“
"Ижил заяа”, “Ханийн жаргал”, “Ханьсах заяа” гээд олон сайхан уран бүтээлээрээ сонсогч олныхоо дунд хүндлэгдсэн Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нар манай “Редакцийн зочин” булангийн хойморт заларлаа.
-“Мартагдахгүй юмсан” тоглолтоо хийх гэж байна. Бэлтгэлээ хэр сайн базаасан бэ?
Д.Дуламсүрэн: -Бид уран бүтээлийнхээ тайлан тоглолтыг хийх гээд бэлтгэлээ базаагаад байна. 2013 оны тавдугаар сарын 30-нд эх үрсийн баярыг тохиолдуулан “Ижил заяа” нэртэй тоглолтоо олон түмэндээ хүргэсэн. Түүнээс хойш тоглолт хийгээгүй. Мөн цомог гаргах гэж байна. Энэхүү цомогт анх пянзанд бичүүлж байснаас эхлээд энэ цагт дуулж байгаа дуунуудаа нэгтгэсэн. Ятгын 13 утсыг бэлгэдэж, 13 дуу оруулахаар төлөвлөж байна.
С.Вандан: -Одоо гарах цомгийн маань гол онцлог нь дуулж байсан дуунуудаа дуулсан оноор нь эрэмбэлсэнд оршиж байгаа. Түүнээс бид хоёр 1974 онд анх дуулж байсан дуугаа одоо дуулахад тэр үеийнх шигээ байж чадахгүй, дуу хоолойны өнгө өөрчлөгдсөн байна. Ард түмэн бидний дууг ятга хөгжимгүйгээр төсөөлж чадахгүй л дээ. Бид хоёрын 40 жил дуулсан уран бүтээлээс шилэгдсэн 13 дуу цомогт багтсан болохоор чанартай бүтээл байх болно. Цомогт маань олны мэдэх “Ижил заяа”, “Тавилан”, “Ханьсах заяа” дуунуудаас гадна олон сайхан уран бүтээл багтсан.
-Дуулахаар авч буй шинэ уран бүтээлүүд дээрээ ямар шалгуур тавьж байна вэ?
Д.Дуламсүрэн: -Өөрсдөө сайн ярилцдаг. Бидний дуулах дууны үг, ая дан нь ард түмэнд хүрч чадахаар төгс төгөлдөр байх ёстой. Тэгээд тухайн дуучныхаа хоолойд тохирсон байвал тэр дуу ард түмэнд хүрнэ гэж бодоод л дуулдаг даа.
-Нэг гэр бүлийн хоёр уран бүтээлч ар гэрийнхээ ажлыг яаж амжуулдаг вэ?
С.Вандан: -Хүүхдүүд бага байхад хэцүү байсан. Одоо тэр үеийг бодвол арай амар болсон байна. Манайх гэдэг айл их өнөр өтгөн болжээ. Хоёр хүүхэдтэй байсан одоо арвуулаа болсон байна. Хүн амьдралын бэрхшээлийг бэрхшээл гэж тооцвол ажил хийх шаардлагагүй юм шиг санагддаг. Бид хамтдаа бүхнийг тэвчин даван туулсан.
-Яагаад заавал хослон дуулах болсон юм бэ?
Д.Дуламсүрэн: -Гэр бүл зохиосныхоо дараа хослон дуулах болсон. Анх С.Вандан маань цэргээс халагдаж ирээд Аймгийн соёлын ордонд ажиллаж байлаа. Бид тэнд учирч гал голомтоо бадраасан юм. Бидний л тавилан байж дээ.
-Хамгийн сүүлд хэзээ аялан тоглолт хийв. Тэр дундаа гэр бүлээрээ тоглолт зохион байгуулав уу?
Д.Дуламсүрэн: -Бид 40 гаруй жил аялан тоглолт хийжээ. Харин сүүлийн арван жил нэг их хол явалгүй нийслэлдээ болоод хоттой ойрхон зарим аймгуудаар явж тоглосон байна. Харин сумдын хувьд бол хоёр жилд нэг очъё гэх төлөвлөгөөтэй байдаг. Бид чинь ард түмнийхээ хайраар урам авч уран бүтээлээ туурвидаг хүмүүс шүү дээ. Тиймээс сонсогчидтойгоо ойр байхыг хичээдэг.
С.Вандан: -Саяхан аялан тоглолтоор яваад ирсэн нэг дуучин “Миний очсон суманд хамгийн сүүлд та хоёроос өөр дуучин очоогүй гэж байна лээ” гэж байсан. Гэхдээ сүүлийн үед залуу дуучид маань аялан тоглолт хийж байна. Энэ нь бахархалтай санагддаг. Гэхдээ тэдний заримд нь “Та нар Монголоо тойрлоо гээд 20-хон аймгаар ороод л ирдэг. Хэр баргийн хүн очимгүй алсад очиж тоглох хэрэгтэй” гэж би захидаг юм.
С.Вандан: Би хип хоп урсгалыг сонсдог
-Ингэхэд та хоёр залуу дуучдад хэр сургамж хайрлаж байна?
Д.Дуламсүрэн: -Дуучин бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Дуучид өөр өөрийнхөө л уран бүтээлээ дуулах ёстой. Цаг үе нь өөр болоод байна.
С.Вандан: -Одоогийн залуус их соёлтой болсон. Бид хоёрыг дуулчихаад тайзны ард ороод ирэхэд их хүндэлнэ. Би тэр хип хоп урсгалыг сонсдог юм. Урлаг гэдэг чинь хаашаа ч эргэж болно. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл шүү. Дуурийг нь сонсох хэрэгтэй, сонгодогийг нь ч бас сонсох хэрэгтэй.
-Та хоёр тайзан дээр байхдаа бие биетэйгээ сайн харьцаж дуулдаг. Гэтэл зарим хос дуучид хоёр тийшээ харж дуулчихаад буцаад орчихдог тохиолдол байдаг?
Д.Дуламсүрэн: -Ямар дуу дуулж байгаагаа ухаарч дуулах ёстой. Мөн нэг гэр бүлийн дуучид арай илүү бие биедээ дотно хандаж дуулдаг байж магадгүй. Биднийг залуу байхад ард түмэн мөн л тэгж хэлдэг байсан. Ер нь урлаг гэдэг бол хүнд дандаа сайн сайхныг мэдрүүлж байдаг. Яагаад вэ гэхээр биднийг хайрын тухай дуугаа дуулсны дараа муудалцсан хосууд хүртэл эвлэрдэг байсан юм шүү. Хамгийн чухал нь дуучин дуундаа орж дуулах ёстой.
С.Вандан: -Сэтгэлээсээ дуулсан дуу дүрстэй, дүрсгүй ч ард түмэнд хүрдэг. Жишээ нь, бидний дууг радиогоор сонссон бол нүдэнд нь харагдтал дуулах ёстой. Бид шинэ дууг уран бүтээл болгохын тулд дор хаяж зургаан сар бэлддэг. “Вансэмбэрүү цэцэг” дуу маань 40 гаруй жил дуулагдаж байна. Сэтгэлээсээ л дуулсан болохоор тэр байх даа.
-Та хоёр дуугаа захиалж дуулдаг уу?
Д.Дуламсүрэн: -Таалагдсан үгэндээ ая захиалж хийлгэх үе байсан. Гэхдээ бид олон дуунуудаас дандаа л сонгож дуулдаг. “Миний хоёр ээж” дуугаа бид хоёр сонгож дуулсан. Ер нь ямар ч үед хэлбэр хөөх хэрэггүй. Дууны үг гэдэг үнэнд ойрхон байвал зүгээр л дээ. Бидний үеийн дуунуудад хацар дээр нь үнсье ч гэж ордоггүй байлаа. Одоо бол өөр болжээ.
-Дуучид хоолойгоо даатгасан талаар их сонсогдох болж. Та хоёрын хувьд даатгуулсан уу?
Д.Дуламсүрэн: -Бид хоёр тийм юм мэддэггүй. Сонсож байсан. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тиймэрхүү зүйл байх ёстой л доо.
-Та хоёрыг хос дуучдын анхдагч гэж хэлж болох байх. Та хоёроос өөр олон жил дуулсан дуучид байдаг уу. Ер нь хосоор дуулахын золон, жаргал юу байдаг юм бол…?
С.Вандан: -Бэрхшээл их бий. Тэр бүхнийг туулаад л өдий зэрэгтэй явж байна. Цаашдаа ч туулна гэж бодож байгаа. Анх манай аймагт хос дуучид байсан юм билээ. Би кино концертыг нь үзсэн. Тэд жүжигчилсэн хэлбэрээр тоглодог байсан. Бид бол концерт чиглэлээрээ дагнасан юм. Би бас дуучин мөртлөө шүлэг бичдэг. Одоо гэр бүлийн хос дуучин их байна. Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг гэх мэт. Гэр бүлийн дуучид уран бүтээлдээ илүү анхаарч ярилцдаг юм шиг санагддаг юм.
Биднийг “Төв аймгийн брэнд” гэдэг болсон
-Та хоёрыг анх дуулж байх үед шинэ уран бүтээл хийх, тоглолт зохион байгуулахад хэр бэрхшээлтэй байв. Хүмүүст танигдахын тулд нэлээд хугацаа зарцуулсан байх?
Д.Дуламсүрэн: -Их бэрхшээлтэй байсан шүү. 1970-1990 онд МҮОНРТ-ээс гадна Оросын телевиз байсан. Тэр дундаа Монголын радиог хүмүүс их сонсоно. Радиогоор шинэ уран бүтээлүүдээ цацдаг байлаа. Хамгийн гол нь бид хоёр Монголынхоо өнцөг булан бүрт очиж тоглолтоо зохион байгуулсан. Тэр үеийн захиргааны шийдвэрээр бригадын төв дээр, уулын мухарт өвөлжиж байгаа малчны хотонд очиж дуулдаг байлаа. Намын төв хорооноос “Тэр уулын, тийм өвөлжөөнд өвгөн, хөгшин хоёр бий. Очиж тоглолтоо үзүүлчихээд ир” гэвэл очиж тоглох гээд л явна. Магадгүй тэр хоёр хөгшинд дуулж өгснөөрөө бид хоёр өнөөдөр хүмүүст танигдаж, “Зууны манлай” гэж хэлэгдэж байгаа байж болох юм. Өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн байна. Телевиз, фм-үүдийн тоо ч нэмэгдэж. Үүнийгээ дагаад шинэ уран бүтээлээ олонд хүргэхийн тулд мөнгөн эх үүсвэрийн талаарх асуудал гарч байгаа. Гэхдээ хэцүү гээд хойш суугаад байвал энэ урлагийн тогоонд орж, чанагдаж чадахгүй. Тэр бэрхшээл бүрийг давчихсан байхад цаана харагдаж байгаа уулын орой дээр гарах тун амархан болно доо.
С.Вандан: -Урлагийн бидэнд санхүүгийн бэрхшээл нэлээдгүй тохиолдоно. Гэхдээ хоосон хонохгүй, хоёр идэхгүй сэтгэлээсээ хандахад аяндаа л мөнгө ороод ирдэг юм. Бид уран бүтээлч болж төрсөн учраас ард түмэнд дуугаа хүргэх үүрэгтэй. Үүний төлөө л бүх амьдралаа зориулж явна даа.
-1970-1980-аад оны дуучид тухайн үедээ жинхэнэ “брэндүүд” гэж хэлэгддэг байсан. Дуулсан дуу болоод өөрсдөө ч брэнд байж чаддаг учраас хүмүүс тэднийг хүндэлдэг байж. Одоогийн дуучид уран бүтээл хийгээд байгаа мөртлөө “тэр нь сайн” гэх уран бүтээл гаргаж чадахгүй байх шиг. Хэдхэн дуу гаргаад л СТА, МУГЖ цол тэмдэг хүртчих жишээтэй?
С.Вандан: -Материаллаг зүйл дээр л брэнд гэж ярьдаг байх. Гэхдээ миний бодол л доо. Гэтэл сая үүнтэй холбоотой нэг зүйл болсон юм. Манай аймагт “Төвийн бүсийн чуулга уулзалт” болжээ. Тэр үед нь бид хоёр хотод ажилтай явж байсан юм. Тэгсэн аймгийн Засаг дарга утсаар ярьж байна “Та хоёр энэ үйл ажиллагаанд ирж ая дуугаа өргөхгүй бол болохгүй байна аа” гэж. Тэгэхээр нь “Яагаад вэ, манай нутагт 20 гаруй уран бүтээлчид байгаа шүү дээ” гэсэн чинь чуулга уулзалтад уригдсан зочид манай удирдлагуудад “Аймгийнхаа брэндүүдийг орой дуулуулах юм байгаа биз дээ” гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр брэнд гэдэг материаллаг зүйлийг нэрлэхээ болиод хүн рүү чиглэж байгаа гэсэн үг биз дээ. Хүмүүс бид хоёрыг “Төв аймгийн брэнд” гэж ярьдаг болсон байна лээ.
Яахав сүүлийн үед залуу уран бүтээлчид олон төрөх болж. Тэр хүмүүсийг энэ салбарт гарч ирж байгаад би дуртай байдаг. Угаасаа урлагийн тайз гэдэг нэг өдөр гаргаж ирээд, нөгөө өдөр нь сэгсрээд л хаячихдаг байхгүй юу. Сайн, муу гэдгийг нь ард түмэн шүүж өгнө. Мянга мөнгө төгрөгтэй байлаа ч ард түмэнд үнэлэгдэж чадахгүй бол тэр хүн урлагийн тайзан дээр удаж чадахгүй.
Д.Дуламсүрэн: -Одоо залуучуудын шинэ үе гарч ирж байна л даа. Энэ урлаг гэдэг чинь үе үеэрээ өвлөгдөж явах учиртай. Тэр өвийг үргэлжлүүлж, ард түмэндээ хүндлэгдсэн нь цааш явж, чадаагүй нь өөр мэргэжлийн ажил хийгээд явчихдаг. Урлаг гэдэг их хатуу салбар шүү. Ард түмэн гаргах хүнээ гаргадаг болохоос хэн дуртайг өлгийдөж авдаггүй. Манай иргэд чинь өөрсдөө дууч хүмүүс болохоор хэнийг гаргаж, хэнийг гаргахгүйгээ мэддэг.
СТА цолны хувьд сүүлийн үед үнэхээр үнэ цэнэгүй болж байна. Нэг, хоёр дуу дуулаад л СТА болчихдог болж. Бидний хувьд 1987 онд авч байлаа. Басхүү шалгуур өндөртэй байлаа шүү дээ. 10-аас дээш жил ажилласан байхаас гадна уран бүтээлийн цензуртай байсан. Гэтэл одоо тийм шалгуур ч байхаа больж. Бараг дуулдаг эсэхийг нь мэдэхгүй хүн хүртэл СТА авдаг болчихсон байна. Энэ шагнал Засгийн газрын шагнал болчихсон. Ямар ч үнэлэмжгүй болсон. Бусад шагналын хувьд бол сайн мэдэхгүй юм.
-Урлагийнхныг хооронд нь өрсөлдүүлэх “Зууны манлай, бүх цаг үеийн шилдэг дууч” гэх мэт нэр томьёо байх ёстой юм болов уу?
Д.Дуламсүрэн: -Үнэлэмж байх ёстой. Бүр маш хатуу байх ёстой гэж боддог. Энэ хүмүүсийг хооронд нь өрсөлдүүлж байгаа хэрэг огт биш. Угаасаа дуучдад уран бүтээлийн цэвэр, эрүүл өрсөлдөөн байх ёстой. Өрсөлдөж буй дуучнаасаа үргэлж суралцаж, санаа авч өөрөө өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг шүү дээ.
-Та хоёр дуурийн дуу дуулж байв уу?
Д.Дуламсүрэн: -Дуулж байсан. Учиртай гурван толгой дуурийн дууг дуулж байсан юм байна.
-Та хоёрын уран бүтээлийг дагаад дуулах гэхээр их хэцүү, сонсохоор их сайхан байгаад байдаг. Магадгүй хэн дуртай нь аваад дуулчихаж чаддаггүй бүтээлийг урлагийн бүтээл гэдэг юм болов уу гэж ойлгодог. Үүнд ямар бодолтой явдаг вэ?
С.Вандан: -Бусад дуучид ярьдаг. Та хоёрын дууг дуулах гэхээр болохгүй юм аа гэж. Магадгүй бидний дуулдаг өвөрмөц өнгө аяс, хэв маяг байна л даа.
Д.Дуламсүрэн: -Хөгжим дагаад, хөгжим дараад дуулах хоёр их ялгаатай л даа. Бид анх ятга тоглоод дуугаа дуулж сурах гэж их юм болж байсан. Нэг бол дуу руугаа анхаараад үгүй бол хөгжим рүүгээ анхаараад байдаг. Тэднийг нийлүүлээд хүмүүст уран бүтээл болгоно гэдэг сайхан шүү.
-Та хоёрын дууг дуулах хүсэлт тавьсан дуучид байдаг юм болов уу. Дууг тань олон түмэнд хүргэж яваа дуучид байна уу?
С.Вандан: -Биднийг залгамжлахаар Д.Амарсайхан, Ж.Солонго гээд залуу дуучид гарч ирсэн. Энэ хоёр дуучин бидний дууг шинээр дуулж, клипжүүлж, саяхан CD-нийхээ баярыг хийсэн.
Д.Дуламсүрэн: -Ятга тоглоод бидний араас гарч ирж байгаа дуучид гэвэл энэ хоёр байна. Бидний хуурай дүү нар. Улаанбаатарт энэ хоёрыг маань “Залуу Вандан, Дуламсүрэн” гэж нэрлэдэг болсон байна лээ. Энэ хоёроос гадна биднээс суралцаж байгаа олон дуучин байна. Хүүгээ дуучин болгох гэж байгаа.
-Тухайн дуучны өмнө нь олон түмэнд дуулж хүргэсэн дууг өөр хүн үгийг нь буруу хэлж, нугалааг нь буруу гаргаж дуулахаар их хэцүү сонсогддог гэж дуулсан. Та хоёрын хувьд ингэж бодогдох үе байв уу?
Д.Дуламсүрэн: -Жишээлбэл, тэр дуучин яг бид хоёр шиг дуулах ёсгүй шүү дээ. Гэхдээ Д.Амарсайхан, Ж.Солонго хоёрын хувьд бидэнтэй үнэхээр адилхан дуулдаг. Бидний зохион байгуулдаг “Вандан, Дуламсүрэн хоёрын дууг хэн сайн хослон дуулах вэ” анхдугаар уралдаанд маань энэ хоёр залуу түрүүлж байсан. Энэ хоёр хүн хоёулаа хөгжимчин. Бидний хувьд бол би хөгжимчин, С.Вандан дуучин. Хэдийгээр адилхан байлаа ч өөрсдийн гэх хэв маяг байна. Түүнийгээ эвдэх ёсгүй.
-Зарим нэг хүмүүс хэтэрхий “Том брэнд”-ээр оролдохоор сүүлдээ тэр дуугаа л дуулахгүй бол ард түмэн хүлээж авахаа больчихдог юм шиг ээ?
Д.Дуламсүрэн: -Аливаа бүтээлийн анхдагч хувилбар ард түмний хайр хүндэтгэлийг хүртсэн байдаг. Тэр бүтээлийг өөр хүн аваад дуулахад төстэй л дуулдаг болохоос яг өмнөх дуучин шиг дуулж чаддаггүй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: mnb.mn