Хэдийгээр дөнгөж хорь шүргэж яваа ч хичээл сургуулийнхаа хажуугаар олон сайхан уран бүтээлд гол болон туслах дүр бүтээгээд амжсан овсгоотой жүжигчин Мишээлтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
-Жүжигчин Мишээлийн “Учрал” уран сайхны кинонд бүтээсэн дүрийн талаар яриагаа эхлэе.
-Энэ кинонд наяад оны эмэгтэйн дүрийг бүтээсэн. Тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдрал, зан төлвийг харуулахад ихээхэн анхаарсан. Мөн хэдийгээр өөрөө хүүхэд төрүүлж үзээгүй ч гэсэн амаржиж байгаа эхийн дүрийг бүтээсэн байгаа. Тиймдээ ч надаас нэлээн ур чадвар шаардсан, өмнөх дүрүүдээс онцлогтой дүр байлаа.
-Амаржиж байгаа эхийн дүрийг бүтээсэн сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Ер нь их хэцүү мөртлөө сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Ямар ч байсан маш их өвдөнө гэдгийг нь л мэдэж байгаа болохоос, яг яаж өвддөгийг нь мэдэхгүй болохоор хэцүү. Гэхдээ зураг авалтын өмнө энэ талаар судалгаа хийж, өөрөө ч их хичээсэн. Магадгүй бүсгүй хүн л учраас цаанаасаа төрлөх зөн совин байдаг байх. Тухайн үед өөрийгөө хүүхэд төрүүлэх гэж байна гээд мэдрэхэд өөрийн эрхгүй нүднээс нулимс гараад эхэлсэн дээ.
-Бүтээж байсан хамгийн хэцүү дүр чинь юу байв?
-“Давхар цохилт” уран сайхны киноны Ундрамын дүр юм болов уу. Ундрам гээд сэтгүүлч охин надаас тэс өөр, чөлөөтэй, “галзуу” дүр байсан учраас өөрийгөө нэлээн задалж, нээх хэрэгтэй болсон. Хэдийгээр бүтээхэд хэцүү дүр байсан ч тэр тусмаа илүү олон зүйл сурч авсан.
-Тэгвэл өөрөө амьдрал дээрээ их даруухан байх нь ээ?
-Яг тийм дуугүй, ноомой биш. Эмэгтэй хүний хувьд цензуртай, даруухан эмэгтэй ч гэсэн үргэлж инээж явдаг, сэргэлэн талдаа гэж өөрийгөө боддог.
-Энэ киноноос ойлгож авах хамгийн чухал зүйл юу вэ?
-“Учрал” уран сайхны кино их олон хүнд хүлээлт үүсгээд байгаа. Эргэн тойрныхон, найзууд маань ч гэсэн их гоё кино болсон байх гээд яриад байна лээ. Кино маань үе үеийнхний хайр дурлалыг харуулсан. Тиймээс энэ киног үзсэн хүн болгон кино театрын танхимаас ямарваа нэг зүйлийг ухаарч, мэдэрч гарах байх гэж бодож байна.
-Мишээл өөрийн хайртайгаа учирсан уу?
-Учирсаан./инээв/
-Хайртай хүнийхээ хамгийн сайхан зан чанараас нэрлээч?
-Ер нь их байгаагаараа, энгийн. Миний мэргэжлийг ойлгож, хүндэлдэгт нь дуртай.
-Хайртайгаа учирсан учралаасаа хуваалцаач?
-Найзаар маань дамжуулан анх танилцаж байсан. Амьдрал аяндаа л хэн нь хэн бэ гэдгийг гэдгийг хэлээд өгөх учраас хоёр биендээ таалагдаж л байвал заавал нэгнийгээ сориж урт хугацааг туулах шаардлагагүй. Үнэхээр нэгэндээ хайртай л бол богино хугацаанд ч гэсэн бие биенээ таниж мэдэх боломж байдаг гэж боддог.
-Хайрыг тодорхойлбол, юутай зүйрлэх вэ?
Халуун, хайлсан шоколадтай зүйрлэнэ. Уурлаж бухимдсан үедээ шоколад идвэл тайвширдаг. Харин ихдүүлбэл бялуурч, хордлогонд ордогтой адил сайхан хайрыг буруу ашиглавал мөн л таагүй үр дүнд хүрнэ. Хэрвээ таны цээжинд зүрх гэдэг зүйл цохилж л байвал та хүнийг хайрлах, хүнээс хайр хүртэх бүрэн эрхтэй.
www.urlag.mn