Үндэсний музейд “Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэн тун тудагүй уран зураг сонирхогчдын хүртээл болох нь ээ. Энэ онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд тус үзэсгэлэнг зохиож байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 15- аас ирэх сарын 20-ныл хүртэл дэлгэгдэх юм байна. Уг үзэсгэлэнгийн онцлох зүйл нь "Хубилай хааны ан хийж буй нь" гэдэг зураг байх юм. Уншигчиддаа энэхүү зурагны түүхийг хүргье
1260 онд Хубилай ширээнд залран Монголын Эзэнт Гүрний хаан болсон билээ. Тэрээр 1271 онд Юань улсыг байгуулснаар Хойд Өмнөд Хятадыг нэгтгэн Монголын Эзэнт гүрний хэсэг болгосон. Хэдий Монголын Эзэнт гүрний нийслэл Хар Хорин хот байсан ч үй түмэн хятадуудыг захирахын тулд хятадын нутгаас захирах шаардлагатай хэмээн энд нийслэл хотоо байгуулахаар шийдсэн байна. Хойд Сун, Өмнөд Сун хэмээх 2 хэсэгт хуваагдсан Хятад улс тухайн үед Бянлин буюу одоогийн Кайфэй, Линъян буюу Ханжоу хэмээх хойд өмнө 2 нийслэлтэй байсан ажээ. Тухайн үед Бээжин хэмээх нэр байтугай хот ч байхгүй байлаа
Дайду хотын төвд Хубилай хаан өөрийн ордныг бариулж, хотын хойд хэсэгт хаад ноёдын ан хийж зугаалахад зориулсан задгай тал бүхий байгалийн газартай байсан бөгөөд Хятадын зураач Лю Гуандао энд хаан ан агнаж буй зургийг зурсан нь эдүгээ Тайваний нийслэл Тайпэй хотын Хааны Ордон-музейд эх хувиараа хадгалагдаж буй.
Тус зургийн хуулбарыг Чингис хааны 800 жилийн ойг тохиолдуулан Тайваний Үндэсний Ордон музейгээс 8 хаан, 15 хатдын хөргийн хуулбарын хамт Монголын Үндэсний музейд бэлэглэсэн. Хубилай хаантай холбоотой түүхийн биет баримтууд цөөн ба түүний хөрөг, ан хийж буй зураг, мөнгөн тэмдэгтүүд, захидал зэрэг нь бидэнд байгаа юм. Их хааны ан хийж буй зургаас түүний амьдралын хэв маяг, хувцаслалт, тухайн үеийн ан хийх арга техник зэргийг харж болно.
Тус зургийн зураач Лю Гуандао нь Монгол хаадын ордноо 1279-1300 оны орчимд байж хааны хувцас хэрэглэлийн албанд тусгай алба хашдаг болсон байна.
“Хубилай хаан анд явж байгаа нь” (“Юань шизу чули тү”) зураг дээр хааныг намрын жихүүн өдөр анд мордож буйгаар харуулжээ. Түүн дээр, “Энэхүү зургийг 1280 онд Хааны хувцас хэрэглэлийн албаны түшмэл Лю Гуандао хүндэтгэлтэйгээр бүтээв” гэсэн бичээс бий. Уг зурагт Хубилай хааныг хамт анд яваа хүмүүсийнхээ тэхий голд хилэн хар морьтой байгаагаар дүрсэлсэн байна. Хаантан улаан дээлэн дээр цагаан хэвнэг нөмөрчээ. Зүүн гар талд нь буй цагаан хувцастай хүн бол түүний хатан байж таарна. Хааныг дагалдан яваа хүмүүсийн гадаад байдал янз бүр байгаа нь Юань гүрэн олон үндэстний улс байсныг нотлон харуулж буй хэрэг.
Зурган дээрх хүмүүс нум сум харваж буй хүнийг харвахыг хүлээж байгаа бололтой түүний зүг харцгаасан байдаг. Цагаан болон хар шонхор байгаа нь шувуугаар ан хийлгэх арга тухайн цаг үед байсныг харуулдаг. Ирвэсээр арай том амьтан бариулдаг байсан бололтой. Мөн анчны хувцасны загвар бусдаасаа өөр байна. Зарим түүхийн эх сурвалжид Хатан Чаби нь албад, ноёдын хувцасны загварыг гаргаж байсан гэдэг. Тухайлбал нум сумтай анчны дээлийн ханцуй нь бариу загвартай, ан авлахад тохиромжтой байжээ.
Хааны хувцас хэрэглэл хариуцсан түшмэл, зураач хүн байсныхаа хувьд Лю Гуандао хүмүүсийн хувцасны эсгүүр загвар, хийсэн материал, хээ угалз мэтийг туйлын ончтой, нарийн дүрсэлсэн байна. Нэн ялангуяа өнгө будгийг сайтар тааруулсан, хээ угалзыг маш тод ялгаруулж зурсныг нь онцгойлон дурдах хэрэгтэй. Тиймийн учир уг зураг Юань гүрний үеийн хувцас хунарын тухай мэдээллийн нэг чухал эх сурвалж болж чадсан хэмээн үзэж бүрэн болно.
Хятадын эрт дээр үеэс уламжилж ирсэн сурвалж бичгүүдийн мэдээгээр бол хятад зураач Лю Гуандаогийн хэв маяг Анигаагийнхтай огт хамаагүй гэдэг. Гэвч жишээлбэл гаднаас нэвт гэрэлтэн харагддаг самбайг зурсан арга техникээс нь үзвэл Анигаагийн баримталж асан төвд-балбын хэв маяг нийслэлийн зураач урчуудын дэг сургуульд хэдийн нэвтрээд байсан бололтой байна. Эдүгээ Юань гүрний үеийн уран зургийг судлахдаа зөвхөн Хятадын эрдэмтэн мэргэдийн зураг зурах уламжлалт арга хэрхэн нөлөөлсөн төдийгөөр хязгаарлах бус, Монголын аугаа хүчирхэг олон үндэстний эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан өч төчнөөн үндэстэн ястны соёлын нөлөө онцлогийг мөн харгалзан үзэх учиртайг дээрх ажиглалт харуулж байна.