Ги дө Мопассан
Ги дө Мопассан Францын Норманд нутагт төрсөн. Тэрбээр Норманд нутгийн онгон тансаг байгальтай Этратай нутагт ихэнхи насаа өнгөрөөн зохиол бүтээлдээ эх нутгаа магтан дуулсан нь алдрын манлайд хүргэсэн билээ.
Сүүлд Парис ирж суурьшин 1867 онд агуу зохиолч Густав Флобертэй нүүр учирсан нь уран бүтээлийнх нь онгодыг хөглөсөн гэдэг. Мопассан багшийнхаа уран бичлэгийн ёс зүй, арга барилаас нэгд нэгэнгүй суралцан, тухайн үеийнхээ алдарч зохиолч Доде, Хиусман, Зола, Тургенев нартай анд нөхөд бололцон, бичлэгийн арга барилаас нь чамгүй сурч боловсорчээ.
Ги дө Мопассан яруу найраг, жүжиг, түүхэн роман бичих гэж оролдож байснаа бичлэгийн хэцүү төрөлд тооцогддог “богино өгүүллэг” бичихийг сонгон гарамгай зохиолч болж чадсан юм. “Би утга зохиолд солир адил орж ирсэн, аянгын цохилтоор алга болно” хэмээн хошигнодог байсан нь үнэний ортой үг юм.
43 насалсан асар богино хугацаанд гурван зуу орчим өгүүллэг, туурь, зургаан роман, нэлээд олон тооны тууж, шүлэг, театрын жүжиг, аян замын тэмдэглэл бичсэн нь өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй байна.
МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.
Энэ явдал ням гаригийн мөргөлийн дараа болсон юм. Сүмээс гараад гэр рүүгээ харьдаг энхэл донхол замаар ортол Ла Мартин яг өмнө минь явж байлаа.
Эцэг нь баян фермерийн намбалаг алхаагаар охиныхоо хажууд явна. Саарал даавуун хүрэм, цамцаа хайш яйш өмссөн тэр өргөн хүрээтэй хар бүрх малгай духдуулжээ. Ла Мартин долоо хоногт ганцхан удаа өмсдөг бэлхүүсэвчээ зүүсэн байх агаад гоолиг нарийн бэлхүүс, өргөн мөр, уужим ташаагаа гайхуулан бага зэрэг гунхан алхана. Ивтот оёдолчны урласан цэцэгтэй малгайг өмссөн байх бөгөөд нар салхинд борлосон зөөлөн, уян хүзүү нь тод харагдаж, богино үс нь салхинд хийснэ.
Бөнуа эмэгтэйг араас нь л харж байсан боловч хэнтэй ч зүйрлэмгүй үзэсгэлэнтэй сайхан гэдгийг нь мэдэж байлаа.
Гэнэт “Тэнгэр минь, Ла Мартин эмэгтэй мөн ч үзэсгэлэнтэй шүү” хэмээн дуу алдав. Явж буйг нь хараад түүнийг эзэмдэх хүсэлд өөрийн эрхгүй автжээ. Эмэгтэйн царайг харалгүй, зөвхөн гоолиг биеийг нь ширтэн “Сайхан эмэгтэй шүү, чөтгөр авмаар” гэж үглэнэ. Эцэг Жан Мартинийхээ “Ла Мартиниер” ферм рүү эргэхдээ Ла Мартин хойшоо эргэж харлаа. Нэг л хачин болчихсон түүнийг хараад:
– Сайн байна уу, Бөнуа? гэхэд,
– Сайн, сайн байна уу, Ла Мартин? Эзэн Мартин гэж тэр дуржигнуулав. Бөнуаг гэртээ ирэхэд хоол нь бэлэн болсон, ширээн дээр тавиатай байлаа. Зарц, шивэгчидтэйгээ зэрэгцэн эхийнхээ өөдөөс харан суухад үйлчлэгч эмэгтэй алимны дарс авчрав. Тэр хоолоо хэд халбагадсанаа тавгаа буцаагаад тавьчихлаа.
Ээж нь:
– Яасан бэ? Бие чинь өвдөө юү? гэхэд,
– Үгүй ээ, ээж ээ. Шөл өтгөн болохоор хэд халбагадсан чинь цадчихлаа гэв.
Тэр бусдын идэхийг ажиглан, талхнаас авч удаан зажлангаа “Ла Мартин үнэхээр сайхан эмэгтэй шүү” гэж бодож суулаа. Өнөөг хүртэл тэрбээр энэ эмэгтэйг ийнхүү анзаарч байсангүй. Гэнэт л ийнхүү санаанд нь ороод байхаар хоол хүртэл идмээргүй санагдав. Оройн хоолноос тэр бараг юу ч идсэнгүй. Эх нь:
– Алив, жаахан ч гэсэн ид л дээ. Энэ хонины хавирга, чи дуртай шүү дээ. Хоол идэх дур төрөхгүй байлаа ч хүчээр идэх хэрэгтэй шүү гэж хэллээ. Хэдхэн хэрчим мах үмхээд л тавгаа цааш нь түлхчихэв. Ерөөсөө цаашаа орохгүй нь гэж хэлээд босов. Тэгээд эдлэн газартаа салхинд алхах зуур би малаа хариулъя гэж хэлээд зарцаа чөлөөлж явууллаа.
Амралтын өдөр тул хөдөө газар эл хуль. Нар ээсэн энэ өдөр тариан талбай дахь цүдийсэн гэдэстэй үнээнүүд шилгээн, нэг бол өвс хивж, үгүй бол мөөрнө. Тариачин эзнээ хүлээсэн анжис энд тэндгүй хөглөрнө. Саяхан хагалж, үр цацахад бэлэн болсон талбайд үр тариа, овьёосны үлдэгдэл хөглөрөн хөлд бяцлагдаж байв.
Өргөн уудам тал нутгаар намрын хуурай салхи сэвэлзэх нь нар жаргасны дараахь нэгэн сэрүүн оройг зарлах мэт. Бөнуа сувган дээр гарч суугаад, толгойгоо нар салхи үзүүлэх гэсэн мэт малгайгаа авч өвдгөндөө хавчуулснаа хөдөө нутгийн нам гүмийг эвдэхүйц чанга дуугаар “Тэр сайхан охины төлөө” гэж хашгирлаа.
Дараа нь орондоо орсон ч, өглөө нь сэрсэн ч түүнийгээ бодсоор л байлаа. Тэрбээр гуниглаж, бухимдсан ч үгүй, гэхдээ юу болоод байгааг нэг л хэлж мэдэхгүй байв. Сэтгэлд нь нэг л зүйл бодогдож, оюун бодлоос нь ерөөсөө арилж өгөхгүй сэтгэл зүрхийг нь гижигдэнэ. Өрөөнд түгжигдсэн нэгэн том ялаа эргэлдэн дүнгэнэхээс өөр чимээ аниргүй ч энэ л чимээ уурыг нь хүргэж, тав тухыг нь алдагдуулна. Гэнэт ялаа дүнгэнэхээ болиход мартагнах боловч дахиад нисэхээр нь толгойгоо өндийлгөж харахаас өөр аргагүй. Тэр ялааг барьж авъя ч гэсэнгүй, бас байранд нь дүнгэнүүлээд байя ч гэж бодсонгүй. Байж байгаад л дүнгэнэж ниснэ. Ла Мартины тухай бодол Бөнуагийн толгойд яг л энэ ялаа шиг дүнгэнэнэ. Түүнийгээ харъя гэдэг бодол төрж, Мартиниер фермийн өмнүүр хэд хэд эргэлдсэний эцэст алимны модны завсар дахь хэцэнд цагаан хэрэглэл тохож байгааг нь харлаа. Их халуун өдөр байсан тул Ла Мартин богино банзал, нимгэн цамц өмссөн байх агаад угаасан даавуугаа тохох тоолонд хотгор нуруу нь ил харагдана. Бөнуа жалга руу орж Ла Мартиныг нууцаар цаг гаруй харж, охиныг явсан хойно ч тэнд зогссоор байлаа. Түүнийгээ хараад л баймаар байсан ч буцаж ирэв.
Бүсгүйн тухай бодол сарын турш оюун санааг нь эзэмдэж, хэн нэгэн нэрийг нь хэлчихвэл өөрийн эрхгүй эвгүйцэн сандарна. Хоол хоолойгоор нь давахаа больж, шөнө бүр түүнийгээ зүүдэлж сэрнэ. Ням гаригийн өдрийн мөргөлийн үеэр бүсгүйгээс хараа салгасангүй. Бүсгүй ч түүнийг анзааран таалагдах гэсэн мэт түүн рүү харж инээмсэглэлээ. Удалгүй нэгэн орой Бөнуа бүсгүйтэй зам дээр гэнэт таарчихав. Бөнуаг ирж байгааг хараад тэр хүлээж зогслоо. Бүсгүй рүү чиглэн алхаж, яаж уулзана гэж сандарсан ч зориг гарган ярилцахаар шийдэв. Тулж ирэнгүүт ээрч мууран:
– Ла Мартин минь. Ингэж явж болохгүй болоод байна гэхэд:
– Яагаад ингэж явж болохгүй байна гэж? хэмээн шоолсон өнгөөр бүсгүй асуув.
Бөнуа:
– Өдөр шөнөгүй чамайг бодох боллоо гэв.
Ла Мартин ташаагаа тулан зогсоод:
– Би таныг албадаагүй биз дээ?
– Үгүй л дээ. Танаас болж нойр хоол, амралт чөлөөгүй болж дууслаа гэж сандран хэллээ.
– Таныг эдгээхийн тулд яадаг юм билээ дээ гэж намуухан өгүүлэв.
Бөнуа гараа хаялан, нүдээ эргэлдүүлэн амаа ангайж зогстол Ла Мартин гэдэс рүү нь цохичихоод гүйгээд алга болжээ. Энэ өдрөөс хойш тэд далангийн дагуу юм уу эл хуль замд, эсвэл бүрэнхий болж байхад Бөнуа адуугаа, Ла Мартин үнээгээ хашаа руу нь оруулж байхдаа уулздаг боллоо. Бөнуа бүсгүй рүү бие сэтгэлээрээ тэмүүлж ганцхан түүнийг л хүсэн мөрөөдөж байв. Түүнийг тэврэн авч, өөрийн болгох юмсан гэж хүснэ. Нэг л цул зүйл шиг өөрийн болгож чадаагүйдээ бухимдан, тэвчээр алдаж, галзуурах шахна. Энэ тухайгаа ч хаа сайгүй ярих болжээ. Нэг нь нөгөөдөө яг таарсан хос гэж хүмүүс хэлэлцэнэ. Бөнуа бүсгүйгээс “Эхнэр минь болохыг зөвшөөрч байна уу?” гэж асуухад “Тийм” гэж хариулжээ.
Тэд энэ тухайгаа эцэг, эхдээ хэлэх мөчийг хүлээж байв. Гэтэл Ла Мартин уулзахаар тохирсон цагтаа ирэхээ байжээ. Бөнуа түүнийг хайж фермээр нь очсон ч олсонгүй. Ням гаригийн мөргөлийг л хүлээхээс өөр аргагүй боллоо. Ингэж байтал нэгэн ням гаригийн номлолын дараа сүмийн лам индэр дээр зогсоод Виктуар-Аделайд Мартин, Жозефан-Изидор Валлан нарын хуримын тухай олонд зарлах нь тэр.
Бөнуагийн цусыг хэн нэгэн юүлж авч байгаа мэт санагдаж, чих нь дүнгэнэн юу ч сонссонгүй, мөргөлийнхөө номонд дээр уйлсан байснаа хэдэн хормын дараа анзаарчээ. Тэрбээр сарын турш гэрээсээ ч гарсангүй. Дараа нь харин ажилдаа буцаж орлоо. Гэхдээ Ла Мартиныг мартаж чадахгүй, бодсон хэвээр л байв. Гэрийнх нь хажуугийн замаар явахаас зайлсхийж, хашаан дахь моддыг харахгүйг хичээн нэлээд хол, тойруу замаар өглөө, оройд алхдаг болов. Одоо тэр тосгоны хамгийн баян фермер Валлантай гэрлэсэн шүү дээ. Бөнуа, Валлан хоёр хар багаасаа найзууд байсан ч одоо ганц ч үг солихоо байжээ.
Нэгэн орой Бөнуа хотын захиргааны өмнүүр өнгөрөхдөө Ла Мартины хөл хүндтэй болсныг мэджээ. Тэр улам шаналахын оронд харин ч сэтгэл нь уужран хөнгөрөх шиг болов. Бүх зүйл үнэхээр дуусчээ. Гэрлэсэн гэдгийг нь мэдэж байсан ч сэтгэл нь хоргодоод байсан юм. Гэтэл одоо бүх зүйл үнэхээр төгсгөл болжээ. Ингэсэн нь ч дээр болсон юм. Сар хоног өнгөрсөөр л. Тэр бүсгүйн алхаа нь хүндэрсэн хойно тосгон руу явж байхыг нь хэд хэдэн удаа харжээ. Бөнуаг хараад улайж, толгой гудайлган алхаагаа түргэсгэн яваад өгчээ. Тэр бүсгүйтэй таарч, нүд рүү нь харахаас зайлсхийн замаа буруулан явлаа. Гэхдээ л Бөнуа түүнтэй нүүр тулан уулзаж, ярилцах юмсан гэж үнэхээр хүсэмжилж байв. Гарыг нь атгаж, үсийг нь хацартаа илбэн таалж байхдаа хэлэхээ хэлсэн юм чинь одоо түүнд юугаа ч ярих билээ дээ, нээрээ. Бөнуа далангийн тэнд уулздаг байснаа байнга дурсан санадаг байв. Тэр олон юм амлаж, ярьчихаад ингэж алга болдог их муухай эмэгтэй шүү.
Ийнхүү үргэлжилсээр зүрх сэтгэлийнх нь шаналал бага багаар арилж, одоо хөнгөн гуниг л үлджээ. Нэгэн удаа бүсгүйн амьдардаг фермийн тэндэх хуучин замаар ахин нэг алхаж явлаа. Холоос байшингийнх нь дээвэр харагдана. Энд л тэр өөр нэгэнтэй амьдарч байгаа шүү дээ! Алимны модод цэцэглэж, тахианууд энд тэндгүй донгодно. Хаврын тариалалтын ажлаар хүмүүс талбай руу явсан тул гэр нь хүнгүй хоосон мэт үзэгдэнэ. Хашааны хашлаганы хажууд зогсоод доторхыг нь ажиглав. Нохой нь хэвтрийнхээ өмнө унтаж, гурван тугал хойно урдаа орон сажилж, нэгэн том цацагт хяруул тайзны дуучин аятай тахиануудын өмнө донжигнон хаалганы өмнө эргэлдэнэ.
Бөнуа шонгийн мод налж нэлээд зогссоноо гэнэт дуу тавин орилмоор санагдлаа. Гэтэл байшингаас хэн нэгэн “Авраарай” гэх шиг сонсдов. Тэрбээр сандарч модны зомгол тас зууран өнөөх чимээг анхааралтай чагналаа. Дахиад л орилоход зүрх сэтгэл нь зүсэгдэж, яахаа мэдэхээ болив. Түүний дуу мөн дөө! Бөнуа ухасхийж, хашаагаар даван хаалгыг нь түлхэхэд Ла Мартин газарт хэвтчихсэн, үрчийж цонхийгоод, дуншилтаас болж амиа тавих гэж байлаа.
Бөнуа сандарсандаа бүсгүйгээс илүү цонхийн, чичрэн салгалж:
– Ла Мартин, би энд байна. Би энд байна гэв.
Бүсгүйн амьсгаа давчдан:
– Намайг битгий орхиж яваарай даа, Бөнуа минь гэв.
Бөнуа түүнийг хараад юу ч гэж хэлж, хийхээ мэдэхгүй хий дэмий алмайрч зогсоно. Бүсгүй дахиад л орь дуу тавьж эхэллээ.
– Ёо, ёо! Яг л тасарч унах нь, Бөнуа! гэж орилсоор. Тэр үнэхээр шаналж байлаа. Түүнийг тайвшруулж, өвчнөөс нь салгах хэрэгтэй гэсэн бодол Бөнуагийн толгойд гэнэт орж ирэв. Тэр эмэгтэй рүү ойртон, өргөж аваад оронд нь хэвтүүлэв. Ла Мартиныг ёолж байхад түүний цамц, банзал гээд бүх хувцсыг нь тайлууллаа. Бүсгүй орилохгүйг хичээн гараа байдгаар нь зангидсан байв. Бөнуа үнээ, хонь, гүү гээд амьтдыг яаж эх барьж авдаг шигээ бэлтгэн Ла Мартинд дэм өгсөөр часхийн уйлах нэгэн мантгар хүүхдийг гардаж авлаа.
Дараа нь хүүхдийг арчиж, галын өмнө хатааж байсан хуучин алчуурт ороон, ширээн дээр индүүдэх гэж овоолсон даавуун дээр тавиад ээж рүү нь очив.
Бүсгүйг газарт буулган ор хөнжлийг нь солиод орон дээр дахин хэвтүүлэв. Тэрбээр ихэд сандарсан янзтай “Баярлалаа, Бөнуа минь. Чи үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм аа” гэлээ. Тэгээд хийсэн зүйлдээ харамсав бололтой нэлээд удаан уйлав. Бөнуа өдгөө түүнд хайргүй болжээ. Огт хайргүй шүү. Яагаад, хэрхэн гэдгийг харин тэр өөрөө хэлж мэдэхгүй байв. Саяхан болж өнгөрсөн бүхэн түүний сэтгэл зүрхэн дэх бүх шаналлыг авч хаяжээ.
Бүсгүй ядарч тамирдсан хоолойгоор:
– Ямар хүүхэд гарсан вэ? гэж асуулаа.
– Хөөрхөн охин мэндэллээ хэмээн тайван гэгч нь хариулав. Тэд дахиад л дуугаа хураацгаалаа. Хэдэн хормын дараа залуу эх намуухан дуугаар:
– Охиныг минь надад харуулаач, Бөнуа гэв.
Тэр охиныг авчран, яг л ариун нандин зүйл барьсан юм шиг эхэд нь харуулж байтал хаалга онгойн Изидор Валлан орж ирлээ. Эхэндээ тэрбээр юу ч ойлгосонгүй зогсож байснаа гэнэт юу болсныг тааварлав. Бөнуа сандран балмагдаж:
– Би үүгээр явж байсан юм. Тэгтэл эхнэрийн тань орилохыг сонсоод орж ирсэн юм. Энэ таны хүүхэд, Валлан хэмээв.
Нөхөр нь урагш алхан турьхан бяцхан охиныг гартаа бариад, түүнийгээ үнсэн гайхширч зогссоноо, хүүхдээ орон дээр тавиад Бөнуа руу гараа сунган:
– Бөнуа минь, одоо бидний дунд сайхан холбоо тогтлоо. Чамайг хүсвэл сайн анд нөхөд болцгооё!… гэхэд Бөнуа:
– Тэгэлгүй яах вэ. Дуртайяа хэмээн баяртай нь аргагүй хариулав.
Эх сурвалж www.wikimon.mn
Орчуулсан Б.Алтангүл