“Гэрийн ажилд нэр байх биш…” гэж манайхны эмэгтэйчүүд ярьдаг. Гэр орны ажлыг ажилд тооцдог ч үгүй хэнэггүй эрчүүд олон бий. Гэвч эхнэртээ хайртай, ухаалаг зарим нь асуудалд шал өөрөөр ханддаг ажээ. Ийм эрчүүд олон л байгаасай, чухам хаанахын хэн гэдэг нь хамаагүй шүү дээ!
Стивен Нелмс эхнэр Глоритойгоо гэрлээд 3 жил болж байгаа аж. Хүү Эзрагаа төрсний дараа Глори ажлаа хийлгүй хүүгээ асрах нь зөв гэж хосууд шийдсэн байна.
Саяхан Стивен блогтоо эхнэрийнхээ тухай сэтгэл уяран бичсэн нь интернетээр хурдан зуур таржээ.
«Эхнэр маань ажил хийдэггүй, гэртээ байдаг. Гэхдээ ажил хийдэггүй гэдэг үгийн цаана ийм их ажил байдгийг би зүүдлээгүй явжээ. Өдөржин хүүгээ асарч, хуурайлж, хооллож ундлан, тоглож саатуулна, унтуулна, уйлж уцаарлахад нь аргадна. Ингээд ч зогсохгүй, гэрийн бусад бүх ажлыг хийнэ».
«Түүнийхээ өдөр тутам хийдэг бүх ажлыг би мөнгөн үнэлгээнд оруулах гэж үзсэн юм».
Стивен эхнэрийнхээ жилийн хөдөлмөрийг үнэлэх оролдлого хийсэн нь:
- Хүүхэд асрагчийн дундаж цалин – долоо хоногт 705 $, жилд 36 660 $
- Гэр орон цэвэрлэх үйлчилгээ – нэг удаа 50-100 $, жилд 5200 $
- Шоперийн үйлчилгээ (хоол хүнс болон бусад зүйл худалдан авах) – цагт 65 $ , долоо хоногт 4 цаг гэж тооцвол жилд 13 520 $
- Тогооч – долоо хоногт 240 $, жилд 12 480 $
- Санхүүгийн туслах (төсөв гаргах, төлбөр тооцоо хийх г.м) – цагт 15 $ , долоо хоногт 5 цаг гэж үзвэл жилд 3900 $
- Угаалга – долоо хоногт 25 $ , жилд 1300 $
- Бусад ажил – цагт 75 $ , жилд 900 $
«Ингэхлээр жилд 73 960 $ болж байна. Би дээрх үнэлгээг гаргахдаа нэг их өндөр цалин төсөвлөөгүй ч, эхнэрээ “цалинжуулж” чадахгүй нь байна».
«Гэтэл манай эхнэр шиг байдалд байгаа эмэгтэйчүүд өвдөж хэвтэх ч аргагүй, хагас бүтэн сайныг ч мэдэхгүй, амралт, чөлөө цаггүй ажиллана. Харин дээрх үйлчилгээг үзүүлэх гаднын хүмүүс 70 мянган $ аваад хууль ёсоор амралт нэхнэ шүү дээ».
«Хааяа тэр маань өөртөө нэг юм худалдаж авчихаад гэм хийсэн хүн шиг байхаар нь би их өрөвдөж өөрийгөө үзэн ядмаар болдог. Уг нь би л ичих ёстой шүү дээ. Ажилгүй байгаа болохоороо тэр маань гэр бүлийнхээ орлогоос зарцуулах эрхгүй мэт санадаг юм болов уу?».
«Тэр маань наддаа, хүүдээ хайртай. Бид хоёроос ямар ч хариу нэхэлгүй, зүгээр л хайрладаг. Энэ гэрийн ажил нь миний эрхэлдэг ажлаас 2 дахин өндөр үнэлэгдэх юм байна гэдгийг үргэлж анхаарч байх хэрэгтэй юм байна».
«Этгээд хачин санагдаж болзошгүй энэ аргаар би миний эхнэр, хүүгийн маань ээж, амьдралын түшиг тулгуур болсон хань минь наддаа хичнээн их үнэ цэнэтэй болохыг хэлэх гэж оролдлоо. Чи минь хорвоогийн бүх очир алмасаас ч илүү үнэтэй. Чамгүйгээр би юу ч биш юм байна».
Эх сурвалж: Viva.mn