Майн дахь Франкфуртын нисэх онгоцны буудал неон гэрлээр солонгорон, бараг тасралтгүй нисэж буух онгоцнуудын хүрхрэх дуунд агаар доргилон байв. Бидний суусан <Ил -62> номхорсон морь шиг алгуурхан урхирсаар буудлын их дугарагаас салаалсан хонгилуудын нэгний амсарт ирж зогсоход олон зорчигч мөнөөхөн хонгилоор явж уужим саруул танхимд орцгоов.
Би Москвагаас энэ хүртэл нисэх гурван цагийн турш суудал зэрэгцсэн нэгэн эмэгтэйн хамт нэлээд сүүлхнээр явж оров. Надтай суудал зэрэгцсэн Нина Алексеевна бол гадаадтай ангийн үс худалдаалдаг байгууллагын ажилтан бөгөөд манайд ч бас наймааны ажлаар ирж байсан удаатай тул танимхайралцан энэ тэрийг хүүрнэж, Шерметьевийн буудлаас миний авч гарсан шампан дарсыг хуваан ууж, нэг мэдэхдээ Европын хагасыг ардаа орхижээ. Нина Алексеевна бол хижээл нас руугаа орсон гэвч, гоо сайхнаа хадгалж чадсанаас гадна очир алмас шигтгээтэй ээмэг бөгж, хүзүүний чимэг тэргүүтэн зүүж, маш дэгжин хувцасласан зэргээрээ хажууд нь сууж, хүүрнэлдэн явахад бас ч сонин байлаа. Тэрээр наймааны ажлаар Амстердам хот орж яваа бөгөөд монголын ангийн үс, эрдэнийн чулуу зэрэг гоёл чимэглэлийн зүйлүүдийн тухай яриа үүсэхэд,
Хөрөнгөтнүүд биднийг гоёх чимэх юмгүй гэж доор үзэх гээд байдаг. Гэтэл тийм биш. Жишээ нь жирийн нэг албан хаагч би Елезавета Тейлортой адил сая долларын очир алмас зүүхгүй ч гэсэн барууныханд гологдохгүйгээр мэдэж байна. Би бас тэдэнтэй нэг их алдаагүй наймаа хийчихэж чадна гэж гэх зэргээр ярьсан нь надад таашаалтай санагдсан. Нина Алексеевна салах ёс гүйцэтгээд Амстердамын онгоцны пиу бүртгүүлэхээр өөр танхим руу явлаа. Би замын танилаасаа арга буюу салж Гавана хүртэл зорчигчдын дунд ганцаардангуй байв. Сэтгүүлч хүнд ийм ганцаардангуй байдал тун ч тааламжгүй нь мэдээж. Үүний зэрэгцээ энх тайвны чуулганд сурвалжлагчаар явж байгаа хүн замын эхнээс л хүмүүстэй танилцахаас дээр юмгүй. Тийнхүү олон зорчигч өндөр түшлэгтэй улаан сандал, хар гантигийн өнгөөр гялтганасан явган ширээнүүд дүгэрэглүүэн тавьсан хагас дугуй танхимд орж суух нь суун, ихэнх нь мөнөөхөн хагас дугуйн эсрэг талыг тууш эзэлсэн ууш, зуушны лангуунд очицгоож унд ус, пиво дарс тэргүүтэн авч түр тухалцгаав. Би ч гэсэн ганц лонх бавар пиво аваад зорчигчдыг ажиглан суув. Танил царай ердөө хоёрхны нэг нь,мөн очир алмастай загалмай зүүж, ур хар хувцас өмссөн орос хар лам Пиймен, Чилийн коммунист намын нэрт зүтгэлтэн, зохиолч Володя Тотелбойм нар ажээ. Хориодхон минутын дараа Африк тивийн зүг нисэх цаг болж байтал буудлын радиогоор эвлэгхэн зөөлөн дуутай бүсгүй газрын дундад тэнгис дээр цахилгаантай аадар орж байгаа учир нислэгийг нэг цагаар хойшлуулсны учир уучлал гуйв. Зорчигчид ч нэг зэрэг шүүрс алдацгаагаад зуушны лангуу руу дөхөцгөөлөө. Би дахин нэг лонх аваад эргэн суулаа. Баруун Германы алдартай хотуудын нэг болох Майн дахь Франкфуртад ийнхүү саатах болж. Харин шинэ танил Нина Алексеевна авгай зорьсон газар Амстердамдаа бууж байгаа биз. Энэ удаа миний дэргэд өөр нэг хижээлдүү хүүхэн суужээ. Дэгжинээр долгиотуулан самнасан хар үстэй, түргэн түргэн гэрэл цацалсан урсгал ногоон нүдтэй, цайвар царайтай, үл мэдэг үрчлээ тогтсон өргөн духтай, хүрэн будгаар будсан нимгэн уруултай зэрэг нь сайхан гэмээр биш атал нэг л аятайхан зохицолтой ажээ. Тэрээр цагаан толгойтой боловч залуу төрхтэй нэгэн өндөр хижээл эртэй испани хэлээр ярилцана. Эхнэр нөхөр хоёр уу даа гэж би бодож суулаа. Гэтэл би яагаад ч юм хүүхнийг нэг л сайн харж авмаар санагдана. Испани хүүхнүүдийг төдий л олон удаа үзээгүй болоод сониуч зан хөдөлсөн яасныг бүү мэд. <Изабелла алтарсан улаан үстэйсэн > гэж би дурсан бодов. Тэгтэл бас <Хар үстэй мөртөө ногоон нүдтэй байж таарахгүй. Шаргал үстэй хүүхнүүд л ногоон нүдтэй байдаг шүү дээ. Изабелла одоо хаа явдаг бол. Далайн усны өнгөтэй ногоон нүдтэйсэн. Яг л энэ хүүхнийх шиг. Тэр зуны сүүлчээр Балтийн тэнгисийн ус тийм нэг янзын зөөлөн ногоон өнгөтэй байсансан. Тэр зун Изабелла бид хоёр Ростокийн ойролцоо амралт зугаалгын хот Варнемюндэд танилцсанаас хойш хорин зургаан жил өнгөрсөн байх юм. Одоо уулзвал бие биенээ таних болов уу яах бол??>
Ийнхүү санаашран суутал өнөөх цагаан толгойтой өндөр хүн босож зуушны лангуу тийш хэд алхснаа эргэж зогсоод,
Изабелла хоёул улаан дарс авч уух уу? гэхэд хүүхэн
Тэгье, Португалийн улаанаас нэгийг аваад ир! гэв.
Изабелла гэдэг нэрийг сонсоод би өөрийн эрхгүй өндөсхийн хүүхнийг ширтэв. Хар үстэй мөртөө ногоон нүдтэй. Биш дээ. Миний Изабелла бол улаан шаргал үстэй, ногоон нүдтэй байх ёстой.
Яагаад ч юм хүүхнүүд үснийхээ өнгийг дураараа хувиргаж буддаг тухай би бодсонгүй. Тэр хүүхэн намайг ер ажрахгүй байлаа. Хэрвээ Изабелла мөн байдаг юм гэхэд би одоо болсон хойно, хорин зургаан жил өнгөрсөн хойно дахин уулзахаасаа айн цочих бололтой. Зүрх минь булгилан, нүдэнд оч бутрах мэт болов. Хорин зургаан жилийн өмнөх Изабеллад хайртай хэвээрээ би өнөөг хүрчээ. Варнемюндэд түүнтэй өнгөрүүлсэн өдрүүд миний амьдралын хамгийн жаргалтай өдрүүд болон дурсагдсаар өнөө хүрчээ. Би тэгэхэд хорин дөрөвхөн настай байсан. Европын хүүхнүүд оготор банзал өмсдөг байсан цаг шүү дээ. Изабелла яг хорин настай оготорхон банзалтай байжээ. Түргэн түргэн гэрэл цацалсан ногоон нүдтэйсэн. Яг л энэ хүүхнийх шиг. Би ер нь яаснаа ч сайн ухаарсангүй. Нэг л мэдэхэд хүүхний өмнө очиж зогсоод,
Та Изабелла биш биз ? Хорин зургаан жилийн өмнө намайг Дирдид гэж дуудаж байсан Изабелла арай биш биз? Би Монголоос явж байна гэв.
Чи Дирдид….Миний Монгол! Чи чинь мөн байна шүү дээ! гэж дуу алдаад хүзүүнд минь зүүгдчихлээ! Би яах ч учраа олохгүй дэмий л гараа мушгилан,
Изабелла!Изабелла минь ингэж уулзах гэж байхуу даа! Хорин зургаан жил өнгөрсөн байна шүү дээ! Хорин зургаан жил! Гэвч чи бид хоёр уулзах хувьтай байж дээ гэж үглэв. Мөнөөхөн цагаан толгойтой эр цүзгэр лонхтой улаан дарс барьж ирээд бид хоёрыг ихэд гайхан зогсов. Изабелла намайг хүзүүдсэн гараа сая тавьж хацар дээр минь шов хийтэл үнсээд нөхөртөө (би нөхөр нь гэж бодсон) испаниар юу болж байгаа тухай хэллээ. Өндөр буурал хүн гар барин мэндлэхэд Изабелла
Чилийн генерал Алехандро. Одоохондоо миний нөхөр болж яваа юм гэв.
Одоохондоо гэдгийг би ойлгохгүй байна гэхэд
Ойлгох хэрэггүй. Ялангуяа тэр талд ойлгох хэрэггүй гэхэд нь би бүдэг бадаг таамаглаж,
Чи тэгээд нутагтаа буцаж яваа юмуу ? гэхэд
Тийм очих хэрэгтэй болоод явж байна. Би ердөө хувираагүй шүү монгол найз минь гээд Изабелла хацар дээр минь дахин үнсэв. Ингээд бид гурав онгоц нисэхийг хүлээж португалийн улаан дарс уухаар сууцгаалаа.
Би 1958 оны зуны сүүлчээр Ардчилсан Германы хотуудаар бүтэн сар аялаад Варнемюндэд долоо хоног амрахаар очлоо. Их сургууль төгсөөд төвийн нэг сонинд ганцхан жил ажилласан залуу сэтгүүлч надад энэ бол үнэхээр азтай явдал байжээ. Варнемюнде бол Балтийн тэнгисийн торгон эрэг дээр барьсан голцуу хуучин хөрөнгөтөн баячуудын шилтгээн улаан ваар дээвэрт нэг хоёр давхар байшин бүхий багахан хот, далайн боомт юм. Би тэнгис рүү түрж орсон элсэн хошуун дээр барьсан нэг хөөрхөн, анир чимээгүй шилтгээн буудалд буулаа. Энэ буудалд надаас өөр хоёр гуравхан хүн буусны нэг нь Изабелла байлаа. Би түүнийг ирсэн даруйдаа ажигласан юм. Герман хүүхнүүдийн тэгш шулуухан хөл, оготор банзалд нэгэнт нүд дасан тул Изабеллагийн тэр байдал гол нь биш, харин мөнөөхөн алтарсан улаан шаргал үс, түргэн түргэн гэрэл цацалсан ногоон нүд нь ер бусын сонин сайхан санагдав. Би түүнтэй танилцах арга бодовч хэл ул муутай бүрэг амьтан ямар нэг тохиолыг хүлээхээс өөр арга байсангүй. Гэтэл миний аз болоход тэр тохиол ирэхийг удаан хүлээж хясагдсангүй. Надад үйлчилж явсан орчуулагч Роберт Ензен гуай говийн монголд Балтийн тэнгисийг үзүүлэх санаа сэдэж Данийн эрэг хүртэл хөлөг онгоцоор явах жуулчдын зугаалганд оролцуулахаар болов. Тийнхүү монголын их говийн хүү би амьдралдаа анх удаа тэнгисээр зорчих болов. Шөнө нь нойр хүрсэнгүй. Өглөө эрт Вернемюндийн боомтод очвол бидний зорчих хөлөг маань уг нь намар, өвөл, хойт тэнгист загас барьдаг боловч, зуны цагт жуулчдыг зугаацуулагч болгон хувиргасан сейнер гэгч багавтар онгоц ажээ. Тэр өдрийн зугаалгад ердөө л арваадхан хүн байсны нэг нь мөнөөхөн нэг буудлын хүүхэн маань байлаа. Өглөө нь салхигүй тогтуун Балтийн тэнгис нарны улбар гэрэлд номин өнгөөр цэлийн мэлтэгнэж, ус тэнгэрийн савсалган тодхоноор хярхаглан зурайна. Бидний суусан хөлөг онгоц тэрхүү усан тэнгэрийн цэнхэр хярхаг тийш хөвөн одлоо. Онгоцны хитгийг түшин зогсоход доор хөлгүй ногоон ус цэлэлзэвч, хүйтэн ногоон усыг өвчүүгээрээ зүсэн цахруулж, араасаа өргөсөн холдох мяралзаан зам ташуулах хөлөг онгоц тун найдвартай санагдавч тэнгисийн ёроолгүй гүн нь эрхбиш мэдрэгдэн тийнхүү хүйт оргих нь нэг л зэвүүн. Зугаацахаар гарсан цөөн хүн түшлэгтэй сүлжмэл бургасан сандал дээр нарлаж, ус пиво ууцгаан хүүрнэлдэнэ. Ензин гуай бил хоёр ч пиво авч тухлав. Харин өнөөх нэг буудлын хүүхэн маань ганцаарданг янзтай онгоцны хитгэ түшин улаан шаргал үсээ салхинд хийсгэн, тэнгисийн алсыг ширтэн зогсчээ. Тэрээр оготор банзлынхаа оронд гуя хонгыг нь тас барьсан, доогуураа өргөн ухаа шаргал даавуун өмд, богино ханцуйтай, битүү захтай улаан бор торгон цамц өмсчээ. Нэг л ер бусын гоолиг сайхан харагдана. Би жаахан пиво ууж халсандаа ч юмуу зориг гарган очиж,
Тантай танилцахыг зөвшөөрнө үү? Би Монголоос яваа сэтгүүлч байна гэхэд тэр ногоон нүдээрээ дулаан харж
Аа….Монгол….Монгол гэдэг чинь их холын орон. Би дуулсан. Түүхээс жаахан мэднэ. Сонин байна. Намайг Изабелла гэдэг гээд гар сунгахад би түүний халуу оргисон гарыг атгав. Ингээд бид амархан танилцлаа. Изабелла оросоор муухан ярьчихна. Англи, Францаар бол сайн ярьдаг гэнэ.
Как тебя зовут? гэж асуув
Дэндэв гэсэн чинь
Дирдид. О хорошо! гээд тас тас инээлээ. Тэгээд л би дорхноо Дэндэв биш Дирдид нэртэй болчих нь тэр.
Тэнгис дээр яг говийнх шиг гэв гэнэт салхи гардгийг хэн мэдлээ. Гурван цаг илүү явж Данийн эргийг сая хараад хөлөг маань эргэтэл умраас гэнэтхэн бөөн хар үүл уралдан ирж, ширүүн салхи хөдлөв. Сая болтол тайвнаа мяралзаж агсан тэнгис, салхи эрчээ авахын жаахан хүлээзнэснээ эхлээд ойр ойрхон цагаан сэрвээт долгиос хөөцөлдөн, даан их удалгүй манай говийн элсэн манхан шиг үелэн гүвэлзсэн их ногоон давалгаа онгоцыг сэрвээн дээрээ нэг өргөж, мөнөөхөн ёроолгүй гүн рүүгээ нэг шидлэн наадаж гарав. Гэтэл салхины хүч ердөө л балл орчим байгаа нь энэ ажээ. Хөлгийн ахмад радиогоор жуулчдыг тайвшруулан, салхины хүч долоон баллаас дээш гарахгүй учир айх юмгүй, харин далайн өвчнөөр өвдөгсөд доошоо бууж вандан дээр хэвтэх юмуу, жаахан хатуу архи уусан ч болно гэж хошигнов.
Тэнгис далайгаар амьдралдаа анх удаа аялан яваа би тэр далайн өвчин гэдгээс лав зайцахгүй гэж шийдээд авч явсан монгол архиа гарган Ензин гуай хоёул нэг нэг зууг татчихлаа. Харин Изабелла хатуу юм уухаас татгалзан царай нь амарханаа хувхай цайж, нүдээр нь нулимс гүйлгэнэв. Салхи улам ширүүсэн онгоцны өвчүүгээр зүсэгдсэн давалгааны сэрвээ тасран биднийг хөлөөс толгой хүртэл норгож эхлэв. Би аз болоход цүнхэндээ капрон цув авч гарсан учир Изабеллад түүнийгээ нөмөргөлөө. Хүүхэн хэд хий огиулаад миний өвөр дээр гулдайн ойчив. Би түүнийг өвөр дээрээ тэвэрч салхи, уснаас аль болохоо халхлан, басхүү мөр хүзүүг нь барилан өгөхөд нүдээ хааяа нээж миний өөдөөс их л таашаалтайгаар харж явлаа. Тийнхүү цаг хэртэй явсны дараа салхи мөн гэнэт намдсан ч гэлээ тэнгисийн мандал нэг хэсэгтээ тайвширсангүй. Мөнөөхөн онгоцны хамар даван цохих давалгаа уухилан уухилсаар аажим номхорч цагаан сэврээт түмэн долгис болохын алдад Варнемюнде хотын бараа харагдав. Гэвч Изабелла миний өвөр дээр нүд анин хэвтсээр.
Үдэш нь шилтгээн буудлынхаа багахан ресторанд хоол идэж суутал Изабелла оготор банзлаа өмсчихсөн орж ирээд шууд миний хажууд сууж, бид хоёр зөөлөн дарс нэг лонхыг хуваан уух завсар энэ тэрийг хүүрнэв. Изабелла уг нь өмнөт Америкийн Чили орны иргэн гэнэ. Аав нь Чилийн коммунист намын нэртэй зүтгэлтэн гучин зургаан онд Испанид ирж фашистуудын эсрэг тулалдаанд оролцоод нутаг буцжээ. Гэтэл гучин найман онд хэсэг нөхдийн хамт баривчлагдан гянданд хоригдсон бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн дуусаж энх цаг ирсэн хойно есөн жилийн дараа гяндангаас оргон гарч Европод иржээ. Одоо Вена хотод түр сууж буй. Арваад хоногийн өмнө охиноо нааш нь явуулаад өөрөө намынхаа нууц ажлаар Португали орсон гэнэ. Бүх амьдралаа ажилчин ангийн эрх ашгийн төлөө тэмцэлд ухралтгүй зориулаад ийнхүү тэнэмэл, нууцаар аж төрөх нь жирийн явдал болсон эцгээрээ охин нь илэрхий бахархана. Изабелла өөрөө хориодхон настай гэвч эцгийнхээ замаар орсон хүн болох нь илэрхий. Би түүнд Монголын тухай говь нутгийнхаа тухай ярьж өглөө. Изабелла намайг далайн хар шуургыг тэсвэрлэгч мэтээр сайшаан хөөргөж, Дирдид гэдэг нэр өгсөндөө их л олзуурхан монголчууд цөмөөрөө баатарлаг байх ёстой гэж тэр хэллээ. Гэтэл Изабеллаг хөнгөмсөг явдалтай бүсгүй гэхийн аргагүй. Оготор банзал өмсөж шулуун сайхан хөлөө ил гаргасандаа биш, мөнөөхөн өглөөний тэнгисийн усны өнгөт нүдэнд, хөдлөх аашлах зөөлөн бөгөөтөл сэргэлэн намбанд түүний сайхан нь байлаа.
Бид тэр үдшийг хөгжилтэй сайхан өнгөрүүлэв. Маргааш хоёулаа Росток хотоор зугаацна. Надад түр хөлсөлсөн машин бий гэж Изабелла хэлсэн юм. Буудлын гадна нэг хуучин Мерседес-бенц машин байсан нь Изабеллагийн машин санж. Тэр шөнө би тэнгис, Изабелла хоёрын тухай бодсоор бараг унтсангүй. Салхи исгэрч хүйтэн ногоон давалгаа хаялах тэнгис байгалийн сүр хүчний дээд байхад далайн өвчнөөр өвдөж, миний өвөр дээр шаргал үсээ намируулан хэвтсэн Изабелла гоо үзэсгэлэнгийн дээд болон дүрслэгдэнэ. Ер бусын бүхэн сайхан байдаггүй. Түүний хамт тэнгис, Изабелла аль аль нь миний хэзээнээс мэдэх жирийн үзэгдэл шиг санагдана. Жирийн бөгөөтөл гоо сайхан, сүр хүчний дээдийг би хаа хол Балтийн тэнгисийн хөвөөнд ирсний ачаар олж үзэв үү?
Маргааш нь бага үдийн алдад бид хоёр Росток хот орохоор хөдлөв. Изабелла өнөөх хуучин маягийн бөгөөд хуучирсан мерседес машинаа асааж, нарсан ойн дундах элстэй муруй тахир замаар салам зүтгүүлэн засмалд ороод зуун милийн хурдаар давхив. Тэр тэнгис дээр арчаагүйгээс биш газар дээр болохоор эрэлхэг хүүхэн юмсанж. Бид бараг л нүд ирмэхийн зуур Росток хүрч машинаа тавиад хотоор зугаацлаа. <Элефант> гэдэг зуушны газар үдийн хоол идээд буцаж ирэхэд тэнгис дээр нар шингэж байв. Энд бараг үргэлжийн шахуу умрын сэрүүн салхигүй, тэнгис маш тогтуун цэлийж, шингэх нарны улбар туяанд алслан одох хөлгүүд бас улбартан цайвалзана. Изабелла тэнгисийн хөвөөнд очъё гэлээ. Бид хоёр түүний аминчлаж авсан салхинаас хаах бүхээг дотор орж алслан одох хөлгүүдийг ширтэн суулаа. Бидний ярих сонирхох юм хомс болоогүй. Гэвч энэ удаа дуугүй сууна. Би Изабеллагийн биеийн дулааныг зайнаас мэдэрч <даанч хол нутгийн хүүхэн юм даа> гэж бодтол Изабелла нэг уртаар санаа алдаад намайг гэнэт хүзүүдэн цээжинд минь толгойгоо наагаад
Миний монгол найз! Дирдид минь юу бодож сууна? гэлээ. Би дэндүү холын хүүхэн гэж бодсоноо хэлэхийн оронд түүнийг өвөр дээрээ унагааж будгийн амтлаг үнэр ханхлуулсан уруулыг нь шимэн үнслээ. Изабелла хүзүүгээр минь тэврээд аяархан гиншинэ. Тэр үдшээс хойш бид хоёр холбоотой юм шиг байж, чухам юу эс ярьж, юуг эс мөрөөдсөн гэх вэ! Миний явах өдөр дохрноо хүрээд ирлээ. Варнемюндед тийнхүү долоо хоноод өглөө эрт Берлин тийш хөдлөх болов. Изабелла урд үдэш нь чамайг Росток хүртэл гаргаж өгнө гэсэн боловч өглөө болоход тэнгисийн хөвөөнд л салъя гэлээ. Тэр нь ч дээр биз! Бид хоёр биесээ хайрт минь! гэж хэлэхээсээ айж ичихгүй болжээ. Гэвч магадгүй дахин уулзахгүйгээр сална гэдгээ мэдэж байлаа.
Изабелла бид хоёр тэнгисийн хөвөөнд очлоо. Тэр алтан шаргал үсээ сэгсрээд тэнгисийн алсыг ширтэн зогсов. Гэрэлт ногоон нүднээс нь том том дусал нулимс мэлтэгнэн гарч хацар дээгүүр нь алгуурхан доошилно. Би биеэ хичнээн баривч тэссэнгүй мэгшив.
Яв даа миний найз. Бие биесээ мартахгүй юм шүү гээд Изабелла тэнгисийн хөвөөнд хоцорлоо.
Изабеллагийн дүр хорин зургаан жилийн турш бүдгэрэн бүдгэрэвч арилаагүй өдий хүрчээ. Майн дахь Франкфуртээс Гаванна хүртэлх нислэгийн урт замд бид хоёр өнгөрснийг дурсан, өнөөг хүүрнэвч барсангүй. Изабелла одоо аавтайгаа адилхан намын даалгавар биелүүлэхээр Чили эх орондоо нууцаар очиж яваа гэнэ. Ерөнхийлөгч Альенде алагдаж Пиночет толгойтой генералууд төрийн эргэлт гаргах үед аав нь сураггүй алга бологсдын тоонд орж Изабелла ээж, охин дүүгийн хамт Европод дүрвэн гарчээ. Одоо тэр Пиночетийн фашист дэглэмийн эсрэг тэмцлийг өрнүүлэх ажилд оролцохоор явж байна. Тэмцэлд амь хайргүй гэдгийн тухай Изабелла дурссангүй. Гэвч түүний зүсээ хувиргасан байдал, үг ярианы нь аясаас энэ эмэгтэй ард түмнийхээ төлөө чухамхүү амиа өргөхөөс буцахгүй гэдэг нь тодорхой. Хорин зургаан жилийн өмнө би ийм хүүхнийг хайрлаж явжээ гэж бодоход бахархмаар.
Изабелла бид хоёр Гаванна хотын нисэх онгоцны буудал дээр саллаа. Тэрээр хорин зургаан жилийн өмнө Варнемюндед салсантайгаа адилхан нэг том нулимс унагаад, хацар дээр минь үнсэж,a
Намайг дурсаж явдагт чинь баярлалаа. Амжилт хүсье гэхэд нь би
Изабелла минь Чили чамайг хүлээж байгаа. Венеремос!гэлээ.
Изабелла бид хоёр дахин уулзахгүй биз дээ.
www.URLAG.mn