Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон. Уг хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандан “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан. Энэ бүхнийг цэгцлэх үүргийг та бүхэн хүлээж байна. Их хурлаас томилогдож байгаа та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байгаарай. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү дээ, ичмээр юм” хэмээн хэлсэн. УИХ-ын даргын хэлсэн үгийг МҮОНРТ-ийн уран бүтээлчид эсэргүүцэж хэвлэлийн хурал зарласан юм. Уншигч та бүхэнд МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн байр суурийг хүргэж байна.
МҮОНТ-ийн сэтгүүлч О.Отгонжаргал
-Бид юу хийдэг вэ. Бөглүү уулын мухарт байгаа айлд, төлийн дуу хангинасан малчны хотонд, тариалангийн талбайд, хилийн застав дээр, баяр ёслолын танхимд, аюулын гол цэг дээр гээд хаана ч бид байж л байдаг. Энэ зүйлсийг хийж чаддаг болохоор МҮОНТ цар хүрээ өндөр мэдээ, нэвтрүүлгийг олон нийтэд хүргэж чаддаг. Миний хувьд олон жил хөдөө орон нутгаар явлаа. Миний явсан газруудаар өөр телевизүүд очдог талаар би маш ховор сонсож байсан. Зөвхөн сайд, дарга нарыг дагасан сэтгүүлчид бусдын бэлтгэсэн “бэлэн” мэдээллийг л бэлтгэдэг болохоос бидэн шиг нарийн асуудал руу нь хутгалдаж, олон нийтэд мэдээлдэггүй юм шүү. Энүүгээр бид өнөөдөр бахархаж байна. Эцэст нь хэлэхэд, бидний яс хэзээ ч хугарахгүй, нэр минь хэзээ ч сэвтэхгүй. Та бидний үгийг хар “Пи-Ар”-аараа улам их өргөж өглөө. Бид маргаашнаас улам их урам зоригтойгоор ихийг хийж, танд хэн бэ гэдгээ харуулна. Энэ бол ичих зүйл биш.
МҮОНТ-ийн найруулагч Н.Байгал
-Би бол МҮОНРТ-ийн жирийн нэг уран бүтээлч, найруулагч хүн. Үнэхээр хариуцлагагүй, энэ олон жилийн түүхтэй хамт олныг басамжилж, жирийн үзэгчдийн дунд ингэж гутаан доромжилсонд уран бүтээлчийн хувьд маш эмзэглэж байна. Энд 700 хүнийг төлөөлөөд 100-хан хүн ажиллаад явчихдаг тийм албан байгууллага биш. 700 ажилтан тэр чигээрээ ганцхан телевизийн эфирийг хийгээд байгаа юм биш. Энд чинь радио, телевиз, хоёрдугаар суваг, вэб сайт, инженер техникийн албадууд, үйлчилгээний ажилчид гээд бүгд нийлж байж 700 хүн болдог юм. УИХ-ын дарга бас хулгайн киноны талаар ярьсан. Бид үнэндээ хулгайн кино гаргахаа байсан. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүд дундаас манай МҮОНТ шиг 90 гаруй хувиа өөрийн контентээр хийдэг телевиз үнэндээ байхгүй. Аль ч телевизийн, аль ч гадаадын нэвтрүүлгийг бид орчуулж гаргадаггүй. Тийм болохоор УИХ-ын дарга уран бүтээлчдээс уучлалт гуйх ёстой гэж үзэж байна.
МҮОНРТ-ийн сэтгүүлч Ц.Алтанцэцэг
-Үнэхээр их эмзэглэлээ. УИХ-ын дарга яагаад бүхэл бүтэн хамт олныг архичин гэж дуудаж, ажлыг нь мэдэхгүй байж орон даяар доромжилж үг хэлэв гэдэгт эмзэглэж байна. Энэ телевизэд ажиллаж байгаа 700 хүн бүгдээрээ архичин юм уу. Бид хоол ундаа умартан, амралтын ч цаггүй уран бүтээлээ туурвиж байгаа энгийн уран бүтээлч хүмүүс. Гэтэл биднийг архичин гэж дуудаж, аймшгийн газар гэж хэлж байгаад нь харамсаад хэлэх ч үг олдохгүй байна. Их хурлын дарга нь ийм бодолтой байхад бусад хүмүүс ямар бодолтой байх вэ. Мөн Үндэсний зөвлөлд ирж байгаа хүмүүст “Байнгын хороодтойгоо холбоотой ажиллаарай” гэж хэлж байна. Яагаад манайд ажиллахаар ирж байгаа зөвлөлийн гишүүд УИХ-ын байнгын хороодын үгийг сонсож, тэдний үгээр ажиллах ёстой юм бэ. Тэр хүмүүс Олон нийтийн телевизийн хуулиа биелүүлж, үйл ажиллагаа явуулах гэж ирэх ёстой байтал УИХ-ын гишүүдийн үгийг дагах ёстой юм байна л даа.
МН2 телевизийн редактор Д.Норов
–Монголын үндэсний олон нийтийн телевиз 1990-ээд онд ямар хэцүү байсныг би мэднэ. Манай ажилчид гурван сар цалингаа авахгүй ажиллаж байхдаа зарим хүмүүс нэгэнт бид амьдралын төлөө зүтгэж байж ингэж ажиллах ёсгүй гээд эфирийг зогсоох тухай санал тавьж байсныг би санаж байна. Гэтэл хэн нь ч зогсооё гэж бодоогүй ажлаа хийж байсан юм. МҮОНРТ гэдэг бол Монголын хэвлэл мэдээллийн ноён нуруу нь байгаа юм. Үндэсний телевизээр мэдээлсэн, нэвтрүүлэгт орсон хүний үгэнд ард түмэн үнэмшдэг. Энэ ноён нурууг нь өнөөдөр УИХ-ын дарга өөрийнхөө индэр дээрээс хугаллаа гэж бодож байна. Ингэж болохгүй байх. Биднийг хулгайч, архичин гэж дуудаж байгаа нь бодлоготой хэлсэн үг биз. Гэвч бидний юу хийж, яаж ажиллаж байгааг ард түмэн мэдэх учраас энэ үгийг Монголын ард түмэнд хүргэж байна. Биднийг хаана очиж ажиллаж байдгийг ард түмэн мэднэ.
МҮОНТ-ийн Утга зохиолын нарийн бичгийн дарга М.Эрдэнэбат
-Үзэгчийн, уран бүтээлчийн хувиар харж байхад хууль тогтоох байгууллагын гишүүд өөрсдөө энэ байгууллагыг Үндэсний олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдгийг ойлгоогүй юм байна. Дээрээс нь бидний бие даасан хараат бус байх гэдэг ойлголтууд төдийлөн итгэл үнэмшилтэй бус юм шиг харагдаж байна. Энэ байдлыг УИХ-ын гишүүд, дарга нар өөрсдөө батлаад хэлж байх шиг байна лээ. МҮОНРТ-ийг зүгээр л нэг мөнгөтэй хүний гарт байж байдаг хувийн телевиз мэт ойлгож байна. Хууль тогтоогчид өөрсдөө Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиа ойлгоогүй, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдгээ ойлгоогүй байгаад маш их харамсаж байна.
MN2 телевизийн Ерөнхий редактор Ж.Эрдэнэцогт
-Энэ яриаг сонссон. Нэг л зүйл бодогдлоо. Өнгөрсөн жил манай захирал, Үндэсний зөвлөлийн гишүүд тэргүүтэй хүмүүс техникийн шинэчлэл хийх зорилгоор төслөө гаргаж бэлдээд авсан. Тэр үед сайд байсан Н.Батбаяр төсвийг нь баталж өгөөгүй гэсэн. Хариуд нь та хараат бус олон нийтийн байгууллагыг дэмжээч гэдэг саналыг тавихад “Чи надаас хараат байгаа биз дээ” хэмээсэнявдал байдаг. Сая бол энэ зүйл боллоо. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үг хэлэхдээ “Эд нарт цочроо өгөх зорилгоор төсвийнх нь 50 хувийг танаж бодож өгсөн гэж байна лээ. Тэр төсвийг хасаж бодох эсэх өөр асуудал байх. Гэхдээ нөлөөлөл нь бидэнд байна шүү гэдгийг сая харуулсан явдал боллоо.
МҮОНРТ-ийн редактор Д.Бямбацэцэг
-Бидний хийдэг үйл ажиллагааны талаар ийм ойлголттой байдаг юм бол УИХ-ын гишүүд ажлын хэсэг байгуулаад ч хамаагүй бидний дунд ирж ажиллаад үзээч ээ. Хэн нь юу хийдгийг, яагаад 700 хүн ажиллах ажлын фронт энд байгаад байдгийг, яаж ажиллаад 700 хүн ажиллах шаардлага гардгийг ирж судлаад ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөөч ээ. Ард түмний тархийг тэр өндөр суудлаас угаана гэдэг бол их муухай санагдаж зүйл. Хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна.
МҮОНР-ийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга П.Нямлхагва
-Монголд онц ноцтой хэрэг болоход хувийн сувгуудыг нь хаагаад ганцхан Олон нийтийн радио, телевиз ард түмэнд мэдээлэл хүргэдэг. Үүнд нь ард түмэн итгэдэг. Монголын радиогоор явуулдаг "Шинэ сарын шинж", "Сарын хуучийн тэнгэр" гэдэг цаг агаарын нэвтрүүлгийг ард түмэн хүлээж байж сонсдог. Тэрэнд итгэдэг. Тэр итгэлийг нь үгүй хийж байна.
МҮОНТ-ийн редактор Ж.Сарантуяа
-Би МҮОНРТ-д 30 гаруй жил ажилласан жирийн уран бүтээлч хүн. Өнөөдөр энэ хүний хэн бэ гэдгийг олж харлаа. Ийм юм яриад сууж байгаа хүн бидний толгой дээр нэг биш нэг хэсэг байгаад харамсаж байна. Олон нийтийн телевизийн ажилчдыг амны зоргоор доромжилж суугаа хүнийг шүүхэд өгч, бид нэр төрөө сэргээлгэнэ. Энэ бол зүгээр хэдэн хүн цугласан газар биш, тусдаа хуультай байдаг юм. Хэрэв хүн болоод байгууллагыг үг хэлээр доромжилсон тохиолдолд зүйл ангитай, зохих шийтгэлтэй. Бид хамт олноороо үүний хариултыг авна. Тэр хүн ухаантай, ухамсартай бол манай телевиз дээр ирж уучлалт гуйна гэж найдаж байна.