Нижигнэсэн алга ташилт, зэрийтэл дүүрэн үзэгчид, джазз хөгжмийн хэмнэлд өрнөсөн БИ тоглолт.
Дуучин Насаа “БИ… гэдэг үгний цаана намайг илэрхийлэх маш олон зүйл бий. Энэ үдэш би монголын орчин үеийн хөгжмийн урлагт уран бүтээлч болон бэлтгэгдсэнээ хойш ямар уран бүтээлч болсоноо харуулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг үзэгчдийнхээ өмнө хүлээж байна хэмээн тоглолтынхоо өмнөхөн ярьж байсан.
Тэгвэл 11-р сарын 28, 29 ны үдэш МУ-ын филармоний тайзнаа эгшиглэсэн БИ… тоглолтонд зочилсон үзэгчдэд дуучин бүсгүй үнэхээр ямар уран бүтээлч болсоноо харуулсан гэхэд болно. Түүний анхны бие даасан тоглолтонд удирдаач УГЗ Б.Ганбатын удирдлагад Баянмонгол джаз оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, Монгол Улсын филармоний гоцлол дуучин Нарка , “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа зэрэг мэргэжлийн уран бүтээлчид оролцон Би … тоглолтонд өнгө нэмсэн юм.
Дуучин Насаа тоглолтондоо “Хэзээ ч мартагдашгүй” анхны бие даасан цомогтоо орсон уран бүтээлүүдээс мөн шинэ цомгийнхоо Бороо, Нойргүйдэл зэрэг ритмлэг уран бүтээлүүдээ хүргэж хамтдаа бүжиглэж хамтдаа дуулсан 2 үдшийг өнгөрөөлөө. Тоглолтын нэг онцлох зүйл гэвэл дуучин Насаа тоглолтынхоо хөтөлбөрт дэлхийн одод болох Уитни Хьюстон, Алиша Кейс, Адель, Келли Кларксон, Женнифер Лопес нарын хит дуунуудыг багтаасан бөгөөд мөн алдарт Чикаго музыклийн хэсгээс дуулж бүжиглэн өөрийн дуулах ур чадвар, джаз хөгжмийн хэмнэл, амьд хөгжим, амьд дуугаралтын үзэгчдэдээ мэдрүүлсэн.
Мэдээж сүүлийн үед хүмүүс амьд дуулалт, сайн хөгжмийн дуугаралттай тоглолт үзэхийг хүсдэг болсон учир түүний 100 хувь амьд хөгжимтэй энэхүү тоглолт үзэгчдийн магтаал, талархал, бахархал, түүнийг хайрласандаа алга ташилтаа чин сэтгэлээсээ харамгүй зориулж байсан халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрлөө. Дуулахаас гадна бүжиглэх авьяас, барууны концертыг санагдуулам тайз засалт, үс засалт нүүр будалт, хувцаслалт, амьд хөгжим гээд энэ үдэш дуучин Насаа өөрийн Би… тоглолтоороо жинхэнэ уран бүтээлч болж чадсанаа өөрийн фэнүүд, үзэгчид болон мэргэжлийн урлагийн салбарынханд харуулаад авлаа. Тэр үнэхээр монголын рок попын гүнж байж чадсан юм. Попын шинэ гүнжид амжилт хүсьё.
www.URLAG.mn