Жэйми Смарт хэмээх 10 настай охин энэ жилийн Зэрлэг байгалийн гэрэл зурагчин уралдаанд тусгай байр эзэлжээ. Тэрбээр намрын налгар цагт буга урамдах торгон мөчийг камерын дуранд буулгажээ. Уг гэрэл зураг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 60 мянга гаруй бүтээлээс шилдэг 100-д орж, олны хамгийн их таашаалд нийцсэн бүтээлээр шалгарсан байна. Түүнийг өдгөө “Бүргэдийн нүдтэй охин” гэж нэрлэж байна.
“The Rutting Call” гэж нэрлэсэн гэрэл зургаа Английн Лестершир дэх Брэдгейт цэцэрлэгт хүрээлэнд аялаж байх үедээ авчээ. Уэльсийн Ландриндод Веллс хотоос гаралтай Жэйми зургаан настай байхдаа гэрэл зураг сонирхож, үүнийгээ хөгжүүлж эхэлсэн байна. Жэйми анх ямар ч уралдаанд өрсөлдөхүйц сайн гэрэл зураг дарж чадна гэж бодоогүй ч Лондонгийн Байгалийн түүхийн музейн санаачилгаар зохион байгуулагддаг уралдаанд бүхий л мэргэжлийн гэрэл зурагчидтай эн тэнцүү өрсөлдсөн юм.
Энэхүү уралдаан нь анх 1965 онд сэтгүүлийн салбарын гэрэл зургийн уралдаан байсан бол өдгөө дэлхийн хамгийн нэр хүндтэй нь билээ.
Гэхдээ Жэйми өмнө нь ч амжилт гаргаж байсан удаатай. Тэрбээр 2025 оны гуравдугаар сард “BIAZA” гэрэл зургийн уралдаанд хамгийн залуу ялагч болж, “Out of the Blue” нэртэй шар махчин акулын зургаар шагнал хүртжээ. Гэрэл зураг сонирхох хүсэл нь анх үлэг гүрвэлд дуртайгаас нь эхлэлтэй. Гэвч байгальд үлэг гүрвэлийн зургийг дарах нь бүтэшгүй тул зэрлэг байгалийн зураг дарж эхэлсэн байна. Түүний аав нь мөн гэрэл зураг дарах хоббитой бөгөөд Жэйми анх аавынхаа камераар зургаа авч эхэлсэн байна.
Жэйми хэлэхдээ “Анх камераа унагаачих вий гэж айдаг байсан. Мөн шувууд нисээд явчихдаг болохоор амаргүй байсан” гэв.
Харин одоо эцэг эх нь зөвхөн түүний тоног төхөөрөмжийг барьж өгөх үүрэгтэй гэж хошигножээ. Тусгай байр эзэлсэн бугын зургийг тэрбээр мэргэжлийн гэрэл зурагчин Данни Грийнтэй хамт 12 цагийн турш зураг авалт хийж байх үедээ авчээ. Зураг дээр гарсан буга нь эвэр дээрээ 16-аас дээш салаатай, хүчирхэг, нас бие гүйцсэн буга байжээ. Жэйми зураг дарсан мөчөө дурсахдаа “Нэг залуу буга толгодын цаанаас харайж ирсэн. Харин том буга их ядарсан байсан болохоор газарт хэвтэж амарч байсан. Би ч мөн хэвтэж байлаа. Өвс маш өндөр байсан. Гэтэл буга урамдах үедээ биеэ өндийлгөж, яг тэр мөчийг би авч чадсан” гэжээ. Гэр бүлийнхэн нь зураг сайн болсон гэж бодсон ч ийм өндөр амжилтад хүрнэ гэж бодоогүй байжээ.
Ээж нь хэлэхдээ, уралдааны түвшин маш өндөр, тааварлашгүй ч Жэйми их хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг гэжээ. Жэймигийн байгальд хайртай сэтгэл нь гэрэл зургийн авьяастай нь хосолж чаддаг гэв. Жэйми анх олны анхаарлыг 2023 оны арванхоёрдугаар сард “RSPCA”-ийн гэрэл зургийн уралдаанд орж, татсан байна. Эл үед тэрбээр “Fighter” нэртэй тахианы зургаар тэжээвэр амьтдын хөрөг төрөлд түрүүлсэн. Мөн гурван зураг нь нэмэлт шагнал хүртсэн байна. Жэйми “Instagram”-д 111 мянга гаруй дагагчтай бөгөөд зэрлэг байгаль, гэрэл зургийн тухай подкаст хөтөлдөг. Түүний өнгөрсөн хугацаанд амжилт дагуулсан хоёр зураг нь болон өөр 16 зураг нь Австралийн амьтны хүрээлэнгийн үзэсгэлэнд дэлгэгджээ.