Хүн төрөлхтний эв нэгдлийн эх баяр наадам болох зуны Олимпийн 31 дүгээр наадам Бразилын Рио хотноо энэ сарын 5-22-ны өдрийг хүртэл үргэлжилж, өндөрлөлөө. Өмнөд Америк тивд анх удаа болсон энэ удаагийн Олимпийн наадамд дэлхийн 200 гаруй орон оролцож, спортын ариун тэмцлийг өрнүүлсэн юм. Манай улсын хувьд 43 тамирчнаа Рио руу илгээсэн нь түүхэн амжилтыг давтсан үзүүлэлт байлаа. Түүнээс гадна манай жүдогийнхон бүтэн багаараа Олимпийн наадамд оролцлоо. +78 кг-ын бөхийг эс тооцвол шүү дээ. Мөн чөлөөтийн эрэгтэйчүүд бүтэн багаараа оролцсон нь ч гэсэн түүхэн амжилт болсон. Дээрээс марафоны тамирчид тавын тавуулаа Бразилд очсон.
Хүндийн өргөлтийнхөн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчнаа оролцууллаа. Боксынхон хүртэл зургаан тамирчнаа Рио руу илгээсэн нь сүүлийн хэдэн жилд гаргаагүй л амжилт. Дээрээс нь Лондоны Олимпийн наадмаас Рио хүртэлх дөрвөн жилийн циклд манай жүдо, чөлөөтийнхний амжилт үнэхээр сайн байсан. Боксынхон ч гэсэн чамлахаар байгаагүй. Тиймээс монголчууд бид Риог зорьсон 43 тамирчнаасаа амжилт хүлээж байсан.
Тэр дундаа топ дөрвөн төрлөөсөө ихийг хүлээсэн нь тодорхой. Харамсалтай нь хүлээлтэд нийцэхээр хэмжээнд оролцож чадсангүй. Бээжин болоод Лондоны Олимпийн наадмын амжилтдаа хүрсэнгүй, манайхан. Хамаагүй олон тамирчин илгээсэн. Дээрээс нь дөрвөн жилийн циклд Монголын тамирчид дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж байсан байж шүү дээ. Яахав, 2000 онд хоосон, 2004 онд ганц хүрэлтэй ирж байсны дэргэд бол дажгүй.
Гэхдээ л нэг үеэ бодвол тамирчдын чадвар чансаа дээшилсэн энэ үед иргэдийн хүлээлтэд хүрэх хэмжээнд байж чадаагүй нь Монголын ард түмний бухимдах шалтгаан болчихоод байгаа юм. Нөгөө талаар улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй, хэт үлбэгэр барилдаж байна гэх ч шүүмжлэл өрнөж, иргэд тамирчдаа өмөөрөх, шүүмжлэх хоёр хэсэгт хуваагдчихаад байгаа юм. Гэхдээ Монголын тамирчид муу оролцоно гэж Риод очоогүй нь тодорхой. Маш олон шалтгаан нөхцөл байгаа.
Чамлах уу, чанга атгах уу
Риогийн Олимпийн наадамд 200 гаруй орон оролцсоноос ердөө 87 нь ямар нэг байдлаар медаль хүртлээ. Португал, Арабын нэгдсэн Эмират улс, Австри гэх мэт хөгжсөн, эдийн засаг сайтай орнууд гэхэд л ердөө ганцхан хүрэл медаль авлаа. Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт орох Энэтхэг улс гэхэд манайхтай адилхан нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан. Ингээд бодвол бид авсан хоёр медалиа чамлах ёсгүй.
Харин ч чанга атгах ёстой юм биш үү. Нөгөө талаар Олимпийн наадам Өмнөд Америк тивд болсон нь манайханд тодорхой хэмжээнд нөлөөллөө. Бээжинд Олимпийн наадам болоход манай тамирчид хоёр алт, хоёр мөнгө хүртсэн. Хэн ч найдаагүй Н.Түвшинбаяр аварга болчихоод зогсч байлаа шүү дээ. Э.Бадар-Ууган бол Монголын боксын спортод гарч ирсэн тод од. Түүнд алтаас өөр медаль тэр үед харагдаагүй. Дээрээс нь цагийн зөрүү, цаг агаарын байдал нөлөөлсөн байх талтай. Тэгвэл Лондоны Олимпийн наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл, нийт таван медаль хүртсэн. Цагийн зөрүү Риог бодвол арай бага. Тийм болохоор чанараар Бээжинг гүйцээгүй ч тоогоор давсан.
Энэ удаад бол цагийн зөрүү, тухайн орны цаг агаар, бүхий л нөхцөл байдал манайд тийм ч таатай байгаагүй гэдгийг бодолцох хэрэгтэй. Гэхдээ л дэлхийн том мэргэжилтнүүдийн хэлж байсанчлан Д.Сумъяа финалдаж чадлаа. Түүнийг түрүүлнэ гэж байсан ч хараахан чадсангүй. Мөн тооцоонд байсан Д.Отгондалай медальд хүрсэн. Тийм болохоор хэдэн тамирчнаа хэтэрхий гоочилж, элдвээр хэлж, харааж зүхэхээ азная. Тэд хоосон гуяа ганзаглаад ирээгүй, хоёр медаль аваад ирсэн. Дээрээс нь манай тамирчдыг медаль авахад ямар олон шударга бус зүйл, буруу шүүлт хаалт, тээг болов гэдгийг ч бид харсан шүү дээ.
Нэг алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл авах боломж байлаа, даанч шүүлт…
Тамирчдынхаа амжилт гаргаж чадаагүйн бурууг бусад руу чихэх гэлээ гэж битгий бодоорой. Олимп үзсэн хүн бүр мэдэж байгаа. Шүүлтийн асуудал манай тамирчдыг “алсан” гэдгийг зүгээр л хүлээн зөвшөөрчих. Шүүгчтэй нь хамт найдвартай ялах хэрэгтэй л дээ, уг нь. Гэхдээ бас дэлхийн шилдгүүд хоорондоо “үзэж” байхад заримдаа илт давуу ялах хэцүү шүү дээ. Яг энэ үед л шүүгчдийн ур чадвар, шударга шүүлт хэрэгтэй. Жүдогийнхноос авахуулаад л бид үзэмж харсан шүүлтийн горыг амссан. Д.Сумъяа таамаг ёсоор алт авах байлаа. Гэвч Бразилын бөх тохойгоороо тахимдаад л ялчихлаа. Нөгөө шинэчилсэн дүрэм энэ тэр хаана байгаа юм.
Тухайн үеийн барилдаанд тааруулаад л дүрмээ тайлбарлачихсан. Г.Одбаярын барилдаан дээр гэхэд л Америкийн тамирчин илт муу барилдаж байхад торгохгүй байсаар байгаад л дуусгасан. Бокс дээр яав. Д.Отгондалай эхний үед биш юм гэхэд сүүлийн хоёр үе дээр илт илүү байж, өрсөлдөгчөө зодсон. Гэтэл Францийн тамирчинд ялалт өгөөд л дуусгасан. Бокс дээр энэ мэт булхайтай шүүлт хэд хэд гарч, зарим тамирчин нь бүр шүүгчид дунд хуруугаа гозойлгосон. Шүүлтийн асуудал ганцхан манайд тохиолдоод байгаа юм биш. Дэлхийн том улсууд хүртэл аргаа барж байна. Хамгийн сүүлд Г.Мандахнаран дээр яав. Бүгд л мэдэж байгаа.
Гэтэл Олон улсын боксын холбоо, Дэлхийн бөхийн холбоо хэдэн шүүгчээ хөөсөн нэр зүүгээд л үлдлээ шүү дээ. Ганцхан манай тамирчид луйвардуулчихлаа гээд ялагдлаа бусдад тохоод байгаа бол яахав. Гэтэл бусад орнууд ч гэсэн аргаа барж, тамирчид нулимсаараа “нүүрээ угааж” байгааг хэн хүнгүй л харсан байх. Хэрвээ жаахан шударга шүүсэн бол бидний хүсч байсан алт, мөнгө, хүрэл медалиудыг хэд хэдийг авчих боломж байсан уу гэвэл байсан юм шүү.
Дэлхийн том гүрнүүд бидэнд дургүйлхэв үү
Бас л нэг асуулт. Д.Сумъяаг ялагдахад монголчууд үнэхээр бухимдсан. Булхайтай шүүлт байлаа гээд. Яг үнэндээ булхайтай байж болохоор л шүүлт. Тийм болохоор ард түмэн бухимдах эрхтэй. Алтан медаль авсан бол ямар сайхан байх билээ, тийм биз дээ. Гэтэл энэ дургүйцсэн байдал Олон улсын жүдо бөхийн холбооныхны дургүйг хүргэчихсэн байж магадгүй хэмээн зарим хүмүүс үзэж байна. Цаашлаад боксын тэмцээнүүд дээр дургүйцлээ илэрхийлсэн нь ч нэмэр болсон байж ч болох.
Ингээд л чөлөөтийн шүүлт дээр манай Г.Мандахнаранд хатуу хандав уу даа. Ийм гаргалгааг олон хүн хийж байна. Уг нь бол чөлөөт чинь чөлөөтэй л барилдах ёстой бөхийн төрөл. Чөлөөтэй довтолж, чөлөөтэй мэх хийж, чөлөөтэй хамгаалдаг. Барилдаан дуусахад хэдхэн секунд дутуу байхад зугтаж хамгаалах, гараа өргөх бол байх л асуудал. Яагаад гэвэл чөлөөт бөх шүү дээ. Үүнийг ганц нэгхэн хүн хэлээд байгаа юм биш. Чөлөөт бөхөөр насаараа хичээллэсэн хашир бурхинууд ч энэ бол улаан цагаан луйвар гэдгийг хэлж байна.
Тийм болохоор бидний гомдол тэдний дургүйг хүргэж гэж л дүгнэхээс өөр яалтай билээ. Дээрээс нь Орост манай хоёр шүүгч очоод, баахан бужигнуулсан талаар хойд хөршийнхөн одоо болтол ярьж байгаа, худалч хүнд. Сүүлдээ энэ асуудал Путины хэмжээнд хүрсэн талаар ч сайтууд мэдээлж байна. Энэ холион бантан нь Олимпийн дэвжээн дээр манай бөхчүүдэд нөлөөллөө гэх ч хүн байгаа юм. Орос том гүрэн. Дэлхийн бөхийн холбоог тэд бараг л атгаж байгаа. Энэ тохиолдолд дээрх гаргалгаа хол зөрөхгүй ч байж мэднэ.
Тактик, тактик, бас дахин тактик
Дандаа л тамирчдаа өмөөрнө гэж бас юу байх билээ. Манайханд дутуу зүйл их байна. Тухайлбал, ямар ч тактикын барилдаан хийхгүй байгаа нь харагдлаа. Цагийн төгсгөлд оноо, үнэлгээ алдаж, атгаж байсан медалийнхаа оосрыг алдсан харамсалтай тохиолдол хэд гарав даа. Харин үүний учрыг Х.Цагаанбаатар гавьяат тайлбарласан байсан.
Тэрбээр “Монгол Улсад өнөөдрийг хүртэл спортын сэтгэл судлалаар доктор хамгаалсан хүн байхгүй. Тамирчны сэтгэл зүйн тал дээр ажилладаг баг байтугай хүн ч байхгүй. Байгаа хэд нь ерөнхий сэтгэл судлалаар доктор хамгаалсан хүмүүс байдаг. Тийм болохоор тамирчид нь яаж сэтгэл зүй өндөр байх билээ дээ. Тамирчдад сэтгэл зүйч хэрэгтэй. Аливаа спорт ялангуяа одоо цагт шинжлэх ухааны үндэсгүй бол явахгүй. Эрдэм шинжилгээний баг гэж өндөр түвшинд судалдаг судалгааны баг байх ёстой.
Гэтэл манайд байгаа, Эрдэм шинжлэгээний баг яг юу хийгээд байдгийг би ойлгодоггүй юм. Миний мэдэхийн Афин, Бээжин, Лондон, Бразил гэх мэт дөрвөн Олимпийн циклд лав юу ч хийсэнгүй. Олимпод явахаас 10-н хоногын өмнө ирээд 10 секундээр хурд авахуулж, зүрхний цохилт тоолчихоод л явдаг. Энэ эрдэм шинжилгээ судалгаа юу. Эрдэм шинжилгээ судалгаа гэж арай өөр зүйл баймаар юм” хэмээн бичсэн. Энэ мэт олон шалтгааныг тэр бичсэн байна билээ. Үнэн, яах аргагүй үнэн.
Гэхдээ сэтгэл зүйгээс гадна манайд тактикын барилдаан гэж алга. Дасгалжуулагчдын баг ч гэсэн муу ажиллалаа. Гавьяат, дэлхийн аварга М.Уранцэцэг торгуулаар ялж яваад сүүлийн хэдхэн секундэд үнэлгээ алдаад ялагдсан. Чөлөөтийн бараг бүх тамирчид цагийн төгсгөлд оноо алдаж, үнэлгээгээ хамгаалах тал дээр хангалтгүй ажиллалаа.
Оноо илүү явж байж өөрсдөө дутуу мэх хийж, алдаа гаргасан чөлөөтийн тамирчин 2-3 байлаа. Мөн оноо илүү явж байгаад сүүлийн 20 гаруйхан секундэд оноо алдсан бөх ч 2-3 байлаа. Эцэст нь Г.Мандахнаран яав. Цаг дуустал барилдаад л зогсч байх хэрэгтэй байсан шүү дээ. Луйвардуулах үндсээ бид өөрсдөө л тавьж өгөөд, тэдэнд боломж гаргаад өгчихлөө. Ийм л байна. Гэхдээ юм нэгээр дуусахгүй, дараа дараачийн тэмцээн, Олимпийн наадамд алдаагаа засаад орж ирэх байх. Гэхдээ Токиогийн Олимпийн наадам ч хол байна даа.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn