Улаанбаатар хотын хэмжээнд буй сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сургуульд суралцдаг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
Тэдний нийгэмд оролцох оролцоо улам бүр хязгаарлагдаж, тусалж ирээдүй рүү нь хөтөлдөг байгууллага, хувь хүн тун ховор. Тэгвэл энэ монголынхоо ирээдүй болсон бяцхан дүү нартаа итгэл, эрч хүч өгч, нийгэмд өөрийнх нь оролцоог чухал гэдгийг мэдрүүлэхээр үйл ажиллагаа явуулдаг сайхан сэтгэлтэй залуус өөрсдийнхөө чин сэтгэлээр нэгджээ. Тэд бүтээнэ, хийж чадна гэсэн сэтгэлээрээ жигүүрлэн "Хамтдаа инээмсэглэе" аянг одоогоос хоёр жилийн өмнө зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд урам хайрлаж, бодитоор тусалж, дэмжсээр өнөөдөртэй золгожээ.
Өдгөө "Хамтдаа инээмсэглэе-2016" урлагийн их наадмыг нийслэлийн зургаан тусгай сургуулийн дунд зохион байгуулахаар их ажилдаа шамдан яваа тус аяны зохицуулагч Т.Азжаргалтай уулзаж ярилцлаа.
-"Хамтдаа инээмсэглэе" аянг анх өрнүүлж байсан түүхээсээ яриагаа эхлүүлье?
-Намайг Азжаргал гэдэг. "Хамтдаа инээмсэглэе" сайн үйлсийн аянг анхлан үүсгэн байгуулаад хоёр жил болж байгаа билээ. Анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28-нд 25-р дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад "Инээмсэглэл бэлэглэх" амьдралын нэг өдрийг аз жаргалтай өнгөрөөх, хүүхдүүдийн баяр баясалтай байгаа мөчөөр үзэсгэлэн гаргах зорилготой эхлүүлж байсан. Ингэхдээ зүгээр очоод бэлэг гардуулах биш аль болох хүүхдүүдэд дурсамж үлдээх, тэднийг баяр баясгалантай байлгахыг бодож уран нугаралт, алиалагчтай баялаг номертой урлагийн тоглолт зохион байгуулсан юм. Энэ урлагийн наадмынхаа үеийн хүүхдүүдийн баяртай агшинг нь студи-3 фото зургийн студитэй хамтран ажиллаж гэрэл зургийн хальснаа буулгаж өгөөд бэлэг өгч байлаа. Уг үйл ажиллагаанд анх 20-иод залуу нийлээд эхлүүлсэн. Залуус маань энэ ажлаасаа урамшиж сайн дурын ажил ямар сайхан урам хайрладаг болохыг маш сайн ойлгож авсан.
-Хүүхдүүдийг жилд хэдэн удаа баярлуулж байна?
-Жилд тэдэн удаа баярлуулна гэсэн зүйл бол байхгүй. Манайх сайн үйлсийн аянаа цуврал хэлбэрээр явуулдаг. Одоогоор нийт есөн томоохон цуврал үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан. Одоо удахгүй болох урлагийн их наадам 10 дахь үйл ажиллагаа нь болно. Цуврал сайн үйлсийн аян зохион явуулах болгондоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүхэнд материаллаг болон материаллаг бус сэтгэлийн дэм зэрэг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад дэмжиж буй байгууллагуудаас дэмжлэг авч есөн цувралаа зохион байгуулагдсаны дараа албан бус тоогоор 2500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын боломж доогуур хүүхдүүдэд тусалсан тооцоо гарсан.
-Сэтгэлийн дэмээс гадна бэлэн хандив туслалцааг үзүүлдэг гэлээ. Энэ талаараа тодруулж ярина уу?
-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах эсвэл сайн үйлсийн аян гэхээр л хүмүүс дандаа л нэг чихэр, жимс өгөх жоохон материаллаг талаасаа боддог. Энэ бүгдийг өгч болно л доо. Хүүхэд бүхэн л амттанд дуртай, шинэ хувцас, шинэ тоглоомонд дуртай. Бид нар дэмжигч байгууллагуудаасаа санхүүгийн дэмжлэг авдаггүй. Хийх гэж буй ажлаа танилцуулаад бид нарын зүгээс зохион байгуулах бүх зүйлийг хийнэ. Харин та бүхэн материаллаг зүйлсээр дэмжинэ үү гэсэн саналыг тавьдаг. Тухайлбал, хүүхдийн хичээлийн сургалтад хэрэглэгдэх хэрэгсэл, тоглоом, ундаа зэргээр дэмжлэг авдаг.
-Энэ жилийн урлагийн их наадам нь Хамтдаа инээмсэглэе аяны хоёр жилийн ой тохиож буйтай давхцаж байгаа гэсэн. Сайн үйлсийн аянд дэмжигч байгууллага олно гэдэг амаргүй даваа. Ямар ямар байгууллагууд хамтран ажиллаж байна?
-Сайн үйлсийн аянг хийдэг хувь хүн болон төрийн бус байгууллагууд олон болчихсон. Тийм болохоор хүмүүс хандивын аянд туслахаасаа их цааргалах явдал байдаг. Харин манай энэ үйл ажиллагаа нь хийсэн бодиттой ажилтай, тусалж байгаа хүүхдүүдэд нь хүртэл туслахаас өөр сонголтгүй байдалд оруулдаг л даа. Иймд бидний урлагийн их наадмыг дэмжиж хамтран ажилладаг байгууллагууддаа баярлалаа. Энэ жилийн хувьд Үндэсний үйлдвэрлэгч "Оргио тахиа"-г үйлдвэрлэд Ажигана компани, "Азтай хүүхэд сан", "Тэнгэрийн Модун ТББ", "Тэнгис" кино театр, "Блисс ресторан", " "Сарангэрэл сан", "Хас Медиа энтертайнмент" зураг авалтыг хариуцна, "Хил хамгаалах ерөнхий газар" , мэдээллийн ивээн тэтгэгчээр www.Dorgio.mn сайт, Монголын залуучуудын холбооны харьяа хүмүүнлэгийн байнгын хороо болон хувь хүмүүс дэмжиж, хамтран ажиллаж байна.
-Урлагийн наадам зохион байгуулах санаа хэрхэн төрж байв?
-Түрүү жилийн урлагийн наадмаа санаа төдий ярилцаж байгаад зориглоод хийгээд үзье гээд Нийслэлийн зургаан тусгай сургуулийнхаа сурагчдынхаа дунд зохион байгуулж авьяасыг нь тодруулъя гэж ярилцаад зохион байгуулсан. Хүүхдүүдийнхээ авьяасыг цааш нь хэрхэн хөгжүүлж болох уу гэдгээ ярилцаад мундаг сайн дуулдаг хүүхдийг дууны студид дуугаа бичүүлэх, сургалтад явах эрх, сайн шүлэг уншдаг хүүхдийг хөтлөгчийн курст суралцах эрхээр шагнаж, урамшуулахыг зорилгоо болгон ажилласан. Ингэснээр бид бодит ирээдүйг нь харсан ажил хийж байгаа юм. Тэрнээс сайн үйлсийн аян гэхээр л талх бариад очдог явдал бий болсон. Гэтэл энэ нь биш юм аа. Сайн үйлсийн аянг хийж байгаа хүмүүстээ бодитоор дэм болж чадахуйц зүйл юу байгаа талаар их судалсан юм. Үүнийхээ үндсэн дээр хийсэн гэсэн үг. Ингээд л урлагийн наадмыг анх хийх болсон л доо. Хүүхдүүд маань маш сайн бэлдэж оролцсон. Энэ ажлаа цааш нь үргэлжлүүлэн хийе гээд энэ жил хоёр дахь удаагаа хийхээр ажил ихтэй гүйж явна. Хүүхдүүд маань бэлтгэл ажилдаа хэдийнээ орчихсон. Одоо тоглолт болох өдрөө хүлээгээд л байж байна. Энэ сарын 30-ны 11 цагаас Хил хамгаалах газрын урлагийн танхимд болно. Тоглолтыг хүрэлцэн ирж үзэж, сонирхох хүсэлтэй бүх хүнд үүд хаалга нээлттэй байгаа шүү гэдгийг энэ дашрамддуулгая.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг чиглэсэн ийм төрлийн тоглолт бараг зохион байгуулагддаггүй. Багш нар хэрхэн хүлээн авч байна. Хүүхдүүд идэвхтэй оролцож байгаа байх?
-Түрүү жилийн урлагийн наадмыг үзсэн хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн нэгэн номерын талаар ярья. Сонсголын бэрхшээлтэй хэрнээ мундаг бүжиглэдэг хүүхэд байна. Харааны бэрхшээлтэй мөртлөө таван төрлийн хөгжмийг аягүй сайхан тоглодог, дауны синдромтой мөртлөө "Ээжээ би таны үргэлжлэл" шүлгийг чин сэтгэлээсээ уншиж тэрхүү тоглолтыг үзэж суугаа бүх хүний сэтгэлд хүрч чадсан гэхээр хүүхдүүд маань маш сайн бэлддэгийн илрэл шүү дээ. Багш нь "чи муу бүжиглээд байна аа. Урлагийн наадамд орж болохгүй" гэхэд нь тоглолт болохын өмнөх өдрийн шөнө бүжгээ бэлдээд бүжгээ бүжиглэж тусгай байранд орж байсан оролцогч хүртэл бий. Тэгэхээр ах эгч нар гоё бэлэг өгдөг, бас урлагийнхан ирж дуулж хуурддаг гээд хүүхдүүд их хичээж бэлддэг.
Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулдаггүй болохоор багш нар сайн хүүхдүүдээ бэлдэж оруулдаг юм. Тэгээд түрүү жил санаанд оромгүй их урмаар тэтгэгдсэн болохоор энэ жил урлагийн наадмаа хийе гэж зүтгэлээ.
-Түрүүн та уран бүтээлчид ая дуугаа өргөдөг гэлээ. Энэ жил ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Одоогоор урилгаар "Мөнхийн реп" хамтлаг, Дуучин Улаанцэцэг, Мишээл, Цэкү, Энхжаргал, Бүжигчин Түвшинжаргал, Doctor Clown нар оролцоно.
Мөн хүүхдүүд маань зургаан номанцид өрсөлдөх юм. Мэндчилгээ, Гоцлол дуу, Хамтлаг дуу, Уран уншлага, Гоцлол хөгжим, Гоцлол бүжиг, Багийн мэндчилгээ гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулна. Хамгийн сонирхолтой нь манай урлагийн их наадмын ерөнхий шүүгч дээр жүжигчин Г.Ундармаа, П.Эрдэнэзаан, М.Баярмагнай, в коктейль хамтлагийн жүжигчин Э. Цолмонбаяр нар ерөнхий шүүгчээр ажиллахаар бидний урилгыг хүлээн авсан байгаа. Тэгэхээр маш сонирхолтой арга хэмжээ болно.
-Шүүгчдийн зүгээс ямар үнэлгээгээр шилдгүүдээ тодруулах уу?
-Өнгөрсөн жил 0-10 онооны үнэлгээгээр оролцогчдоо үнэлж байсан. Бидний зүгээс шүүгчдэдээ онооны хүснэгт, сурагчдынхаа нэрс гээд бүхий л зүйлийг нь бэлдэж өгдөг. Тийм болохоор шүүгчид хүрэлцэн ирээд хүүхдүүдийн хэн нь илүү авьяастай байна гэдгийг бодитоор тодруулж өгөх л юм бол шагналын сан бүрдчихсэн байгаа.
-Түрүү жил авьяаслаг хүүхдүүдээ сургалтад хамруулсан. Тэгвэл энэ жилийн шагнал урамшуулал юу бэлдсэн бэ?
-Энэ жилийн хувьд илүү их бэлэг өгье гэж зорьсон. Дандаа шагнал гэхээсээ илүүтэй бүх оролцогч хүүхдүүддээ маш их хэмжээний гарын бэлэг өгье. Дээр нь шагналыг нь өөрсдөд нь өөрт нь хэрэгтэй материаллаг бэлэг өгнө гэж төлөвлөсөн. Мөн Хамтдаа инээмсэглэе аяныхаа нэрэмжит медалийг гардуулна.
Урлагийн наадмынхаа Гранприг хүртсэн шилдэг сургуульдаа шилжин явах цом, 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг өгнө. Мэдээж энэ мөнгөн шагнал төсвийн байгууллага сургалтадаа ашиглахад хувь нэмэр орох байх гэж үзэж байгаа.
-Сайн үйлс бүхэн буян хурааж байдаг. Эцэг, эхчүүд нь хэрхэн хүлээж авч байна. Та бүхэнд олон удаа урмын үгээ хайрласан байх?
-Хамгийн тод сэтгэлд үлдсэн нь 2014 оны 12дугаар сард нийслэл хотын хүүхдүүд гэлтгүйгээр орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тус больё гээд эндээс хичээлийн хэрэгсэл, хувцас, тоглоом хандиваар цуглуулаад "Орбит комплекс" компаниас гурил хандиваар авч Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод 500 хүүхдэд "Шинэ жилийн инээмсэглэл" нэртэй урлагийн тоглолт зохион байгуулж өгсөн. Яагаад тоглолт зохион байгуулсан бэ гэхээр орон нутгийн хүүхдүүдийн тоглолт үзэх эрх нь жоохон хязгаарлагдмал байдаг. Манайд дуулж бүжиглэдэг их авьяаслаг залуус байдаг болохоор өөрсдийнхөө нөөц бололцоонд дээр үндэслээд тоглолт хийсэн. Мандал сумын хэмжээнд 80 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг юм байна лээ. Тэгээд тус сумын Засаг даргын тамгийн газартай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг талаар өдөрлөг зохион байгуулаад Улаанбаатар хотоос цуглуулсан хандив, 0.7 тонн гурилаа гардуулсан. Энэ үеэр нэг хөгжлийн бэрхшээлтэй ээж нь тусгайлан зорьж ирээд "манай хүүхэд төрснөөсөө хойш ийм тоглолт үзээгүй. Өвлийн өвгөн, цасан охин харж байгаагүй маш их баярлалаа" гээд сэтгэлийн үгээ хэлж байсан нь сэтгэлд тод үлджээ.
Бид нар нийслэлийн хэмжээнд зургаан сургуулиудаараа тойроод "Хамтдаа инээмсэглэе" өдөрлөгөө зохион байгуулахаар маш их тааламжтай хүлээж авдаг.
-Та бүхний энэхүү үйл ажиллагаатай хамтран ажиллая гэж хүүхдийн байгууллагаас болон төрийн байгууллагуудаас санал ирж байв уу. Энэ талаар тэд хэрхэн хүлээж авдаг бол?
-Холбогдох яам, салбар нь ялангуяа энэ урлагийн наадмыг зохион байгуулдаггүй гэдгийг анх сонсоод гайхаж байсан л даа. За төсөв төлөвлөгөөт ачаалал ихтэй байдаг юм болов уу гэж бодсон. Хүүхдийн төлөө үндэсний төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяасыг тодруулах гэхээрээ жижигхэн зааландхэдэн тэргэнцэртэй хүүхдүүдийг суулгачихсан. Тэднийх нь нэг нь гарч дуу дуулаад, шүлгээ уншаад нэг бэлэг өгсөн өгөөгүй нь үл мэдэгдэх ажил явуулдаг юм билээ. Үүнийг харчхаад үнэхээр их ичсэн. Тэгээд л хамгийн анх сайн үйлсийнхээ аяны залуустаа зориглож энэ санаагаа хэлсэн. Хийсэн шиг хийе, Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал гэдэг хэдүүлээ хүүхдүүдээ маш их бэлэг өгье, баярлуулъя, гоё юм үзүүлье, өөрсдөд нь итгэл бэлэглэж, бодит ажлыг хийхийг зорьсон.
Тэгээд дээрх байгууллагуудаар орж санал өгөхөөр маш их цаг хугацаа алддаг. Их олон шат дараалалтай шийдэгддэг юм байна лээ. Тэгэхээр сайн дурынхан чинь итгэл, сэтгэл, эрч хүчээрээ нэгдчихдэг залуус болохоор бид нар өөрсдийнхөө хүчээр маш хурдан хугацаанд, маш өндөр зохион байгуулалттай цаг хэмнээд зохион байгуулж чаддаг.
Энэ хоёр жилийн хугацаанд Хамтдаа инээмсэглэе сайн үйлсийн аянд 200 гаруй залуус нэгдэж бүгд өөрсдийнхөө дэмийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлсэн. Энэ нь хүүхдэд тусална гэхээсээ илүүтэйгээр залуусаа сайн дурын ажилд идэвхтэй байхыг уриалах юм бол хувь хүнд асар их идэвхжүүлэлт болно. Басхүү энэ хүүхдүүдийн хажууд би маш их хүчин чармайлт гаргаж, хичээж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг урам өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр залуучуудыгаа сайн дурын ажил гэхээр бал зардаг, тэр олсон орлогоороо хүнд дэм болдог гэдгээр битгий төсөөлж ойлгоосой. Гол нь бид нар хэнд, яаж тусалж байна гэдгээсээ хамаарч сайн дурын ажилд оролцдог байгаасай гэж хүсдэг юм.
-Тайз нь дээр дуулаад хөгжөөд зогсож байгаа хүүхдүүдийг харахад "би одоо энэ ажлыг хийчихлээ шүү гээд сэтгэл нь хөдөлдөг" байх?
-Сэтгэл маш их хөдөлдөг. 2015 оны урлагийн наадам дээр өөрт маань тогтож сууж нэг номанци үзэх зав гараагүй л дээ. Бүх зүйлийнхээ арын албанд хүүхдүүдийн бэлэг юу болж байна, одоо тэр сургуулийн хүүхэд гарч ирнэ. Шүүгч нь яаж байна" гээд л бүх асуудалд анхаарлаа хандуулдаг. Тэгээд түр зуурын амрах хугацаандаа харахад их сайхан байдаг. Зохион байгуулсан ажлаа дуусгаад тайлангаа гаргаж, үр дүнгээ гаргахад үнэхээр чадсан байдаг. Хамтдаа инээмсэглэе сайн үйлсийн аяныхаа залуучуудаар маш их бахархдаг. Сайн баг байж ажил явна. Хичнээн ганцаараа хийе гэж зүтгээд амжилт олохгүй. Энд багийн амжилт их нөлөөлдөг, чухал байдаг.
-Цаашдын юу хийхийг зорьж явна. Зөвхөн урлагийн наадмаар хязгаарлагдах нь лавтай?
-Урлагийн наадмаар хязгаарлагдахгүй л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын төвшин доогуур хүүхдүүдээ бодит тусламжаа хүргэсээр байх болно. Мөн энэ хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх багш нарыг нь чиглэсэн
Тал харвалттай гар нь ажиллаагүй хүүхэд хөлөөрөө зурдаг болоход багш нь маш их үүрэг, ач тусаа өгч байгаа. Тусгай сургуулиудын багш нар хүнд нөхцөлд цалин багатай ажилладаг. Залуучуудын байгууллагын хүмүүнлэгийн байнгын хороотой хамтарч энэ багш нартаа чиглэсэн чуулган зохион байгуулж тулгамдаж байгаа асуудлыг нь гаргаад ирье. Тэгээд тэрхүү асуудалд нь бид нар аль яам, салбар руу нь дуу хоолойгоо хүргэж шийдэх тал дээр нь туслах өдөрлөг зохион байгуулах. Түүнчлэн багш нараа хөгжүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулахаар ажиллахаар төлөвлөсөн байна. Манай аян бусад аянуудаас ялгарах онцлог нь энэ хүүхдүүдээ ирээдүйд өрхийн орлогоо өөрсдөө олоод амьдрах иргэн болох үндэс суурийг нь тавиад өгчих юмсан гэсэн зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Яагаад гэхээр эдгээр хүүхдүүд чинь бүрэн дунд сургуулиа төгсөж гарсныхаа дараа Монголд их, дээд сургуульд суралцах боломж байхгүй шүү дээ. Тийм болохоор энэ хугацаанд жоохон ч гэсэн авьяасыг нь хөгжүүлж, орлоготой болчих иргэн болчихоосой л гэж алсыг харсан ажил хийж байна даа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмээсээ маш их орхигдож байдаг. Энэхүү оролцоог нь идэвхжүүлж нээж өгч байгаа гэсэн үг л дээ.
-Тийм шүү. Маш их бүрэг ичимхий хүүхдүүд байдаг. Анхны үйл ажиллагаан дээрээ бид нар хүүхдүүдэд Cup cake гээд аяган тоортыг өгөхөд баярласан харц нь нүдээр нь илэрхийлэгддэг. Багшдаа "өнөөдөр би аймаар азтай байлаа. Надад энэ ах эгч нар өгсөн" гээд баярлаж байгаа хүүхдүүдийг харахаар сэтгэл их хөдөлдөг, баярладаг. Болдог бол бүх зүйлээ л өгмөөр санагддаг. Даанч санхүүгийн дэмжлэг авч байж л энэхүү ажлуудаа хийдэг болохоор тэгж чаддаггүй.
-Сэтгэлээрээ нэгдсэн сайхан эрч хүчээр цэнэглэгдсэн залуустаа амжилт хүсье.
-Баярлалаа.