Би хоёр хөл дээрээ алхахыг мөрөөддөг. Ээжийгээ, гэр бүлийнхнийгээ зовоохгүй юмсан гэж л их боддог. Тиймээс чадах хэмжээгээрээ амжилт гаргаж ээждээ харуулахыг хичээдэг…гэх залуухан гоо бүсгүй Д.Цолмонтой уулзаж ярилцлаа.
Тэрээр “Тэргэнцэртэй гоо бүсгүй шалгаруулах наадам”-ын гоо бүсгүйгээр тодорч, миссийн титмийг зүүсэн юм.
-Гоо бүсгүйгээр шалгарсан таны сэтгэгдэл ямар байна вэ. Тайзан дээр гарахынхаа өмнө төрсөн мэдрэмжээ хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл маш өндөр байсан. Тайзан дээр өрсөлдөж буй 14 бүсгүй бүгд оюуны хувьд, мэдлэгийн хувьд мундаг эмэгтэйчүүд байсан шүү. Яг тайзан дээр гарах мэдрэмж их айдастай гэх үү дээ. Мундаг эмэгтэйчүүдтэй өрсөлдөж чадах уу үгүй юу гэж. Гэхдээ маш том зорилго тавьсан байсан учраас зоригтой тайзан дээр гарсан. Яг шагналын эздийг дуудаж эхлэхэд миний зүрх амаар гарах гэж байгаа мэт сэтгэл хөдлөж, догдолсон шүү. Миний нэрийг дуудахад нулимсаа барьж чадаагүй./ Инээв/.
-Хувцасны загварын хувьд дизайнеруудын бүтээлийг өмссөн үү. Ямар нэгэн байдлаар таны санаа хувцаснуудын тань загварт орсон уу?
– Их засаг их сургуулийн оюутнуудтайгаа ярьж байгаад нуруугаа гаргасан даашинз хийлгэсэн. Миний хувьд нуруундаа мэс засал хийлэгсэн соривтой ч нуруугаа гаргасан зүйл өмсөхийг хүссэн. Мөр маань цэвэрхэн учраас мөрөө, хөлөө гаргасан хувцас өмсмөөр байна гэдгээ ч мөн оюутнуудтайгаа хуваалцсан. Сууж байгаа хүнд ямар хувцас гоё дэгжин харагдах талаар бодож, дизайнер охидуудтайгаа ярилцсны үндсэн дээр миний хувцас бий болсон доо. Харин нуруугаа гаргахын тулд нурууныхаа хагалгаанаас үлдсэн соривоо хаахын тулд тэрүүхэн хэсгийг шүрээр чимж өгсөн. Суухад бие барьсан хувцас үрчийгээд жаахан эвгүй харагддаг. Тийм учраас гадуур нь өргөн бүс бүсэлсэн. Ер нь сууж байхад яавал аятайхан цэвэрхэн харагдаж болох вэ гэдэгтээ анхаарч хувцсаа хийлэгсэн шүү.
-Мэдээж хөгжилтэй явдал бол тохиолдсон нь ойлгомжтой. Тэмцээндээ оролцож байхад гарсан хөгжилтэй явдлаасаа хуваалцахгүй юу?
-Ер нь бөөнөөрөө бүжиг бэлдчихсэн байсан л даа. Тэр бүжиг маань их ойр ойрхон өөрчлөгдөж байсан. Бүжиг бүжиглэх, бүжгийн техник гаргаж харуулна гэдэг тийм амар биш. Харин тайзан дээр шалгаруулалтанд бүжиглэхээр гарч байхдаа бүгд л маш их сандарсан шүү. Бүгд л яаж харагдах бол гэсэн сандралтай байсан нь одоо эргээд бодоход хамгийн хөгжилтэй дурсамж юм болов уу. /Инээв/.
-Уг тэмцээнд хэр хугацаанд бэлдсэн бэ?
-“Brilliant club”-т хагас бүтэн сайн бүрт бэлдэж байсан. Ер нь чамгүй хугацаанд бэлдсэн.
-Мэдээж аливаа зүйлс сайн бас саар зүйлсийг дагуулдаг. Уг тэмцээнд оролцоход танд хамгийн хэцүү санагдсан зүйл юу байсан бэ?
-Би өөрөө хөхүүл хүүхэдтэй, манай гэр нилээд алслагдсан газар байдаг нь надад нилээд хүндрэлтэй санагдаж байлаа. Хүүхдээ хараад өгөөч гэж байнга хүн гуйх хэцүү. Дээрээс нь тэргэнцэр маань багадаад гуяа шархлуулчихсан. Гэхдээ хүйтэн байсан ч хамаагүй автобусаар явж, ээждээ хүүхдээ орхиод тэмцээндээ орох гэж хичээсэн. Байнга хөхөөрөө хооллодог байсан хүүхэд маань сүүлдээ хүүхдийн будаагаар хооллодог болчихсон. Ер нь хүүхэд маань угж хөхдөггүй байсан чинь одоо угжинд орчихсон шүү. Мэдээж эх хүний хувьд тэмцээндээ бэлдэхийн зэрэгцээ үрдээ санаа зовно. Яанаа уйлж байгаа болов уу ч гэдэг юм уу.
-Таныг төсөл хэрэгжүүлж байсан гэж сонссон. Цаашдаа өөрийнхөө санаачилсан төслөө хэрэгжүүлэх үү?
-Би оюутан байхдаа найзтайгаа төсөл боловсруулж “Түгээмэл хөгжил төв”-ийнхөнтэй хамтарч төслөө хэрэгжүүлэх эхний алхмыг сургууль дээрээ хийсэн. Төслийн маань санаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцаж, хөдөлмөрлөж, боловсорч чадна гэдгийг харуулах төсөл байсан юм. Энэ төсөлд маань сайн дурын залуучууд туслаж хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тулгамдсан асуудалд хэрхэн туслалцаа үзүүлэх вэ гэсэн асуудлуудыг ч дэвшүүлсэн байсан. Энэ төслөө цааш үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Ер нь тэргэнцэртэй явахад ямар хүндрэлтэй тулгардаг вэ?
-Хүнээр түрүүлж явахаасаа илүүтэй өөрийнхөөрөө явах дуртай. Хэн нэгэн миний явах замыг очих газрыг заана гэдэг хэцүү. Тэрний оронд өөрөө тэргээрээ явсан нь илүү санагддаг. Бас нэг том хүндрэл байдаг нь авто замын хашлага байдаг. Болж өгвөл стандартын дагуу хашлагатай байвал зүгээр шүү дээ. Ер нь үйлчилгээний байгууллагууд руу ороход ч хэцүү. Тэргэнцэртэй хүн орох зориулалтын хаалга байхгүй нь жаахан хүндрэл учруулдаг шүү. Гэхдээ зүгээрээ би өөдрөгөөр үргэлж инээж явах дуртай.
-Та чөлөөт цагаараа өөрийгөө юунд дайчилж, хөгжүүлэхийг оролддог вэ?
-Хамгийн наад зах нь өөрийгөө гоё авч явах, хэл яриаг маань цэгцлэх гэж ээж, эгч хоёр маань олон зүйлийг зааж өгдөг шүү. Бүжиг бүжиглэх их дуртай. Одоогоор тэргэнцэртэй бүжиглэх клуб байгуулагдаагүй байгаа ч тун удахгүй байгуулагдах байх. Багаасаа л урлагт их хайртай байсан шүү. Тэргэнцэртэй хүн бүжиглэж болдог гэдгийг харуулахыг хүсдэг. Харин дэлхийн нийтэд энэ нь спорт болтлоо хөгжсөн байдаг юм байна лээ. Хоёр хөл дээрээ алхдаг байхдаа бүжиглэх дуртай байсан болоод ч тэр үү. Хааяахан бүжиглэх хүсэл төрдөг юм.
-Таны мөрөөдөл юу вэ. Залуу хүний хувьд хийж бүтээмээр маш олон зүйл байдаг болов уу?
-Би хоёр хөл дээрээ алхахыг мөрөөддөг. Ээжийгээ, гэр бүлийнхнийгээ зовоохгүй юмсан гэж л их боддог. Тиймээс чадах хэмжээгээрээ амжилт гаргаж ээждээ харуулахыг хичээдэг. Мисс болсон минь ээжийг маань чамгүй баярлуулсан болов уу.
-Өөрийнхөө үеийн залуучуудад хандаад юу гэж уриалах вэ?
-Ер нь залуучуудад хэлэхэд юмыг битгий хойш нь тавиарай. Хөгжлийн бэрхшээлтэй залуу хүн, эрүүл залуу хүн гэлтгүй бүгд зориг, хүсэл, тэмүүллийнхээ төлөө тууштай зүтгээрэй л гэж хэлье дээ.
Э.ТЭКҮ