Зураг: Зүүн гар талаас Г.Адъяадорж, В.Батзориг, Ч.Амарбаясгалан, Д.Ариунболд, Х.Уламбаяр, О.Чулуунбаатар
“Хөсөгтөн” хамтлагийн цохиур хөгжимчин, лимбэч Г.Адъяадорж болон товшуурч, хөөмийч Х.Уламбаяр нартай ярилцлаа.
-МОНГОЛ ХҮНИЙГ ЯГ ИНГЭЖ ХАЖУУНААС НЬ ХАРЖ БАЙСАНГҮЙ-
-Тун удахгүй “Asia’s Got Talent” шоуны санал асуулгын дүн гарах нь. Монголчууд дор бүрнээ сайхан мэдээ дуулахыг тэсч ядан хүлээж байна. Сэтгэл хэр их догдолж байна, залуус аа?
-Маш их догдолж байна.
-Санал асуулгын дүн яг хэдийд гарах мэдээлэл байна вэ?
Г.Адъяадорж: -Яг тодорхой мэдээлэл алга. Ямар ч байсан өнөө шөнө Сингапурын цагаар 00, Монголын цагаар 01 цагт санал асуулга дуусна. Албан ёсны хариу маргааш ирэх байх.
-Монгол улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж яваа та бүхэнд юуны өмнө талархал илэрхийлье. Анх энэ шоуд оролцох санаа хэрхэн төрөв? Хэн нэгэн санал болгов уу?
Г.Адъяадорж: -Баярлалаа. Өнгөрсөн онд “Марко Поло” киноны зураг авалт Малайзад болсон. Энэ кинонд жүжигчин Амарсайхан тоглосон. Сүүлийн 10 дугаар ангид Оргил ах, манай хамтлагийн морин хуурч, хөөмийч Батзориг, “Алтан оргил” хамтлагийн Зоригоо гурав олны хэсэг буюу монгол цэргүүдийн дүрийг бүтээсэн. Маш том тулааны өмнөх монгол цэргүүдийн байдал, эцэг эх гэр орноо санан хөөмийлж буй хэсэгт орж тоглосон юм. Энэ үеэрээ Жесика гэдэг бүсгүйтэй танилцсан. Тэр бүсгүй Оргил ах руу “Монголоос ийм уран бүтээлчид оролцуулъя” гэж санал тавьсан байсан. Оргил ах энд уран бүтээлчдээ зохион байгуулаад, 10 гаруй номер “Asia’s Got Talent” руу явуулснаас манай хамтлаг, “Жалам хар” хамтлагтай шалгарч үлдсэн.
-“Asia’s Got Talent”-ын тайзан дээр манайхан хувцаслалт, тоглолтоороо бусдаас их ялгарч байна лээ. Үзэгчид хэр хүлээж авсан бэ?
Х.Уламбаяр: -Үзэгчид маш өндрөөр хүлээж авсан. Шүүгчид “Монгол гэдэг үндэстэний талаар сонсож байсан. Түүнээс монгол хүнийг яг ингэж хажуунаас нь харж байсангүй” гэж хэлсэн.
Г.Адъяадорж: -Монголын уран бүтээлийг сонсоод Монголд очсон юм шиг боллоо. Ирэх жил заавал Монголд очиж үзнэ гэсэн. Монголын өвөг дээдсээс уламжилж ирсэн үндэсний урлаг маань өндөр хөгжсөн урлагийн төрлүүдтэй өдий зэрэгтэй өрсөлдөөд байна гэдэг манай үндэсний урлагийн маш том гайхамшиг. Бид үндэсний урлагаараа л хамгийн их бахархаж байна.
-Хөөмий хархирааг анх сонсоход их өвөрмөц. Шоуны тайзан дээрээс анх сонссон гадныхан ямар байдлаар хүлээж авсан бэ?
Х.Уламбаяр: -Уран бүтээлч бид тайзан дээрээс үзэгчдийн алга ташилт, уухайлахыг сонсоод хамгийн ихээр таашаал авдаг. Энэ шоун дээр биднийг маш их дэмжсэн. Нэг талаас Хөсөгтөн гэж орилоод, нөгөө талаас Монгол, Монголия гэж орилж байлаа. Тэр мэдрэмж маш гайхалтай байсан.
Г.Адъяадорж: -Сингапурт байдаг монголчууд биднийг дэмжих гэж ирсэн. Тайзан дээр зогсож байхад Монголын далбаа хоёр, гурваараа харагдаад, үзэгчид маш өндрөөр хүлээж авсан нь бидний хувьд маш сайхан байсан.
-Манай үндэсний хувцас бас үзэгчдийн сонирхлыг их татсан байх?
Г.Адъяадорж: -“Asia’s Got Talent” дэлхийн хэмжээний том шоу учраас зохион байгуулалтын хувьд ямар ч асуудалгүй байсан. Монголчуудыг интернэт, нийгмийн сүлжээгээр маш их судалсан байна лээ. Монголчууд нүүдэлчин ахуй амьдралтай хүмүүс байдаг юм байна. Ан их хийдэг. Та нар болж өгвөл анчид шиг үстэй дээлтэй байвал илүү гоё гэсэн санал бидэнд ирүүлсэн л дээ. Бидний арын фон ч гэсэн цастай өндөр уулын оргил дээр, Монголд байгаа юм шиг, дээрээс нь цас ороод. Орчинг маш гайхалтай бүрдүүлж чадсан.
-УЛСААС ДЭМЖЛЭГ БАЙДАГГҮЙ-
-Монгол гэж орилоод, уухайлж дэмжихэд яг юу бодогдож байв?
Х.Уламбаяр: -Миний хувьд ардын урлаг, эх орноороо л их бахархсан. Монголд төрсөндөө баярлаад, огшоод байлаа…(инээв.сурв)
-Асуулт асуух гэсэн “Шилдэг 9-д шалгарлаа” гээд амнаас үг уначих юм. Ерөөлөөр болог ээ?
Г.Адъяадорж: -Билэг дэмбэрэлтэй юм боллоо (инээв.сурв). Эхний шатанд 900 гаруй уран бүтээл оролцсон. Тэрнээс шат шатанд шалгарч явсаар сая 24 уран бүтээлч оролцлоо. Азийн бүх л улсаас ирсэн. Мэдээж тэр олон уран бүтээлчээс шилдэг 24-т орно гэдэг бидний хувьд маш том завшаан. Дан ганц “Хөсөгтөн” биш, Монгол улсын нэр хүнд дандаа бидний ард байдаг. Монгол Улсынхаа нэрийг өдий зэрэгтэй гаргаад, мандуулаад явж байна гэдэг утгаараа маш их баярлаж байгаа.
-“Хөсөгтөн” хамтлаг гадны олон оронд урилгаар очиж тоглолоо. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийддэг вэ. Улс болон компани, хувь хүн ивээн тэтгэж туслаж дэмждэг үү?
Х.Уламбаяр: -Голдуу цаанаасаа биднийг урьж, бүх зардлыг даадаг. Улсаас дэмжлэг байдаггүй. ОХУ-ын Красноярск руу уралдаанд явахдаа өөрсдөө зардлаа дааж очоод Гран при-г нь авч ирж байлаа.
Г.Адъяадорж: -2009 онд Солонгосын Чэжүд болсон Дэлхийн урлагийн олимпод оролцож, алтан медаль аваад ирэхэд тухайн үед Соёлын сайд байсан Отгонбаяр биднийг уриад “Манай яамны зүгээс өгч болох хамгийн том шагнал, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээ та бүгдэд олгож байна” гэсэн. Ардын урлагийн хувьд соёлын тэргүүн гэдэг цол тэмдэг маш хүндтэй, үнэ цэнтэй. Түүнд маш их баярлаж явдаг.
-Гадны оронд очиход хэлний бэрхшээл тулгардаг. Танай хамтлаг тусгай орчуулагчтай явдаг уу?
Х.Уламбаяр: -Манай хамтлагаас хамгийн мундаг англи хэлтэй нь Адъяадорж ах.
Г.Адъяадорж: -Тийм мундаг бол биш. Монгол Улсынхаа нэрийг төлөөлж энд тэнд их явдаг учраас заавал хэлтэй байх шаардлагатай.
-Гадныхан хөөмийг маш их сонирхдог. Та бүхнээс юу гэж их асуудаг вэ?
Г.Адъяадорж: -Хөөмий гэдэг нэг хүний хоолойноос хоёр авиа зэрэг гардагаараа маш онцлог урлаг. Яахаараа нэг хүний хоолойноос хоёр авиа зэрэг гардаг юм бэ? Эсвэл хоолойдоо аппарат хийчихсэн байгаа юу гэх зэрэг асуултууд их асуудаг. Монголын урлаг сонин содон учраас хүмүүс маш их сонирхдог.
Х.Уламбаяр: -Биднийг Английн хатан хааны театрт тоглоод гарч ирэхэд хүмүүс баяр хүргээд, “Ямар мундаг юм бэ. Та нарын хөөмийлж байхыг хажуунаас чинь хармаар байна. Дуугаргаад үзүүлээч” гээд. Хөөмийлсөн чинь “Уучлаарай, амаа ангайж байхгүй юу. Аман доторхийг чинь харъя” гэсэн (инээв.сурв).
-“Asia’s Got Talent”-ийн шүүгч Дэвид та бүхнийг Монголын “One direction” гэж хэлж байсан. Ямаршуу сэтгэгдэл төрж байв?
Х.Уламбаяр: -“One direction” гэж “Авьяаслаг британичууд” шоунаас гарсан, Английн орчин үеийн хамтлаг. Тэр хамтлагтай зүйрлэхэд сонин л санагдаж байлаа. Гоё ч юм шиг…
-Хамгийн гол өрсөлдөгч гэвэл хаанахын уран бүтээлчийг нэрлэх вэ?
Г.Адъяадорж: –24 үзүүлбэрийг 8-д хуваагаад гурван хэсэг болгосон. Эхний 8-ын санал асуулга явсан, хоёр дахьд нь бид оролцож байгаа. Маргаашаас гурав дахь 8 баг хоорондоо өрсөлдөж санал асуулга явж эхэлнэ. Шоуд оролцож буй уран бүтээлчдээс, Тайландын хүүхдүүдийн хамтлаг байгаа. Гэр оронгүй, өнчин хүүхдүүд юм билээ. Тэр хүүхдүүдийг нэг залуу нэгтгээд тоглуулдаг. Бүжиглэж байгаад, буцаж орон өндөр өсгийтэй туфль өмсөж гарч ирээд маш хүнд үзүүлбэрүүд үзүүлдэг, үнэхээр мундаг. Бусад нь ч бас маш мундаг үзүүлбэрүүдтэй.
-ҮНДЭСНИЙ НАЙРАЛ ХӨГЖИМ БИДНИЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ-
-Хөөмийлөхөд хэдэн төрлийн хоолой гардаг вэ?
Г.Адъяадорж: -Монголын эрдэмтэн судлаачид 5-10 төрөл байдаг гэж ярьдаг. Бидний бодлоор, шахаа хөөмий, хархираа хөөмий гэсэн үндсэн хоёр төрөл байдаг. Шахаа хөөмий дотроо исгэрээ, хамрын хөөмий, цуурай гэхчилэн бий. Зарим судлаачид эдгээрийг төрөл гэж авч үзсэн байдаг.
-“Хөсөгтөн” хамтлаг ямар төрлөөр уран бүтээлээ туурвидаг билээ?
Г.Адъяадорж: -Ер нь этник хамтлаг л даа. Гэхдээ бид арай зөөлөн, баллад тал руугаа, хүссэн төрлөөрөө уран бүтээл хийдэг. Үзэгчдэд ямар арга барилаар тогловол илүү хүрэхээр байна тэрийг л тоглоно. Манайх ҮДБЭЧ-ын хамтлаг шүү дээ. Бүгд тус чуулгын хөгжимчид. Энэ уралдаан тэмцээнээ дуусгаад ажлаа хийнэ. Гадна, дотны тодорхой хэмжээний үйл ажиллагаанууд бий.
-ҮДБЭЧ гэснээс та бүхнийг ажлаасаа хөөгдсөн гэсэн мэдээлэл байсан. Үнэн үү?
Г.Адъяадорж: -Бид жил гаруй хамтлагийн уран бүтээлдээ анхаараад, ҮДБЭЧ-аасаа гарсан байсан. Чуулгын нэлээн том уран бүтээлтэй бидний гадагш явах ажил давхцаад, зөвшилцөн түр хугацаанд ажлаасаа гарсан. Түүнээс хариуцлага алдаж хөөгдөж гарсан асуудал байхгүй. Оны өмнө ажилдаа буцаж ороод, үндэснийхээ их найралд хөгжмөө тоглоод явж байна.
-“Хөсөгтөн” хамтлаг зургаан гишүүнтэйгээс нэг нь эмэгтэй. Бас хөөмийлөх үү?
-Үгүй. Хөгжимдөнө, дуулна.
-Нэг нь л байхгүй бол болохгүй биз?
Г.Адъяадорж: -Тус бүрдээ өөр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй. Тийм учраас нэг маань байхгүй тохиолдолд бидний санаж бодсон уран бүтээл санаснаараа дуугарахгүй.
-Тайзан дээр тохиолдож байсан хөгжилтэй явдлаасаа хуваалцахгүй юу?
Х.Уламбаяр: -“Хөсөгтөн” хамтлагтаа анх ороод, “Шанхайн экспо”-гийн үеэр Хятадын хамгийн том тайзан дээр гарлаа. Би битбокс хальт оролддог, манайхан яадаг юм бэ наадахаа тоглочих гээд. Бэлдэж бэлдэж, тайзан дээр гарсан чинь дунд нь алдаад. Тоглож дууссаныхаа дараа алдсандаа урам хугараад, тайзны цаана ганцаараа уйлаад зогсож байсан. Манай ах нар ирээд “Чамайг хайгаад байлаа, чи энд юу хийж байгаа юм. Гоё болсон шүү дээ” гээд урам өгч байлаа. Нуулгүй хэлэхэд би жаахан уйламтгай(инээв.сурв).
-МАНАЙ МОНГОЛЫН УРЛАГ ГАЙХАМШИГТАЙ-
-ҮДБЭЧ-д хэдэн жил ажиллаж байгаа уран бүтээлчид вэ?
Г.Адъяадорж: -Манай хамтлагийн их хуурч, хөөмийч Ариунболд 1994 оноос хойш ажиллаж байгаа. Миний хувьд 1999 онд анх чуулгад орсон. Зоригоогийн хувьд 2000 онд орсон. Бүгд сургуулиа төгсөөд ҮДБЭЧ-д хөгжимчнөөр орж ажиллаж байгаа. Үндэсний найрал хөгжим гэдэг яалт ч үгүй бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм.
-Нэг зүйлд сэтгэлээ өгөөд ажиллахаар ар гэрийн амьдрал хоёрт тавигддаг тал бий. Ар талын албыг залгуулдаг хүмүүсийн тухай асуухгүй өнгөрч болохгүй нь?
Г.Адъяадорж: -Бид эхнэр, хүүхдүүдтэйгээ байхаасаа илүү өдрийн 24 цагийн ихэнхийг хамтлагтайгаа өнгөрүүлдэг. Ихэнхдээ эзгүй байдаг. Эхнэрүүд маань бидний гэр бүлийг маш сайхан авч явдаг. Энэ дашрамд эхнэрүүддээ, Амраагийнхаа нөхөрт маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Бид ар гэрийнхнийхээ хүчинд өдий зэрэгтэй амжилттай яваа.
Х.Уламбаяр: -Миний хувьд одоохондоо гэр бүл зохиож амжаагүй яваа. Хамтлагийнхаа ах нарын гэргий нарыг магтахад, завгүй уран бүтээл хийж явааг нь маш сайн ойлгодог. Амжилттай яваа хүмүүсийн цаана мундаг хүмүүс байдаг. Хамтлагийнхаа ах нарын эхнэрүүдээр бахархдаг, маш их баярлаж явдаг. Биднийг маш их дэмждэг.
-Ихэвчлэн урлагийн хүмүүс байдаг уу?
-Өө янз янз.
-Урлагийн хүмүүсийн дуусашгүй мөрөөдлийн нэг байх. Одоо тийм нэг тайзан дээр тоглоод үзчих юмсан гэсэн мөрөөдөл хааш чиглүүлж байна вэ?
Г.Адъяадорж: -Дэлхийд дээд зэрэглэлийн 10 том театр бий. Роял холл, Бродвэй, Большой театр, Австрийн Голден театр холл гээд бүх л театруудаар явж үзэхийг хүсэн мөрөөддөг. Бидний гол зорилго өвөг дээдсээс уламжилж ирсэн үндэсний сайхан урлагаа дэлхийн өнцөг булан бүрт таниулж сурталчлах, мөн Монгол Улсынхаа нэр хүндийг улам өндөрт өргөж явахыг хүсдэг.
–Монгол аялгуугаа дэлхийн сонорт эгшүүлж яваа та бүхнийг монгол түмэн ихэд дэмжиж байгаа шүү?
Г.Адъяадорж: -Монголчууд маань биднийг маш их дэмжлээ, шууд мэдрэгдэж байна. Яахав ийхэв гээд хүн бүхэн сэтгэл зүрх гаргаж байна. Нэгдэж чаддаг, үнэхээр халуун цустай ард түмэн гэдгийг мэдэрч байна. Энэ дашрамд нийт санал өгсөн, биднийг дэмжиж байгаа бүх монголчууддаа “Хөсөгтөн” хамтлагийн зүгээс маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүгдийнхээ итгэлийг алдахгүй цаашид улам хичээх болно. Гадныхан манай хөөмий, ардын урлагийг ихэд сонирхон хүлээж авдаг. Хаа ч очиж тоглосон үндэсний урлагаараа бид маш их бахархдаг, хаа ч байсан бардам тоглодог.
Х.Уламбаяр: -Английн хатан хааны театрт тоглоход бидний тоглолтыг 8000 гаруй хүн үзсэн. Дараа нь Малайзад зөвхөн манай хамтлагийг сонсох гэж 10 мянга гаруй хүн ирсэн байсан. Тэгэхээр манай Монголын урлаг маш гайхамшигтай.
Эх сурвалж: Medee.mn