2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад Монгол Улсаас анх удаагаа “Монполимет” группийн удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав оржээ. Энэ жагсаалтад “Forbes Mongolia” сэтгүүл Монголын бизнес эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, “Forbes Asia” сэтгүүл хатагтай Ц.Гарамжавыг сонгон шалгаруулсан билээ. Ер нь бол улс орны ачааны хүндийг хэдэн улстөрч биш бүтээн байгуулалт, бизнесийн салбарын хүмүүс үүрч явдаг билээ. Тэгвэл Монголын толгой компаниудын нэгийг төдийгөөс өдийг хүртэл залж яваа хатагтай ийн Азийн шилдгүүдийн нэг болсон нь таатай мэдээ юм. Тиймээс ч Ц.Гарамжавын үүх түүхийн талаар энэ дашрамд тодотгон өгүүлэхэд илүүц болохгүй биз ээ.
24-ийн цэцэрлэгээс оргосон балчир охин
Өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан түүнийг зайсангийн аман дахь 24-ийн цэцэрлэгээс эмээтэйгээ уулзах гээд оргож байсан балчир охин байсан гэдгээр та төсөөл дөө. Тэгвэл тэр яг л тэгж байж. Түүний нутаг ус Булганых. Хоёрхон настай бяцхан охин байхаасаа аавтайгаа үлдсэн түүнд эмээ нь байсан нь, бурхан түүнийг “мартаагүй”, хожим гаргах их амжилтын замаар замнахдаа хатуу хөтүүг үзэхдээ үзээд, өндийн босоход нь түшиж тулах их хүмүүнийг зориулан илгээсэн “өгөгдөл” байжээ. Норжмаа хэмээх тэр буурай эцэг, охин хоёрыг унд хоолоор таслахгүй халамжлан хайрлаж байсан гэдэг. Гээд яахав. Цэл залуу эр хүнд амьдрал гэж байна. Шинэ амьдрал ч зохиож. Тэгснээр Ц.Гарамжав охин 24-ийн цэцэрлэгийн хүн болжээ. Тиймээс ч охин эмээгээ, эмээ охиноо санан гансрах болсон гэдэг. Ямартаа л эмээ нь охиндоо дөхөн Зайсанд очиж айлд амьдрах билээ дээ. Нөгөө бяцхан охин ч эмээгээ дөхснийг мэдээд сэтгэл нь тогтохгүй бэтгэрсэндээ тавхан настай хэрнээ оргох зориг гаргаж байхав. Тэгээд эмээгээ ч олж. Цэцэрлэгтээ ч эргэн ирж байсан гэдэг. Эмээ охин хоёр 17 жил хамт байжээ. Хайрт эмээ нь бас аав нь тэнгэрт халиснаар түүнийг их уй гашуу нөмөрсөн ч, түүнд өмөг түшиг болсон хань нь байлаа.
Амжилт тийш зүтгэсэн жилүүд
Хичээл номдоо маш сайн охин дунд сургуулиа улаан онц дүүргээд зөвлөлтөд Үнэт металлын инженерийн ангийн хуваарь оногдсоноор уралдаант шалгалтад орсон ч, авч чадаагүй юм билээ. Түүнийг оноо дутсан хэмээгээд МУИС-ийн Инженер геологийн ангид ор гэжээ. Тэр ч орж. Эхэндээ бол эмэгтэй хүүхдэд хүндэдсэн мэргэжил юм гэх бодол түүнд байгаад байж, ангиа солих санаа ч агуулж байж. Гэхдээ тэгээд төгсөхдөө мэргэжилдээ дурлачихсан байсан гэдэг. Хүсч байсан шигээ хойшоо явж эхлээд чадаагүй ч, Оросын мэргэжилтнүүдээс суралцах, туршлага судлах боломж түүнд байсан. Тэрийгээ ч сайн ашигласан гэдэг. Улсын барилгын зургийн институдид шороо шигшигч, техникч, лаборантаас авахуулаад лабораторийн эрхлэгч хүртэл 11 жил ажилласны дундуур Орос явж сураад ирсэн байдаг. Ажилд орсноос хойш гуран жилийн дараа 1983 онд Москвагийн Их Сургуульд явж Хөрс судлаачаар мэргэшин эх нутагтаа иржээ. Ер нь тэр өөрийгөө хөгжүүлэх тал дээр тун чамбай хандаж ирсэн байдаг. 1994 онд Итали улсын Ром хотод Ашигт малтмалын олон улсын гэрээ эрхийн мэргэжилтнээр мэргэшин суралцсан гэхээр эрхэм танд ойлгогдож буй биз ээ.
Амьдрал бас амьдрал… Дэвшил…
Түрүүн хэлээд байсанчлан Улсын барилгын зургийн институдид шороо шигшигчээр анх ажилд орсон бүсгүй техникч, лаборантаас авахуулаад лабораторийн эрхлэгч хүртэл арав гаруй жилийг зарцуулжээ. Тэгээд бизнес тэрдундаа эрчүүдийн талбар гэгддэг уул уурхайн салбарт төмөр хатагтай гэгдэх хүртлээ байр сууриа тодорхойлохын тулд чамгүй зүйлийг зольжээ. Тэр тийм нэг гүжирмэг, чанд хатуу мэт харагддаг ч, түүний үзсэн амьдрал, туулсан зам нь амаргүй. Тиймээс ч нулимсыг гадагш биш дотогшоогоо залгих, аливаад бууж өгөхөд яарах хямдхан сэтгэлзүйн талаар ойлголт үгүй хүчирхэг эмэгтэй болгон өндийлгөсөн байж болох.
Тэр Улсын барилгын зургийн төв институтын Геологийн товчоонд лаборантаар ажилд орсныхоо дараа математикийн багш мэргэжилтэй н.Нармандах гэдэг залуутай амьдрал зохион, хоёр охиноо төрүүлжээ. За тэгээд яг тэр үеийн яг үнэндээ одоогийн залуу гэр бүлүүдийн өмнө ч тулгамдсан асуудал болдог орон байрны асуудал тэдний өмнө мөн л байжээ. Гэхдээ тэд шийдэж чадаж. Эхэнд өгүүлсэнчлэн эмээгээ аавыгаа алдсан тэр их гунигт он цагийг даван гарахад нь хань н.Нармандах нь хамгийн их дэм болсон гэдэг.
Хуанлийн хуудас эргэх тоолонгоор амьдрал урагшилсаар… Шилжилт өөрчлөлтийн салхи УБЗТИ-ийг задрахад хүргэв. Дотроо арван хэдэн пүүс болж задарчээ. 1989 оны эхэн үед Ц.Гарамжавын ажилладаг лаборатори Хөрс судлалын пүүс болж биеэ даажээ. Пүүс нь хоршоолол, тэгснээ компани болжээ.
Түүнийг хамтран зүтгэгчид нь эхнээсээ л захирал бол гэсэн гэдэг. Тэгээд бизнесээ худалдаа, геологийн шинжилгээ судалгаа, хайгуулын чиглэлээр хэмээн тодорхойлсон ч, хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуудал түүнээс сайн менежер байхыг шаардаж байлаа. Тэр үед эдийн засаг гэж хэврэгхэн хэцүүхэн байсан ч цаг үе. Тиймээс ч Ц.Гарамжав захирал ажилтнуудынхаа цалин пүнлүүг тавихын тулд наймаанд хөл тавьжээ. Халбага, сэрээнээс эхлээд хөнгөн цагаан цуглуулан ганц машиныг урагшаа гаргаж байсан тухай нь “Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” номонд өгүүлсэн байдаг. Тэр үед картын системд орчихсон талх давснаас хэтрэхгүй лангуу хоосорсон цаг үе. Тиймээс хөнгөн цагааны оронд хүнс авч ирж зардаг байж. Гэхдээ дараа нь зээл авах нь бизнесийн амжилтын хөшүүрэг болох юм байна гэдгийг мэдэж, 1993 онд Баянзүрх дүүргийн “Найрамдал” банкнаас 10 саяын зээл авснаар нөхцөл байдал өөрчлөгджээ.
Үргэлжлэл байгаа…