Шүүхийн шинжээч мэргэжилтэй нэгэн залууд тохиолдсон бодит явдлаас сонирхуулан бичихээр шийдэв.
Санаатай болон санамсаргүй байдлаар амиа алдсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийдэг Нямаа гэх 30 гаруй насны залуу мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллажээ. Түүний хувьд эхлээд цогцост задлан шинжилгээ хийнэ гэдэг үнэндээ хэцүү, бас амаргүй даваа байв. Айдсаа дарахын тулд дандаа 100 грамм татаад үндсэн ажилдаа ордог байсан талаар тэрбээр хуучлах дуртай нэгэн. Нэгэн удаа тэрбээр өөртөө тохиолдсон тоогүй явдлаа өгүүлсэн ч үнэндээ энэ тоогүй явдал нь өөрт ерөөл буян болж, удмыг нь залгаж, ургийг нь гагнах хүү болж иржээ. Нямаагийн аав, ээж Дархан хотод амьдардаг бөгөөд нэгэн өвөл хөгшүүлээ иргэж ирэхээр хайртай хань, охиндоо хэлэлгүй ажлаа тараад л гэртээ ч ирэлгүй чимээгүй явчихжээ. Тэрбээр ажлаа дуусгаад орой 18 цаг өнгөрөөд гарсан аж. Мөн өвөл байсан болохоор гадаа аль хэдийнэ харанхуй болжээ. Хэдий тэр ганцаараа ч гэлээ хань болгоод аваад явчих хүн байхгүй тул хөгжмөөрөө хань хийхээр шийдэж, хотоос гараад Дарханы зүг хүлгийн жолоо залав.
Дархан, Эрдэнэтийн замд дандаа осол аваар гардаг нэг хэсэгхэн газар байдаг гэдгийг Нямаа хэн нэгнээс нэг биш удаа сонсож байжээ. Тиймээс замд хурдаа сааруулж, тааруулж явах ёстойгоо тэрбээр эрхбиш мэдэж явав. Холын гэрлээ шилжүүлж, хурдаа сааруулж явтал урд нь хар машин осолдсон бололтой нь нүдэнд зурсхийн харагдав. Гэтэл урдуур нь жаахан хүүхэд тэвэрсэн хүүхэн галзуу, эрүүл нь мэдэгдэхгүй хар хурдаараа гүйж орж ирээд бараг дайруулчих шахав. Сандарсан Нямаа тормозоо огцом дарж, нөгөө бүсгүйтэй тулаад л зогсов. Үс гэзэг нь сэгсийсэн бүсгүй “үхдэл” болсон хүүгээ тэвэрчихсэн аврал эрэн “Ах аа, бидэнд яаралтай туслаач. Бид осолдсон. Манай нөхөр машиндаа байгаа. Ядаж миний хүүг авраад аль ойрхон эмнэлэг рүү хурдан хүргээд өгөөч. Замаар явсан машинууд бидэнд тусалсангүй. Цаг хугацаа алдаад байна” гэж уйлан хайлан нэг амьсгаагаар хурдан гэгч урсгаж ярьжээ. Нямаа ч ухасхийн бууж, гар дээрээс хүүг нь авбал аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Эл байдлыг нь ээжид нь хэлтэл бүсгүй ухаан алдан муужран газар унав.
Ийнхүү хоёр цогцос, нэг ухаан алдсан хүний дунд Нямаа яахаа мэдэхгүй барьц алдсан ч аль болох тайвнаар, сандрахгүй байхыг өөртөө зөвлөж, машиндаа цогцсуудыг хийж явахаар болжээ. Тэрбээр бүр муу ёртой, урьдаас бэлтгэсэн юм шиг ажлаасаа гарахдаа цогцос хийдэг кодтой гурван уут аваад машиныхаа ард хийжээ. Тухайн үед юу ч бодолгүй багажиндаа хийсэн бөгөөд тэрбээр ийм явдалтай таарсандаа гэнэт сэжиглэжээ. Хэдий дотроо сэжиглэж байгаа ч аврал, тусламж эрсэн бүсгүйд туслах ёстой гэсэн хүн чанар зулгааж, бүхнийг өөрийн гараараа хийх үүрэгтэй болов. Тиймээс тэрбээр нөгөө кодтой ногоон уутандаа аав, хүү хоёрын цогцсыг хийгээд машиныхаа ард арайхийж хийж, ухаан балартсан эмэгтэйг урд суудалдаа суулгаад хөдөлжээ. Учир нь, сүлжээ орсон газар дуудлага өгч, цогцсуудыг хүргэх ёстой газар нь хүргэх нь зөв гэж боджээ. Ингээд иргэний үүргээ гүйцэтгэсэн Нямааг цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах ёстой гэж үзэн шалгаж, мэдүүлэг авч эхэлсэн байна.
Харин дараа нь хэрэгт холбогдолгүй гэж, хохирогчдыг өөрсдөө хурд хэтрүүлэн явж байгаад осолдсон гэх дүгнэлт гарчээ. Шүүх шинжилгээгээр бол аав, хүү хоёр дотуур цус алдалттай нас барсан гэх онош тавигджээ. Нөхрийг нь ямар байр байдалтай амиа алдсаныг нь нэгбүрчлэн харж чадаагүй Нямаа нэг нас 8 сартай хүүг ямар байдалтай байсныг тод санаж байв. Хүү ээжийнхээ элгэнд наалдаж, гар дээр нь зүгээр л амар амгалан унтаж байгаа мэт харагджээ. Харин ээж нь сандран “Ядаж миний хүү амьд байх учиртай. Бидэнд ирсэн бурханы билэг шүү дээ. Бурхан ийм хурдан буцааж авах учиргүй. Та ямар нэгэн арга бодож туслаач ээ” гэж орилж чарлах ээжийн үг одоо ч түүний чихэнд сонсогдох шиг болдог гэнэ шүү. Хүү аль хэдийнэ амьсгал хурааж, амар амгаланг олсон мэт харагдсан нь тэр. Ийнхүү нэгэн гэр бүлийн амийг аварч чадаагүй Нямаа өөртөө халаглах ч нөгөө талаар ослын хажуугаар хараагүй мэт өнгөрсөн машинтай хүмүүсийг бодон “Өөдгүй хүмүүс олон болжээ” гэж зүхэж, өөрийгөө тайвшруулсаар бараг сар гаруй хугацааг ардаа үджээ.
Хамгийн сонирхолтой нь, нөгөө балчир хүүгийн амар амгаланг олсон дүр төрх нь харагдаад байдаг болов. Зарим шөнө бүр зүүдэнд нь ирдэг болжээ. Эл байдлаа эхнэртээ мэдэгдчихгүй гэсэндээ хар дарсан шөнийн зүүдээ хүртэл хав дарчихдаг болжээ. Цаг хугацаа явсаар дөрвөн сар өнгөрчээ. Зуны улирал ирж, цэцэг ногоо хэнзэлж дэлгэрсэн цагаар гэр бүлээрээ Дарханд амьдардаг аав, ээжийнхээ амар мэндийг зорихоор явахаар болжээ. Өдөржин ажилтай байсан тэд мөн л оройн цагаар Дархан руу хөдлөв. Нямаа явж байгаад нөгөө осол болсон газрыг гэнэт санаж, бие арзайж, хүйтэн хөлс нь дааварласан ч тайван царай гарган хурдаа сааруулан явтал замын голд яг нөгөө балчир хүү өмссөн хувцастайгаа урдаас нь гараа сарвайсаар гүйгээд ирж харагдав. Айсан бас гайхсан Нямаа огцом тормозлоход бүгд урагшаа хүчтэй цонхны шил мөргөлөө.
Эхнэр нь “Хүүе яав ийв, зүгээр үү, юу болов?” гэж сандран асуухад Нямаа машин доогуур хүн орчих шиг боллоо гэхэд эхнэр нь гэнэт айж “Чи юу ярина вэ. Юу ч харагдаагүй ш дээ. Өөрөө буугаад хар даа. Битгий хүн айлгаад сонин сонин юм яриад бай” гээд загнах, зандрах хоёрын хооронд хэлжээ. Нямаа ч зориг зүрх гаргаад машинаасаа бууж тойроод доогуур, дээгүүр юм харвал юу ч харагдсангүй. Ингээд гайхсан Нямаа машинаа асаагаад хөдлөөд явангуут машины дунд толинд нь нөгөө хүүгийн сүнс гараа сарвайсан чигээрээ алсран хоцорчээ. Эхнэр нь айгаад дуугаа хураачихав. Харин Нямаа болсон явдлыг мартахын тулд “Алтан шар зам” дууг сэнгэтэл сайхан дуулаад юу ч болоогүй мэт рулиэ мушгиад явжээ. Аврал эрсэн нялх балчир хүүд тусалж чадаагүйд өөрийгөө буруутгасан Нямаа энэ осолд “Би л буруутай болоод байна уу?” гэсэн хардлагыг төрүүлж, “Яагаад надад тэр хүүгийн сүнс харагдаад байгаа юм бол оо? Ер нь нэг лам хувраг, бөө дээр очиж асууж сураглая даа” гэж бодоод өнгөрчээ. Ажил ихтэй хүнд тэр бүр зав гарахгүй явсаар дахин нэг сарыг авчээ.
Гэтэл нэг шөнө дахиад л нөгөө хүүгийн аврал эрсэн харцтай, гараа сарвайсан дүр зүүдэнд нь зочлон иржээ. Гэхдээ тэр балчир хүү аврал эрж байгаа нь илт харагдана. Зүүднээсээ айсан Нямаа маргааш өглөө нь марталгүй ажлаасаа хэдэн цагийн чөлөө авч манайдаа мундаг том бурханч лам дээр очихоор болжээ. Ингээд удаан цаг гаруй хүлээсний эцэст бурханч ламын өргөөнд орж, өөрт учирсан мөн учраад байгаа явдлаа учирлан ярьжээ. Харин хариуд нь лам ховлого татаж үзээд “Аюултай муу зүйл болохгүй ээ” гэдгийг хэлэв. Учир нь “Тэр хүүхэд аав, ээждээ асар их үнээр олдсон, амьдралд богинохон настай ирсэн бурханы хамгийн нандин бэлэг байжээ. Хоромхон зуурт үзэгдээд өнгөрсөн ховор од байсныг хожим нь ойлгов. Тэгээд чамаас аврал эрж байгаа мэт харагдаад байна гэдэг аврал эрсэнийх биш ээ, бидэнд тусалсанд баярлалаа гэдгийг илтгэсэн байна. Одоо дахиж харагдахгүй ээ. Харин удахгүй танай ам бүлд эргэн төрөх сайн нигууртай. Яг эл төрхөөрөө эргэн төрнө” гэж айлджээ. Ийнхүү санаагаа бага ч болов амраасан Нямаа сэтгэл амар явж, нөгөө хүү ч нүдэнд нь харагдаж, зүүдэнд ирэхээ болив.
Цаг хугацаа улиран одсоор, ламаас сонссон ер бусын зүйлээ ч эхнэртээ хэлэхийг хүсээгүй Нямаа чимээгүй л ажиллаж, амьдарсаар явав. Хүний хүүрт задлан шинжилгээ хийдэг ажил хүсээд байх ажил ч биш, нөгөө талаар шинжээч мэргэжилтэй хүний хийх ажил гэдгийг сайтар ухамсарласан тэрбээр улсад тасралтгүй 13 жил ажиллав. Дээрх ер бусын осолтой таарснаас хойш даруй гурван жил өнгөрчээ. Харин хавар цаг юмдагНямаагийн эхнэр хөл хүнд болжээ. Тэднийх бүл нэмэхээр ийнхүү бэлтгэж эхлэв. Өдрөөс өдөрт хайртай ханийнх нь гэдэс оворжин бүдүүрч, охин нь дүүтэй болох нь гэж хөл газар хүрэхгүй хөөрцөглөж, баярладаг болов. Зургаан сартай хэвлий дэх ургаа эход харуулсан эхнэр нь ямар хүүхэд гэдгээ эрт олж мэдэв. Гэхдээ тэрбээр нөхөртөө хэлэхгүй сюрприз барихаар шийджээ. Нөхөр нь мэдээгүй дүр эсгэсэн ч цаанаа бол ямар хүүхэд гэдгийг мэдсэн байсан учир эхнэрээ шалгаахгүй явсаар байв. Ингээд эхнэр Мядаг нь амаржих хугацаа нь болж, төрөх эмнэлэг бараадуулав. Хэдэн өдөр дуншиж өвдсөн ч хүүхэд гарахгүй эхийгээ их зовоов.
Эх баригч эмч нар өөрөөр нь төрүүлэхээр үзэж тарсан ч төрүүлж чадсангүй. Хүүхэд дотроо бүтэж, зүрхний цохилт удааширлаа гэснээр эмч нарыг түргэн авахуулж, яаралтайгаар хийсвэрт оруулж, Нямаагийнх гэдэг айл хүү боож авлаа. Энэ ертөнцөд хоёр дахь удаагаа мэндэлж байгаа хүү их л гомдолтой, бас тунирхалтайгаар часхийн дуугаан хадааж мэндлэхэд эмнэлгийн үүдэнд хүлээж байсан Нямаагийн магнай хагартал баярлахдаа өөрийн мэдэлгүй мэлмэрүүлжээ. Тэрбээр “Хоёр яс эсэнд мэнд саллаа шүү. Ашгүй дээ, бурхан минь” гэж бодож, санаа нь уужрав.Ингээд тав хоногийн дараа эмнэлгээс шинэ хүнээ гаргаж авах Нямаа “Ямар “амьтан” байгаа бол доо? Аавыгаа дуурайсан болов уу, эсвэл яг ээж болов уу?” гэж бодож амжив. Хүсэн хүлээсэн мөч ирж, хүүгээ гаргаж авах өдрөө эрт гэгч машинаа Нэгдүгээр төрөхийн гадаа тавьжээ. Өдрийн 14:00 цагийн үед сувилагч бүсгүй өлгийтэй хүүг тэвэрсээр, эхнэрийг нь дагуулсаар коридорт гарч ирээд “Мядагийн гэрийнхнээс байна уу?” гэж дуудахад Нямаа малгайгаа засч духдуулаад “Би байна” гэж сандал дээрээс ухасхийн босож очоод өөдсийн чинээхэн улаан цурав хүүгээ гардаж авав.
Хүсэн хүлээсэн хүүгийнхээ өлгийг нь засаад нүүр рүү нь өнгийн хараад эгээтэй л цочсондоо хүүгээ газар унагаачихсангүй. Тэрбээр “Нөгөө зүүдэнд нь зочилдог хүү яг төрхөөрөө харагдав. Ийм юм гэж байх аа? Ямар сонин юм бэ? Лам ч үнэн хэлжээ. Бурхан минь, ийм хөөрхөн амьтанд тусалж чадаагүй миний түмэн буруу. Тиймээс намайг тоож нартад ирсэн энэ балчир үрийг насан туршдаа хайрлан хамгаалж, муу муухай бүхнээс хол явуулж, өсгөх хүндтэй үүргийг аав нь хүлээлээ шүү дээ” гэж өөртөө хэлээд хүүдээ Мөнх-Амьдрал гэж нэр хайрлаад баруун чихэнд нь шивнэжээ. Хоёр удаа амьдралд ирсэн ховор заяат алдрайхан хүү нь өнөөдөр 16 насанд хүрсэн мундаг том эр болсон” гэж сонирхуулан ярив.Харин хожим сонсох нь ээ, хайртай хань, ганц хүүгээ алдсан нөгөө эмэгтэй сэтгэцийн өвчтэй болж, унаж татдаг өвчин тусаж, Шархадны эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болсон гэнэ лээ шүү. Аргагүй шүү дээ. Босгосон амьдрал нь орвонгоороо эргэж, амьдралын гол эрдэнэ болсон хүмүүсээсээ гэнэтийн байдлаар зуурдаар алдаж, тэднээсээ салж хагацна гэдэг тийм амар даваа биш бөгөөд өөрийнхөө биеэр мэдэрч, нүдээр үзсэн гамшиг зовлонг хүн яаж мартаж чадах билээ. Галзуурах нь аргагүй дээ гэж Нямаа ярьж, бид хоёрын яриа өндөрлөсөн юм даа.
Эх сурвалж www.wikimon.mn