Юкио Мишима /Yukio Mishima/
Тошикогийн нөхөр үргэлж завгүй. Бүр орой болсон хойно ч хурдхан шиг яваад ирэх уулзалт түүнд заавал гарах бөгөөд эхнэрээ гэр лүү нь таксигаар хариулчихаад алга болж өгнө. Гэлээ ч царай зүс сайтай жүжигчин эртэй гэрлэхдээ эм хүн үүнээс өөр юунд найдсан байх вэ? Нөхөр нь түүнтэй хамт үдшийг өнгөрөөж байх болно гэж бүсгүй мунхаглан итгэсэн нь эргэлзээгүй. Басхүү барууны хэв загварын тавилгууд, шалан дээр нь үзэгдсээр байх цусны толбоноос эвгүйцсэн эхнэр нь гэрээдээ ганцаар харина гэхээс хичнээн айж буйг ч мань нөхөр мэдэж байсан нь лавтай.
Тошика хүүхэд байхын хэт мэдрэмтгий нэгэн: энэ нь түүний гэм биш зан гэлтэй. Байнгын сэтгэлийн зовиураасаа болоод тэр хэзээ ч жин сууж байсангүй, нас биед хүрчихээд мах шөл нь таарсан эмэгтэй гэхээс илүүтэй гэрэлтдэг зураг шиг юм харагдах болжээ. Бүсгүйн сэтгэл санааны энэ эмзэг байдал түүнтэй санамсаргүй голдуу танилцсан хүн бүрт илт анзаарагддаг юм.
Үдэш эрт Тошико нөхөртэйгээ хамт байхаар шөнийн клубэд очтол цаадах нь “мөнөөх явдалын” талаар баахан яриа дэлгэчихсэн найзуудаа хөгжөөж суухыг хараад тэр ёстой цочирджээ. Америк маягийн хослол өмсөж, янжуур уугиулан суух нөхөр нь түүнд бараг танихгүй хүн шиг санагдав.
“Ёстой итгэмээргүй түүх шүү,” гээд цаадах нь бүжгийн хамтлагийн дур булаам байдлыг давах гэсэн мэт чамин маягаар гараа дохих аж. “Ажил олгох товчооноос манай хүүхдийн шинэ асрагч болохоор нэг эмэгтэй ирлээ. Тэгтэл хамгийн түрүүнд гэдэс нь нүдэнд тусдаг байгаа. Яг л кимононыхоо дотор дэр чихчихсэн юм шиг том гэдэстэй юмаа! Тэр эмэгтэй бидний цугаараа нийлж идээд ч барахгүй их хоолыг ганцаарханаа цусалчихаж чадна гэвэл гайхах юм алга гэж би бодсон шүү.” Ингэж хэлээд тэр үгээ цааш үргэлжлүүлж “Бид хэдийн будааны савыг ингээд л,” хэмээн гараа инчдэж үзүүлсэнээ “…хуурайлчихна гэж мэд,” гэв. “Бас хоолны дуршил, бүдүүн бүсэлхийгээ “Ходоодны суналт” гэж тайлбарлаж байгаа юм аа. Тэгтэл уржигдар манай хүүхдийн өрөөнөөс хэн нэгний ёолон гинших дуу гарах шиг боллоо. Бид хоёр ч сандарсандаа ум хумгүй гүйлдээд ортол өнөөх чинь шалан дээр явган суучихсан хоёр гараараа гэдсээ бариад яг л үнээ шиг янцаглаж байх нь тэр. Хажууд нь орон дээрээ хүү маань айсандаа гүрээнийхээ судсыг чинэртэл уйлж хэвтдэг байна шүү. Тэр гайгүй ээ, хамгийн гоё хэсгийг нь одоо яръя!”
“Молиго үмхүүлсэн нь илэрчихээ биз?” гэж өнөөх найзуудынх нь нэг, Тошикогийн нөхөртэй адил жүжигчин залуу өчлөө.
“Тэгэлгүй яах вэ дээ! Амьдралдаа үзээгүй цочролд орсон гээч. Намайг тэр ходоодны суналтын түүхэнд нь бүр итгэчихсэн байсныг мэдээ биз дээ. Гэхдээ би ч цаг алдаагүй шүү. Цайны ганц ширдэгээ суга татаж аваад, оронд нь нэг бүтээлэг шидээд өгчихлөө. Тэр хооронд өнөөх чинь ёстой л юманд хавчуулагдсан гахай шиг орилж өгч байнаа. Төрөхийн эмнэлгээс эмч ирэх үед хүүхэд нь аль хэдий нь гарчихсан байсан гээд бод доо. Манай тэр өрөө ёстой гахайн хороо шиг юм болсон байдаг шүү!”
“Тэгэж л таарна!” гэж бас нэг найз нь хэлэхэд тэд нар бүгдээрээ тачигнатал инээлдлээ.
Нөхөр нь тэр аймшигтай явдлыг зүгээр л нүдээр үзэх боломж олдсон ямар нэгэн хөгжилтэй зүйл аятай ярьж суухыг сонсоод Тошико бүр мэл гайхжээ. Чингээд хэсэгхэн зуур нүдээ аньвал өнөөх шинэхэн төрсөн хүүхдийн дүр тодрон харагдав: яг өмнөхөн нь зүсмэл царсан шалан дээр, цус нөж болсон сонингийн цаасанд ороолгоостой хэвтэх нярайн турьгүй бие.
Эмч тэр бүхнийг хорлох санаатай хийсэн гэдэгт Тошико бүтэн итгэлтэй байлаа. Тийм олхиогүй нөхцөлд бас нэг зулбасага гаргаж байгаа эхийг нь тохуурхах мэтээр тэр эмч туслах руугаа хандан хүүхдийг нь манцуй энэ тэр гэж байхаар хаягдал сонингийн цаасанд ороогоод авчихад л болно гэжээ. Шинэхэн төрсөн хөөрхийд тийм цэвдэг хандаж буй нь Тошикогийн дургүйг тун их хүргэв. Болж байгаа бүхэнд ихэд зэвүүрхсэн бүсгүй шүүгээнээсээ цоо шинэ хөвөн даавуу гаргаж ирээд хүүг хулдан авч түшлэгтэй сандал дээр болгоомжтой тавилаа.
Энэ бүхэн үдэш нөхөр нь гарч явсаны дараа болжээ. Өөрийг нь хэтэрхий өрөвч нинжин сэтгэлтэй байна гэж бодох вий гэхдээ тэрээр чухам яаснаа эр нөхөртөө огт хэлээгүй ч мөнхүү явдал сэтгэл санаанаас нь гарахгүй улам л бодогдсоор авай. Орой нь жааз найрлын эгшиг хадаж, нөхөр нь найзуудтайгаа тун ч хөгжилтэйгээр буу халсаар байх үед Тошико дуугаа хураан суугаад өнөөх явдлын талаар л бодсоор. Шалан дээр, хуучин сонинд ороолттой хэвтэх жаахан хүүгийн төрх, үнэндээ махны мухлагт л байж болохуйц тэр дүр зураг ой ухаанаас нь хэзээ ч арилахгүй гэдгийг бүсгүй мэдэж байлаа. Өөрөө бол элбэг хангалуун амьдрал дунд өсч өндийсөн Тошико мөнхүү бутач хүүхдийн туулах зовлонг бодохоос тун ч их зовиурлана.
Тэр ичгүүргүй булай явдлын цорын ганц гэрч нь би шүү дээ гэсэн бодол түүнд орж ирэв. Эх нь хүүхдийнхээ сонингийн цаасанд ороолттой хэвтэхийг ер хараагүй, мөнхүү нялзрай амьтан ч өөрийгөө яаж мэдэхэв. Тэгэхээр тэр аймшигтай явдалыг би л ганцаарханаа ой тойндоо хадгалж үлдэх болох нь. Хичнээн хугацаа өнгөрсөн ч би нууцийг задалж нээхгүй тул жаалхүү том болсон хойноо өөрийн мэндэлсэн түүхээ мэдэхийг хүсвэл түүнд үнэнийг ярих хүн үгүй байх болно. Ингэж хэн нэгний өмнө буруудсан мэт мэдрэмжийг дотроо хав дарах ёстой болсон минь хичнээн жигтэй хэрэг вэ! Эцсийн эцэст хүүг шалан дээрээс авч хөвөн даавуунд хулдаад унтуулахаар түшлэгтэй сандал дээр хэвтүүлсэн хүн нь би шүү дээ.
Шөнийн клубээс гарсаны дараа Тошико нөхрийнхөө дуудаж өгсөн таксинд суулаа. “Энэ бүсгүйг Ушигомд хүргээд өгчих,” гэж жолоочид хэлчихээд цаадах нь хаалгыг нь хаав. Тошико цонхны цаанаас инээмсэглэх нөхрийнхөө царай өөд ширтэхэд танан цагаан шүднүүд нь л яралзан тодорч харагджээ. Хойш налан суухдаа хамтын амьдарлынхаа хэтэрхий хялбар, хэтэрхий зовлонгүйг мэдэрч уйтгар ч төрөх шиг. Яг тэр мөчид бүсгүйд бодол санаагаа үгээр илэрхийлэх нь даан ч хүнд байсан билээ. Таксины арын цонхоор тэрээр нөхрийнхөө зүгт сүүлийн удаа харлаа. Цаадах нь гудамжны дагуу том том алхсаар өөрийнхөө Наш машин руу очин хэтэрхий тод өнгөтэй твид даавуун хүрмээ авч өмсөөд холхих зоны дунд орон алга болов.
Такси ч хөдөлж уушийн газрууд алагласан нэгэн гудмыг уруудаад гадаах зам дээр нь биесээ түлхэлцсэн бөөн хүн багшрах театрыг өнгөрлөө. Тоглолт дөнгөж дуусаад буй ч гэрэл чийдэнгүүд нь хэдий нь унтарчихсан байх агаад театрын урд талыг чимэх гэж тэнд зоосон интоорын моддын хиймэл цэцэгс бүрэнхийд ердөө л хэсэг бусаг цаасны өөдөс мэт цайран харагдах нь нэн уйтгартай.
Жаалхүү өөрийнхөө хэрхэн мэндэлсэний нууцыг мэдэхгүй өслөө ч хүндлэл хүлээхүйц хүн болж өсч чадахгүй дээ гэж Тошиког бодохуй үүнтэй нь агаар нэг бодлууд ар араасаа орж ирэв. Манцуйлж авсан сонингийн муухай цаас нь түүний бүхий л амьдралын бэлэгдэл болно. Гэвч би юунд түүний төлөө ингэтлээ их зовно вэ? Магадгүй өөрийнхөө хүүгийн ирээдүйд түгшсэндээ тэр үү? Хорин жилийн дараа гэхэд сайтар боловсрол эзэмшиж аятайхан төлөвшилтэй эр болсон хүү маань хувь заяаны ямар нэг шоглоомоор тэр үед мөн л хорь хүрч байх өнөөх хүүтэй уулзчих ч юм билүү. Өс өвөрлөсөн тэр хүү хутга гаргаж ирээд үрийг минь аймшигтай хэрцгийгээр дүрж орхивол…
Дөрөвдүгээр сарын бүрхэг, дулаахан орой ирээдүйн тухай ийн бодсон нь Тошикод жихүүдэс төрүүлэм, хүйтэн санагдана. Тэрээр машины арын суудалд чичрэн явлаа.
Үгүй ээ, тийм цаг ирвэл би хүүгийнхээ оронд зогсох болно гэж тэрээр гэнэтхэн өөртөө хэлэв. Одоогоос хорин жилийн дараа гэвэл би дөчин гуравтай байх нь. Би тэр залуу руу явж очоод сонингийн цаасанд хулдаатай хэвтэхэд нь хэрхэн хөвөн даавуунд манцуйлан авч байсан тухайгаа бүгдийг тэр чигээр нь ярьж өгөх болно.
Такси цэцэрлэгт хүрээлэн, Эзэн Хааны Ордоны усны шуудуугаар хашигдсан харанхуй, өргөн замыг даган явна. Алсад сүндэрлэх хоёр өндөр барилгын тэндээс ирэх гэрлийн тусгал Тошикод хатгаад авах мэт зовиуртай санагдах аж.
Хорин жилийн дараа тэр золгүй хүүхэд ёстой л нэг шүдний өвчин болох вий дээ. Тэр орхигдсон, итгэл найдваргүй, тарчиг амьдралдаа дарлуулсан, ганцаардмал харх болж өснө. Тийм маягаар угтуулсан хүүхдийг өөр ямар тавилан тосно гэж? Эцгийгээ зүхэж, эхийгээ дорд үзсэн амьтан гудамжаар тэнэж явах вий.
Зогсох бодолгүйгээр өөрийгөө ийн тарчлаасаар байхыг үзвэл Тошико мөнхүү бараан төсөөллүүдээсээ ямар нэг сэтгэл ханамж авч буй нь эргэлзээгүй. Такси Ханзомонд хүрээд Британийн элчингийн газрын хажуугаар өнгөрлөө. Яг тэр үед бүхнээ алдарт интоорын моддын эгнээ хамаг л амьд сэргэг, ариун чанараа үзүүлэх мэт Тошикогийн өмнүүр эрээлжлэн зөрөлдөнө. Хормын сэтгэгдэлдээ автсан бүсгүй харанхуй шөнө болсон байлаа ч интоорын цэцэг дэлбээлэхийг өөрийн биеэр очиж үзэхээр шийдэв. Туулайн зүрхтэй залуухан бүсгүйн хувь энэ нь үнэхээр хачирхалтай шийдвэр ч сэтгэл санаа нь уймарсаны дээр гэрээдээ харихаас айж буй хүн шүү дээ. Тэр орой бүсгүйн толгойд болж бүтэхгүй юм бүхэн чихэлдсэн байлаа.
Тошико өргөн гудамжийг гаталлаа – харанхуйд ганц хүний нарийхан бие галбир л сүүтэлзэж үзэгдэнэ. Уг нь замаар гарах бүртээ айсандаа хажуудахаасаа байдгаараа зуурч явдаг бүсгүй маань энэ орой машинуудын дундуур ганцаарханаа сүлжсээр хормын дараа Ордны усны шуудуутай залгаа нарийхан урт цэцэрлэгт хүрч ирэв. Цэцэрлэгийн нэрийг Чидоригафучи буюу Мянган шувууны хавцал гэнэ.
Энэ орой цэцэрлэг даяар интоорын мод цэцэглэж байв. Цэцгийнх нь дэлбээнүүд үүлтэй намуухан тэнгэрийн дор нэлийсэн цагааныг үүтгэнэ. Моддын дунд татсан утаснуудаас зүүж орхисон цаасан дэнлүүнүүд хэдийнээ бөхөөд оронд нь улаан, шар, ногоон өнгийн цахилгаан гэрлүүд цэцэгт модны дор уйтгартайгаар асмаглана. Цаг хэдий нь арав өнгөрчихсөн болохоор цэцэг дэлбээлэхийг шохоорхогсодын ихэнхи нь гэртээ харьжээ. Түүгээр явж таарсан ганц нэг хүн цэцэрлэгийн дундуур алхлангаа хөл дор нь таарсан хоосон лонхыг хажуу тийш нь өөрийн мэдэлгүй өшиглөж, цаас сэлтийг дэвслэн өнгөрөх нь харагдана.
Сонингийн цааснууд гэж бодуутаа Тошикогийн санаа сэтгэл ахиад л мөнөөх явдал руу эргэчихэв. Тийм хөөрхийлөлтэйгээр мэндлэгчийн тухай сонсоод, тэр нь чухамдаа хэн байсныг мэдэж гэмээнэ ямар ч хүний амьдрал тэр чигтээ сүйрэх биз ээ. Над мэтийн харь элгийн хүн ядаж үүнийг нь бодоод одооноос тэр нууцыг хав дарж явбал таарна. Хүний бүхий л оршихуйд хамаарах нууц шүү дээ…
Иймэрхүү бодлуудад дарлуусан бүсгүй цэцэрлэгийн дундуур дэмий алхална. Тэнд үлдсэн хүмүүсийн ихэнхи нь амраг хосууд байх агаад Тошиког анхаарч харж буй нь нэгээхэн ч үгүй. Тэрүүхэнд, шуудууны дэргэдэх чулуун вандан дээр хоёр хүн суучихсан модод руу бус, ердөө усны урсгал руу ширтэн байх нь үзэгдэв. Шуудууны цаахна Хааны Ордоны цэцэрлэг шугуйран хүглийх нь нүдэнд тулна. Тэндэхийн модод цулгуй бараан дүрээсээ шөнийн тэнгэр өөд гараа сарвайн өндийх мэт эрвийн сэрвийн үзэгдэх аж. Тошико интоорын моддын доогуурх зөрөг замыг дагаад толгой гудайлган алхлаа.
Тэгтэл зайдуухан орших чулуун вандан дээр ямар нэг юм цайран харагдсан нь бүсгүйн эхлээд таамагласанчлан овоолж орхисон интоорын цэцэг ч бус цэцэрлэгт ирсэн хэн нэгний орхиж мартсан хувцас ч биш байлаа. Бүр ойртон очиж байж л тэрээр мөнхүү цайвар зүйлийг вандан дээр хэвтэж буй хүн болохыг мэдэв. Олон нийтийн газар унтаж байх нь элбэг, золгүй архичдын л нэг юм болов уу? гэж Тошико гайхлаа. Гэвч биш ээ, тэрээр бүх биеэ сонингийн цаасаар тун нямбай хучсан байх агаад цаасны цагаан нь бүсгүйн анхаарлыг тэгтэлээ татсан хэрэг. Тошико чулуун вандангийн хажууд зогсоод унтаж буй тэр хүн лүү тонгойн харлаа.
Давхарлаж дэлгэсэн сонин дээр хэвтээд заримаар нь биеэ хучсан, бор өнгийн битүү ноосон цамцтай эр байх аж. Хаврын урь орчихсон болохоор энэ хавь түүний хоног төөрүүлчих ердийн нэг газар болсон нь эргэлзээгүй. Тошико түүний ямар ч найдваргүйгээр ширэлдэж, хир даг болсон үс рүү харлаа. Бүсгүй ингэж сонингоор биеэ хучин унтах хүнийг хараад шалан дээр сонингийн цаасанд ороолттой хэвтэж байсан мөнөөх нярайг бодож байсан нь гарцаагүй. Харанхуйд унтах түүний гүнзгий амьсгалын тоогоор ноосон цамцных нь мөр дээш доош хөдөлж үзэгдэнэ.
Тошикод бүхий л айдас, ёр нь гэнэтхэн бодит дүрээ олсон мэт санагдаад явчихжээ. Харанхуйд тэр эрийн цайвар дух л ялгарч харагдана. Залуу хүний магнай гэхэд хатуу хүтүү амьдралынх нь ор мөр гэлтэй урт урт хэрчлээсүүдээр зурагдан үрчлээтжээ. Бор ногоон өмдны шуумаг нь ялимгүй дээш татагдсан байх агаад түүний дор оймсгүй нүцгэн хөлд нь углаатай хорчийж элэгдсэн биеийн тамирын шаахай үзэгдэнэ. Нүүр нь харагдахгүй байсанд Тошикод зэрвэс ч болохнээ хараад авахсан гэсэн дийлдэшгүй хүсэл төрөөд явчихав.
Тэр чулуун вандангийн дээд талд очиж зогсоод доош шагайлаа. Нүүрээ алгаараа хагаслан дарсан ч хичнээн залуухан эр болох нь танигдаж байв. Тошико түүний өтгөн хөмсөг, шулуун хамрыг ч олж харлаа. Бага зэрэг ангайсан уруул нь даанч залуугийн илчээр дүүрэн.
Гэвч Тошико түүнд хэтэрхий ойртоод оччихжээ. Аниргүй шөнийн гүмд сонингийн цаасны шачигнах дуу гарахад мөнөөх эр гэнэтхэн сэрчихэв. Тэгээд яг дэргэд нь залуухан бүсгүй зогсохыг хараад нүд нь гялалзан босоод ирлээ. Хормын төдийд түүний бахим гар Тошикогийн турьхан бугуйнаас шүүрэн авах нь тэр.
Гэвч Тошикод үнэндээ өчүүхэн ч айдас төрсөнгүй. Суллагдах гэж ч оролдсонгүй. Гэнэтхэн түүний толгойд “Аа, өнөөх хорин жил нь хэдийнээ өнгөрчихсөн байх нь!” гэсэн бодол харван орж ирлээ. Эзэн хааны ордоны цэцэрлэгт түнэр харанхуй, дүлий аниргүй ноёлоно.
Орчуулсан Б.Баясгалан