Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж буй энэ цаг мөчид Улсын филармонийн уран бүтээлчид шилдэг хөгжмийн тоглолт хийхээр болжээ.
Улсын филармониос шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж буй “Christmas night” концерт энэ сарын 20-нд 18:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Тус тоглолтонд филармонийн симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, джаз дуучин Н.Наагий, Ц.Хулан, П.Өнөржаргал, Т.Амина, Б.Солонго нар оролцох юм байна
Улсын филармони 2015 оноос бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан тус тоглолтыг үзэгчдэдээ толилуулахаас гадна Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдэд “Юнивишн”-ий IPTV-ийн 88-р сувгаар дуу, дүрсний өндөр чанартайгаар орчинд нь байгаа мэт шууд хүлээн авч үзэх боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ тоглолт онцлогтой юм байна. Тоглолтын хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар ажиллаж байгаа юм байна. Тэрбээр “Энэхүү тоглолт нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт та бидний танил болсон “The polar express suite”, “Ирониясудьбы или c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг шилдэг бүтээл эгшиглэнэ. Харин хоёр дахь хэсэгт дан джаз хөгжмийн тоглолтуудаар бэлэг барина. Шинэ жилийн хамгийн шилдэг, гайхалтай энэ тоглолтод томоохон бүтээлүүдийг анх удаа албан ёсны эрхтэйгээр тоглох гэж буй юм. Мэдээж тоглолт тайз засал талаасаа ч шинэ жилийн уур амьсгалыг танд бүрэн мэдрүүлэх болно. Манай тоглолтод саатаж шинэ жилийн сэтгэлд хоногшсон дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч үзэж, сонсохыг урьж байна” хэмээсэн юм.
Шинэ жилийн шилдэг хөгжмийн “Christmas night” тоглолтын тасалбарыг СТӨ-ний билетийн касс болон 1900-1617-р үнэгүй хүргэж буй бөгөөд ,www.easyticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтой аж. Мөн юнителийн хэрэглэгч бол GG картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр тасалбар авч болох гэнэ.
www.URLAG.mn