.  Одоогийн байдлаар 2013 оны давсан орлогыг өгөөгүй байгаа.

-Хэзээ ОХУ-ыг зорих вэ?

-Энэ сарын 17-нд бид ОХУ руу нисэх ёстой. Учир нь энэ сарын 18, 19-нд Оросын үндэсний оркестртой хоёр өдөр бэлтгэл хийн 20-нд тоглолтоо толилуулна.

-Хэрвээ 17 хүртэл энэ зардлыг Сангийн яам шийдэхгүй бол яах уу?

-Би хувиараа л шийднэ.  Сангийн яаман дээр очихоор мөнгө байхгүй гээд бидний асуудлыг шийдэж өгөхгүй л байна. 17-ны өглөөний 06.00 цаг хүртэл л би өөрөө өөртөө хариуцлага  үүрүүлээд ямар нэгэн байдлаар шийднэ. Би хувь хүний хувьд гэхэд өнөөдөр автомашинаа зарах зар өгөөд явж байна. Яагаад гэвэл энэ өөрөө маш том ач холбогдолтой төсөл. Энэ бол ганц хүний  ажил биш. Монголын соёл урлагийн түвшнийг харуулах ажил юм. Дуурийн театрын гадаад харилцааны асуудал биш Монголын соёлын урлагийн гадаад харилцааны асуудал юм. 

-Том боломж олдож байгаа дээр бид өөрсдийгөө харуулах ёстой-

Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгатай ярилцлаа.

-“Большой театр”-т уран бүтээлээ толилуулах болсонд тань баяр хүргэе. Уран бүтээлч хүний хувьд нэг том мөрөөдлөө биелүүлж байна гэж хэлж болох байх?

-Би өмнө нь “Большой театр” буюу “Их театр”-ын тайзнаа гарч байгаагүй.  ОХУ-д болсон олон сайхан уралдаан тэмцээнд оролцож байсан. “Большой театр”-ын “Историческая сцена” гэдэг алдартай тайзнаа уран бүтээлээ толилуулах бол бидний хүсэл, мөрөөдөл байдаг. Ийм сайхан боломж олдож байгаад маш их баяртай байна. Мэдээж энэхүү том боломж олдож байгаа дээр бид өөрсдийгөө харуулах ёстой.

-Бэлтгэл, сургуулилалт хэр явж байна?

-Бид бэлтгэл , сургуулилалтаа маш сайн хийж байгаа. Энэхүү тоглолт маань сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

-Энэ удаагийн тоглолтод та ямар уран бүтээлээ толилуулах вэ?

-“Большой театр”-ын түүхэн тайзнаа алдарт Дж.Вердийн “Травиатта” дуурийн ари-г дуулна. Мөн В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари-г дуулна. Энэ хоёр бүтээл маань өөрийн маань олон бүтээлээс сонгогдож, энэ тоглолтод орсон.

-В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари-г сонгодог урлагт дуртай, хайртай хэн бүхэн шимтэн сонсдог. Дуурийнхан дундаа ч амаргүй ари-д тооцогддог. Өөрийг тань энэхүү ари-г гайхалтай амилуулдаг хэмээн үзэгчид магтдаг. Та хэдэн жил энэ ари-г дуулж байгаа вэ?

-Баярлалаа. Шөнийн хатны дүрд би анх “Увидаст лимбэ” дуурь тавигдаж байхад дуулж эхэлсэн. Моцартын дуурийг Австрийн найруулагч, удирдаач нар ирж тавихад энэ дүр дээр сонгогдон дуулсан. Үүнээс  хойш нэлээд олон жил өнгөрсөн байна. Одоо ч “Увидаст лимбэ” дуурийнхаа Шөнийн  хатны дүрд гарч дуулдаг. Мөн янз бүрийн тоглолт дээр Шөнийн хатны ари ордог. Учир нь хэмжээ нь болдог бас хүмүүст их хүрдэг. Оросын ард түмэн ч гэсэн энэхүү бүтээлийг сайн мэднэ. Тиймээс шилмэл бүтээл юм л даа.

-Театрын уран бүтээлийн сонин хачин ихтэй байгаа болов уу?

-Одоогоор хамгийн чухал ажил “Большой театр”-ын тоглолт байна. Манай театр уран бүтээлийн шинэ улирлын нээлтээ хийн үндэсний бүтээлээдээ түлхүү тоглож байна. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг тоглосон. Мөн Х.Билэгжаргал гуайн насны ой боллоо. Дуурийн театрын маань ажил их. Хувийн тоглолтоо бодож байгаа ч  “Большой театр”-ын тоглолттой давхцуулж болохгүй учраас жаахан хойшлуулсан. Энэ жил манай Банди багшийн  нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын улсын конкурс болно. 2015 онд энэхүү конкурсыг олон улсын хэмжээнд зохиох бодолтой байна. Ажил их байна.

-Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид сүүлийн жилүүдэд гадны уралдаан, конкурст өндөр амжилтууд үзүүлж байгаа. Таны хувьд гадагшаа олон улсын тэмцээн, конкурст орохоор судалж байгаа юу?

-Манайхан бүгд л судлаад явдаг болчихсон шүү.  Хэрвээ асуувал жилд 4-5 уралдаан ярина шүү. Миний хувьд энэ жил багшийнхаа конкурсыг хийх учраас их ажил ордог. Тиймээс өөрөө конкурст орж уралдах бодолгүй байна. Ямар ч байсан тэр ажлуудыг нугалаад мэдээж боломж олдвол явалгүй яах вэ.

-Олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаан хэдэн насаар хязгаарладаг вэ?

-Одоо бол 33-35 насныхан гээд ерөнхийдөө багасгаж байгаа. Ерөнхийдөө 33-аар хязгаарлаж байгаа болохоор манай залуу дуучид бүгд оролцох боломжтой. Миний хувьд улам л багасаад байна. Гэхдээ ид дуурийн гол дүр, карьер хөөдөг нас учраас карьер талдаа анхаарч  магадгүй дэлхийд олон сайхан дүрүүдийг монгол хүн дууллаа гэж сонсгохсон гэж бодож байна.

Г.Даша

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.