Мобиком корпорацийн санаачилсан “Зүрх бүхний төлөө” төслийн ялагчаар жүжигчин И.Одончимэг шалгарсан. Тэрбээр ялагч болж 80 сая төгрөгөөр сайн үйлс хийх эрхтэй болсон бөгөөд түүгээрээ улаан чулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд зориулан сургалтын төв байгуулсан. Гэтэл түүний энэ бүтээн байгуулалтыг харлуулах гэсэн хүмүүс мэр сэр гарч ирэх болсон. Тодруулбал “Жүжигчин И.Одончимэгийн байгуулсан сургуулийн хаалга цоожтой байна. Ажиллахгүй байна” гэх мэт маш олон сөрөг зүйлс гарах болсон. Тиймээс байдал яг ямар байгаа МУГЖ И.Одончимэгтэй ярилцсан юм.
-Ер нь заавал яагаад Улаанчулуутын хогийн цэг дээр сургалтын төв байгуулах болсон юм бэ. Хэдийгээр сайн үйл хийлээ гэж байгаа боловч нөгөө талаараа тэдний тэндээ ажиллахыг нь дэмжсэн үйлдэл боллоо гэж үзэх хүмүүс байна.
-Мобикомынхон “Зүрх бүхний төлөө” аянаа хэрэгжүүлэхдээ таван хүнийг сонгосон. Тэдний нэг нь л би шүү дээ. Бид таван долоо хоног өрсөлдөж, долоо хоног бүр ялагч тодруулахад би бүгдэд нь түрүүлсэн. Ингэснээр би 80 сая төгрөгөөр хүмүүнлэгийн үйлс хийх эрхтэй болсон. Урьд өмнө нь ийм ажил хийж байгаагүй болохоор үүнийг хийхийн тулд би маш их бодсон.
Ер нь урлаг уран сайхан нийгэмд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөө үед л урлагийнхны нийгэмд үзүүлж буй үр нөлөөг нэг их ярихгүй байгаа болохоос биш маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр ч утгаараа миний хувьд ийм боломж олдсон учраас зөвхөн урлагийн ажлаараа биш гар бие оролцоод явах боломжтой болсон. Миний хувьд ажлын ачаалал маш их байсан ч нэгэнт төсөлд оролцоод ялагч болчихсон учраас ажлаа зохицуулах хэрэг гарсан.
Нөгөөтэйгүүр миний хувьд энэ талын ямар ч туршлагагүй тул өмнө нь ийм ажил хийж байсан хүмүүсийг хайж эхэлсэн. Тэгээд бодоод байсан чинь манай гэр бүлийн Болдсайхан, Ундраа хоёр найз зав чөлөө, боломжоороо тааруу амьдралтай хүүхдүүдэд бэлэг сэлт өгөх ажил хийдгийг нь санасан. Тэдэнтэй уулзахаар их гоё зүйлс ярина. Ингэж хүүхэд баярлуулаад, тэгж хүмүүст туслаад гээд л.
Тэд маань их олон жил хүмүүнлэгийн ажил хийж байгаа. Тэд л Улаанчулуутын хогийн цэг дээр эцэг, эхийгээ дагаж ажил хийдэг их олон хүүхэд байдаг. Тэд бүгд сургууль завсардчихсан хүүхдүүд байдаг. Гэхдээ тэдний дунд сурах хүсэлтэй хүүхдүүд их бий. Мөрөөдлийнхөө тухай ярьдаг хэрнээ түүнийгээ хэзээ ч биелэхгүй гэдгийг мэддэг болчихсон хүүхдүүд тэнд байгаа гэж ярьсан. Тэгээд тийшээ очихоор шийдсэн.
-Хогийн цэг дээр явж очоод л шууд тэдэнтэй уулзана гэдэг хэцүү. Тэдэнтэй яаж холбогдсон бэ?
-Тэдэнд яаж хүрэх вэ, яаж тэдэнтэй холбогдох вэ гэдгийг судалсан. Гэтэл төрийн бус харилцааны байгууллага удирддаг Баасандорж гэдэг залуугийн талаар олж мэдсэн. Тэр залуугийн тухайд найман жилийн турш Улаанчулуутын хог дээр байгаа хүмүүст хувцас хэрэглэл, хоол унд өгч ирсэн юм билээ. Ингэхдээ элдэв байгууллагууд болон хувь хүмүүсээс хандив, тусламж авч, гуйж, түүж яваад л хийдэг байсан юм билээ. Заримдаа өөрөөсөө хүртэл мөнгө гаргаад хоол унд аваачиж өгдөг байсан гэсэн.
Тэр ертөнц рүү чинь хэр баргийн хүн зүгээр нэг нэвтэрчихгүй. Өөдөөс чинь ална, шудна биднээр яах гээд байна гээд босоод ирнэ. Намайг анх очиход хүртэл тэгж байсан. Гэхдээ тэд Баасандоржыг л оруулдаг. Учир нь Бааска тэдэнд хоол өгч, хувасладаг учраас бүгд мэдэж байгаа хэрэг. Ингэж бид Бааскагаар дамжуулж байж тэдэнтэй холбогдож, ярилцаж үзсэн.
Гэтэл тэд хүмүүс ирээд бид нараар шоу хийчихээд л алга болчихдог. Түүнээс биш бидний төлөө юу хийсэн юм гэж байсан. Тэр үед би “Би бол нэг их юм хийж чадахгүй. Би нэг ийм аянд оролцож байгаа юм. Надад нэг ийм боломж байна аа” гэдгийг л хэлсэн. Энэ ажил маань ямар нэгэн хариуцагчтай байх учиртай тиймээс би Бааскаг түшиглэж хийсэн. Энэ ажил маань үр өгөөжтэйн дээр үлдэцтэй байх ёстой.
Түүний хувьд ёстой л хүний төлөө төрчихсөн хүн. Өөрөө хайраар, итгэлээр маш их дутагдаж өссөн учраас тийм хүмүүст туслаад ганц нэгийг нь ч гэсэн зөв зам руу оруулчих юм сан гээд анх очихдоо зодуулж, нүдүүлээд явдаг байсан юм билээ.Сүүлдээ нөгөөдүүл нь ойлгоод өдийг хүртэл тэдэндээ туслаад явж байгаа. Харин сүүлд тэнд “Нарны цэцэрлэг” гэж цэцэрлэг байгуулчихсан байна лээ. Тэгэхээр чинь надад бас итгэл төрнө шүү дээ. Зүгээр л нэг яриад явахгүйгээр хийсэн байна шүү дээ.
Ингээд би түүнд юугаар туслах вэ гэсэн чинь “Сургалтын төв байгуулмаар байна” гэсэн. Сургуулиасаа завсардсан энэ олон хүүхдүүдийн ганц нэгд нь ч болтугай хичээл заагаад өгчих юм сан. Англи хэл, солонгос хэл, компьютер заагаад өгье гэсэн багш нар байна аа Одноо эгч ээ гэсэн.Тэгэхдээ тэр надаас байшин барьж өгөөч гэж гуйгаагүй. Хоёр гурван гэртэй л болмоор байна гэж хэлсэн.
-Уг нь гэр хүссэн юм байна шүү дээ. Гэтэл та байшин бариад өгчихсөн.
-Өөдөөс гэртэй болмоор байна гэхээр би чинь баярлачихаж байгаа юм чинь. Шуналгүй хүн гэдэг сайхан шүү дээ шууд л мэдрэгдэж байгаа юм. Тиймээс би Бааскад зургаан сар ажиллах зардлыг нь өгье чи цаашид өөрөө аваад явж чадах уу гэхэд чадна гэсэн. Гэхдээ гэр гээд бодохоор их хэцүү байсан. Шороо тоос, цас бороонд элэгдэж хорогдохоос авхуулаад түлээ, нүүрс гээд л арчилгаа ихтэй.
Тиймээс байшин барьсан нь дээр юм байна гэж үзээд тэр байшинг бариулсан. Хашааны тухайд ер нь төмөр хашаа хийлгэж байсан хүмүүс үнэ ханшийг нь мэднэ. Гэтэл тэр хашааг бид хамгийн хямдаар тун боломжын чанартай хашаа хийлгэсэн. Гэхдээ бид хүмүүсээр үнэгүй юм хийлгээгүй шүү. Хямд хэрнээ чанартай гэдэг нь л тэдгээр залуусын барьж буй бэлэг шүү дээ.
Тэр мөнгөнд төмөр хашаа, 60 гаруй орчим м2 байшингаас гадна газар нь орж байгаа. Тал газрыг нь худалдаж авсан. Гэтэл өнөөдөр газар ямар үнэтэй байгаа билээ дээ. Мөн зургаан сарын турш ажиллах хоёр хүний цалинг төсөвтөө оруулж өгсөн. Тэнд чинь үйл ажиллагааг нь хариуцаад байнга ажиллах нэг хүн байх шаардлагатай шүү дээ. Тэр хүн маань нярав, нягтлангаа хийгээд ерөнхий үйл ажиллагаагаа хийгээд явах юм.
Энэ бүх ажлыг нэг хүнээр хийлгэхгүй бол бидэнд өөр мөнгө байхгүй шүү дээ. Харин нөгөө нэг хүн нь манаач. Тэр газраа харуултай болгохгүй бол бас болохгүй. Тиймээс бид манаач хийх нэг айлыг хашаанд нь буулгачихсан байгаа. Ингээд хоёр хүний цалинг зургаан сараар нь бодож төсөвтөө суулгасан. Мөн ширээ сандал гээд өөр олон зүйл бий.
-Зарим хүмүүс таныг Мобикомын 80 саяас гадна илүү мөнгө олсон, энэ төслөөр мөнгө хийлээ гэж яриад байгаа. Та үүнд юу хэлэх вэ?
-Хүмүүс магадгүй нэг их олон сая төгрөг ороод ирчихсэн гэж ойлгоод байх шиг байна. Өнөөдөр нэг ч төгрөг орж ирээгүй. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Нямбаатар гээд залуу нэг сая төгрөгийг нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1 хүртэл ажиллах багш нарын ирж очих унааны хөлсөнд хандивлаарай гээд түмний нүдэн дээр өгсөн. Харин үүнийг нь манай сургалтын төвийг хариуцаж байгаа Б.Цолмон гээд бүсгүй гарын үсэг зуруулаад очих газарт нь аваачсан. Түүнээс биш өөр мөнгөний асуудал байхгүй.
Бусад хүмүүсийн тухайд дэвтэр, ном, бал зэргийг хандивлаж байгаа. Харин “Сандей” плаза худалдааны төвд юм зардаг нэг залуу хүүхдийн 200 ширхэг эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас өгсөн. Ер нь ажиглаад байхад дундаж амьдралтай хүмүүс л туслахыг их хүсдэг юм байна. Тэд нөхцөл байдал ямар байгааг мэддэг болохоор илүү их тусалдаг байх. Бас юу ч үгүй мөртлөө туслахыг хүссэн хүмүүс байна.
-Долоо хоногт хоёрхон удаа хичээллээд бусад үед нь цоожтой байна ер нь ажиллаж байгаа юм уу гэсэн шүүмж их байна. Уг нь ажиллаж байгаа биздээ?
-Одоогоор долоо хоногт хоёр өдөр хичээллэж байгаа гэсэн. Би бол өдөр бүр очиж шалгадаг гэж худлаа хэлэхгүй. Яагаад гэвэл би өөрөө өчнөөн ажилтай байгаа. Ер нь ч манай хэд ажлаа сайн хийж байгаа гэдэгт нь итгэж байгаа. Одоо нэгдүгээр сарын 1-нээс эхлээд үйл ажиллагаа маань албан ёсоор эхлэх юм. Одоогоор хоцрогдсон хүүхдүүдэд цагаар ерөнхий эрдмийн хичээл орж байгаа.
Саяхан нэг сайт дээр бизнес хийх гэлээ гээд бичсэн байна лээ. Энэ бол бизнес биш. 80 сая төгрөгийг И.Одончимэгт хувьд нь өгчихсөн юм биш. Төрийн бус байгууллагын данс руу тэр мөнгө нь шилжээд орчихсон. Надад авсан нэг ширхэг ч зүйл байхгүй. Харин тэр төрийн бус байгууллагаасаа манай хоёр хүн юу авсан бэ гэдгээ баримт бичиг, падантайгаар надад харуулдаг.
Би чинь эргээд паданаараа 80 сая төгрөгөөрөө бид ийм зүйл хийлээ гэдгээ шалгуулна шүү дээ. Хүний мөнгө авчихаад юу хийсэн нь мэдэгдэхгүй алга болгочихно гэж байхгүй. Түүнээс биш 80 саяас гадна өөр ямар нэг мөнгө орж ирээгүй. Нямбаатар дарга л сая төгрөг хандивласан. Ер нь Сонгинохайрхан дүүрэгт амжиргааны түвшин доогуур айл өрхүүд маш их байдаг юм билээ.
-Сургалтын төв байрлаж байгаа газрын хэсгийн байцаагч гээд нэг хүн таныг надтай ирж уулзаагүй гээд л их бухимдангүй зүйл ярьсан байна лээ.
-Харин тэр хорооны хэсгийн ахлагч гэдэг хүний тухайд би тэр хүнтэй очиж уулзах шаардлага байхгүй шүү дээ. Би ер нь юу боллоо гэж түүн дээр очиж би ийм ажил хийж байгаа шүү гэж тайлагнах ёстой юм. Магадгүй тэр эмэгтэй өөрийнхөө хариуцаж буй газар нутагт ийм газар байгуулагдаж байхад харин ч баярлах хэрэгтэй. Ажиллуулж буй хүмүүсээс нь хүн ийм зүйл байгуулаад өгч байхад ажлаа сайн хий гээд шаардах хэрэгтэй.
Түүнээс биш надад ямар ч ашиг байхгүй шүү дээ. Би өөрөө нялх хүүхэдтэй байж шөнө гурав, дөрөвхөн цаг унтаад л бүхнийг амжуулах гэж гүйж яваад мэдэрлийн ядаргаанд л орж байгаа болохоос надад ямар ч ашиггүй шүү дээ. Гэхдээ надад гутраад байх зүйл алга. Юм хийж байгаа хүнд угаасаа эсрэг зүйл гарч ирж л байдаг. Ер нь олны танил хүнд найз нөхөд ч байдаг дайсан ч байдаг л байхгүй юу.
Мэдээж надад дургүй хүмүүсийн бичиж байгаа л явуулага байх. Харин маш олон хүмүүс Мобиком их зөв зүйл хийлээ. Одноо зөв зүйл хийлээ гэдгийг хэлж л байна. Ер нь бол Улаанчулуутын хогийн цэг гэдэг чинь хаягдчихсан хэсэг шүү дээ. Тэдний яаж амьдардгийг хэн ч мэдэхгүй. Өөрсдөө очоод хажууд нь байвал удаан зогсож ч чадахгүй л байх.
-Одоогоор хэдэн сурагчтай болсон бэ. Хүүхдүүдийн хандлага хэр байна вэ?
-Одоогоор 50 хүүхэд бүртгүүлсэн түүний 30 орчим нь хичээлдээ сууж байгаа гэсэн. Гэхдээ тэднийг нэг дор 30-ууланг нь байлгана гэдэг төвөгтэй. Учир нь тэд бусад хүүхдүүд шиг томоотой суугаад хичээлээ хийхгүй. Гарч орно, багш нарынхаа өөдөөс хэдэрлэнэ асуудал их шүү дээ. Жирийн хүүхдүүдэд үг хэлэхээр яадаг билээ. Гэтэл тэд чинь дураараа улс шүү дээ. Дуртай үедээ ороод л дургүй үедээ гарна.
Насны хувьд янз бүрийн насныхан байгаа. Насны түвшин нь харьцангуй байхаас ч өөр аргагүй. Тавдугаар ангийн боловсрол эзэмших ёстой 30 хүүхэд, наймдугаар ангид суух 10 хүүхэд гэх боломжгүй шүү дээ. Гэхдээ тэр 40 хэдэн настай гэдэг бол худлаа шүү дээ. Юу гэж тийм зүйл байхав дээ. Дээрээс нь тэр хүүхдүүд бүгд очиж хичээлд сууя гэж бүртгүүлэхгүй.
Сурвал яах бол гэж бодсон хэд нь л ирж байгаа. Магадгүй үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр өдөрт өгдөг боов, боорцогт нь болоод хүүхэд ирэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ. Би уг нь арванхоёрдугаар сарын 4-нд энэ ажлаа хүлээлгээд өгчихсөн. Одоо өөрийнхөө ажлыг хийгээд явмаар байна. Гэхдээ ямар нэг хэлбэрээр тэдэнтэй зүрх сэтгэлээрээ холбогдоод хамтдаа хийсэн болохоор хаяж чадахгүй байна.
Арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш над руу хүмүүс залгаад “Одноо нөгөө хэдэн хүүхдэд чинь ном өгье. Манай компани хоол өгье” гэвэл очоод авчих юмсан. Аваачаад өгөх юмсан гээд л явж байна.Хаяж болохгүй ийм л ажилтай сууна даа.
-Сургалтын хөтөлбөрийн талаар?
-Тэр талаар яг үнэнийг хэлэхэд би сайн мэдэхгүй байна аа. Хариуцаж байгаа Б.Цолмон, Бааска хоёр маань энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих байх. Багш нар нь ч бас их зүйл хэлэх байх. Одоо үйл ажиллагаа нь албан ёсоор эхлэхээр сайн болох байх. Одоогоор хүүхдүүдээ арай гэж цуглуулаад хичээлээ эхлэх гэхээр зарим нь гараад явчихдаг гэсэн. Ийм л зовлонтой хэцүү ажил хийж байна.
Багш нар жаахан шаардлага тавихад нь гараад явчихдаг гэж байна лээ. Бааска маань “Би маш хэцүү ажил хийж байгаагаа мэднэ ээ. Гэхдээ энэ олон хүүхдээс ядаж ганц хоёрынх нь тархинд өөрчлөлт хийчих юмсан. Хэцүү амьдрал туулсан ч өөрчлөгдөх ёстой гэж боддог над шиг хүүхэд байж л байгаа” гэдэг юм. Нөхцөл байдлаа мэдэж байна шүү дээ тэр хүн. Түүнээс биш тэнд очиж хичээл заах багш нар ч ховор шүү дээ.
Би одоо үйл ажиллагаа эхлэхээр очоод үйл ажиллагаатай нь танилцаад багш, сурагчидтайгаа яриа хийе гэж бодож байгаа. Зөвхөн тэр сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүд биш тэнд байгаа хүмүүсийн дунд орох сонирхолтой хүмүүс байна уу, тэд энэ талаар юу бодож байна гээд асуух зүйл их байна.
Магадгүй хэн нэг олны танил, хүмүүсийн үлгэр дууриал авдаг хүнээр лекц хийлгэж ч болох юм. Гэхдээ яг цагаа тулахаар тэдэнтэй орооцолдох дуртай хүн байдаггүй юм билээ. Ихэнх нь лай ланчиг гэж үздэг. Яршиг шүү дээ, их хэцүү, үр дүн гарах ч юм уу, үгүй ч юм уу гэж дандаа буруу талаас нь харж ярьдаг. Өнөөдөр л гэхэд гийгүүлэх гээд байгаа юм уу шал дэмий юманд гүйх юм гэж л байна. Хүмүүс чи зүгээр л ажлаа хийгээд явж байсан бол ийм болохгүй шүү дээ гэж байх жишээтэй.
Яг нарийндаа бол ганц нэг хүнд зориулж юм хийж өгсөнөөс хамаагүй илүү болов уу л гэж энэ ажлыг хийсэн. Буруудаагүй байх л гэж бодож байна шүү дээ. Үүний үр дүн өнөө маргаашдаа, эсвэл хоёр гурван жилийн дараа биш юм аа гэхэд магадгүй олон жилийн дараа ч гарч болно. Бааска маань ч гэсэн “Эгч ээ энэ ажлын үр дүн өнөө маргаашдаа гарах зүйл биш шүү. Олон жилийн дараа хэн нэгэн Бааска ахаа таны хийсэн тэр зүйл миний амьдралд ингэж нөлөөлсөн шүү гээд гараад ирэх ч юм билүү” гэдэг.
Тийм зүйлээр сэтгэлээ зогоож хүний төлөө амьдардаг хүн байхад. Хүний хийснийг хараад хэл амаа билүүдэж суудаг хүмүүс байх л юм. Түүнээс биш ашиг харж, өнөө маргаашийн хонжоо, алдар хүндийн төлөө тэр залуу ажиллаагүй. Би тийм л хүнд туслая гэж бодсон.
Сургалтын төвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон: Бид сурах хүсэлтэй хүмүүсийг нас зааж, авахгүй гэж буцаахгүй
Ингээд жүжигчин И.Одончимэгээс хэлснээр тус сургалтын төвийн үйл ажиллагааг гардан хийж буй Б.Цолмонтой утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.
–Үйл ажиллагаа нь албан ёсоор ирэх сард эхэлнэ гэж дуулсан. Одоогоор хэдэн хүүхэдтэй хичээллэж байна вэ?
-Манай үйл ажиллагаа ирэх нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Одоогоор сургууль завсардсан хүүхдүүдэд долоо хоногийн хоёр өдөр буюу даваа, баасан гарагт ерөнхий эрдмийн хичээл орж байгаа. Цаашид үлдсэн өдрүүдэд шатар, даам, компьютерийн дугуйлан ажиллуулж, сурах хүсэлтэй хүүхдүүдэд зааж өгөхөөр ажиллаж байна.
-Багш нарын тухайд?
-Багш нарын хувьд сургууль завсардалтыг нөхөх мэргэжлийн хүмүүс байгаа. Дөрвөн хүнтэй багш нарын баг ажиллаж байгаа. Тэд өөрсдөө хүүхдүүдээ бүртгээд 50-аад сурагчтай болсон. Одоогоор сурагчдын маань 30 орчим нь ирж байна. Хүүхдүүдийн тухайд бусад сургуулийн сурагчидаас “өөр” учраас багш нарт бага зэрэг хүндрэл учирч байна. Гэхдээ манай багш нар аль болох зааж, сургах, туслах үүднээс ажиллаж байгаа.
-Хүүхдүүдийн насны хувьд тогтоосон хэмжээ бий юу. Эсвэл нас хамаагүй юу?
-Насны тухайд гэвэл багш нар маань 14-өөс дээш насны хүүхдүүд гээд байгаа. Гэхдээ бид сурах хүсэлтэй хүмүүсийг авахгүй гэж буцаахгүй. Ер нь сурч боловсроход хэзээ ч оройтдоггүй гэдэг шүү дээ. Нэмж хэлэхэд зөвхөн энэ хогийн цэг дээр байгаа хүүхдүүд биш Сонгинохайрхан дүүргийн 24 болон 26 хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой.
М.Санчир Үндэстэн.мн