… Цагаан сарын шинийн гурван. Аварга том тарган сүүлтэй ууц, таваар таван давхар өрж жаргал зовлон.. жаргалаар дуусгасан ул боовны араас өвөөгийн магнай дөнгөж харагдах нь өвөө намхан болохоор тэр үү, эсвэл би намхан болохоор тэр үү ойлгож ядан суулаа. Эмээ урдуур салад, бууз барин эргэлдэж зай муутай өрөөнд замын бөглөрөл үүсгэсэн тул үйлчлэгчээр томилогдсон үеэл эгч нарт зэмлүүлнэ. Би бас эр хүн юм гэсэндээ эмээгээ өмөөрч хэдэн үг хэлээдэхвэл өвөө тээр цаанаас хүд хүд инээлгэж байснаа ханиалгаад, идэш уушаа тохируулаагүй хэрэгт орж эмээд бас загнуулж амжив. Золголт дууссан хирнээ л өвөө эмээдээ эрхэлж, бууз хороолцох гээд өдөр болгон шахуу хүний бөглөө болж ирнэ. Тэрийгээ хамаатан садантайгаа танилцаж, нэр усаа мэдэлцэх гэсэн нэрийн дор нууцалсан биш ах эгч нараас сүрхий магтаалын үг сонсов. “Бага балчир гэлтгүй ухаантай бодолтой шүү миний дүү” гэж ам амандаа л тэд маань сайшааж байхад амаараа дүүрэн бууз хийчихээд амттайг нь гайхан сууж байлаа, би.
Хонх дуугарч эгч нар сандралдан гүйлдэхэд гаднаас хамаатан бололтой баахан улс орж ирэв. Тэд өвөө эмээ хоёртой золголт хийн, эгнүүлж тавьсан сандал эхнээсээ эзэнтэй болж байв. Би ч ам мөлтөс идэж дуусаад эгч нарт туслахаар гал тогооны өрөө рүү зугтаалаа. Гэтэл бэлэг өгөх хүмүүсийн тоо гаргах чухал ажилд томилогдож, эргээд өвөөгийн дэргэд очиж суух хэрэгтэй болчихов. Зочид дундаас хэл ам нь гүйцэгдэхгүй цэцэн цэлмэг эгч л ганцаараа шахуу ярьж, бусад нь уулга алдан хүч нэмцгээж байна. Тэгтэл ч өнөөх эгч өндийн босоод намайг чиглэн харав.
Хүүе, энэ Саарал ахын хүү юу? гэхэд өвөө толгой дохив.
Сүрхий хөөрхөн хүү болсон байх чинь ээ. За миний хүү босоод ир гэж дуудав.
Үнсэлт, шүлсдэлт… Би ер нь том эрэгтэй хүүхэд болчихоод байхад ичих ч үгүй хацар дээр үнсдэг ажаа нарт тийм ч таатай ханддаггүй л дээ. Ингээд яах ч арга байхгүй тул дурамжхан яваад очлоо. Барьж аваад үнэрлэж байна. Амар мэндээ мэдэж, сар шинэдээ сайхан шинэлж буй эсэхээ ярилцав. Тэгтэл эгч цааш эргэж хараад:
За миний охин сайн хараад ав. Энэ Саарал ахын чинь хүү. Та нар ч бараг нэг үеийн хүүхдүүд байхаа даа. Бие биенээ танихгүй явж байж энд тэнд учраад дурлаж, хайралчихав.
Ард нь сууж байсан жижигхэн охиныг дөнгөж сая л анзааран харвал, тэр ч бас намайг харчихаад ичиж байгаа нь андашгүй. Би ч гэсэн гэнэтийн энэ үгэнд үнэхээр их ичив. Очиж очиж над дээр жишээ авсан нь онцгүй санагдав. Нөгөө эгч ч үргэлжлүүлээд:
Та хэд ер нь хүн амьтантай учирч нөхөрлөх юм бол зохиолч Намсрай гуайн хамаатан биш биз гээд асуучихаж байхгүй юу. Тэр хүний хамаатан л гэвэл тэгээд сууж болохгүй шүү дээ. Тиймээ Банзрагч гуай? гэж хэнэг ч үгүй өвөө рүү харж хэлэв. Өвөө ч бас л толгой дохиод хамрын тамхиа үнэрлэж суулаа. Эмээ харин нөгөө эгчид хань болж:
Тийм шүү. Сайн хүний нэрийг гурав зарж иднэ гэдэг бол бид ч буурайнхаа нэрийг өчнөөн л зарж идэж байна даа. Цаашдаа ч бас тэр хүний хамаатан садан гэдгээ энд тэнд хэлж их л нүүрийн буянтай явцгаах хүмүүс дээ гэж инээлээ.
Энэ яриа эхэндээ надад онц сонирхолгүй санагдаж, ичсэндээ гараад явчихмаар байсан боловч удалгүй анхаарлын төвд орж, цаашлаад бүр ноцтой асуудал шиг санагдаж эхлэв. Учир нь надад ярих дуртай ээжийнхээ араас хааяахан цухуйж харагдах үсээ хоёр сүлжсэн ягаахан хацартай, хар алаг нүдтэй охин хачин их таалагдаад эхэлсэн юм. Дөнгөж төрсөн хүүхдийнх шиг хав хар нүдийг нь хараад л баймаар санагдаж, ичингүйрэн инээмсэглэх нь дэндүү хөөрхөн тул өвөөгийн гараас тас атгаад гөлөрчихсөн сууж байлаа. Баларсан юм. Тэр яахаараа ийм хөөрхөн байдаг билээ??? Яг ингэж бодож суутал гал тогооны өрөөнөөс эгч намайг дуудах нь сонсогдов. Би гүйн очлоо.
За хэдэн том хүн, хэдэн хүүхэд байна?
Нэг… Би гөлөрсөн чигээрээ хариултал, эгч нар татаж чангаагаад дахиад л асуув.
Хэдэн хүн байна аа?
Нэг охин байна. Миний үеийн… Бас нэг эгч. Тэр ээж нь юм шиг байна лээ.
Хүүе. Чи чинь хүн тоолох гэж орчихоод идэж идэж гарч ирсэн юм уу хаашаа юм. Хоёрхон хүн байсан бол бид нар өөрсдөө тоолчихгүй яахав дээ… гэж эгч нар аашлав. Үнэндээ би бусад хүнийг харж амжаагүй байсан юм. Шал дэмий тэр өрөө рүү орлоо гэж гуниглан бодохыг минь хэн ч анзаарсангүй.
Надад маш том асуудал тулгарлаа. Болохгүй гэж анхааруулан хэлсээр байж танилцуулсан тэр охинд анхны харцаар дурлана гэдэг дээд зэргийн тэнэглэл.
Удалгүй хамаатнууд явах цаг боллоо. Би гал тогооноос гаралгүй хаалга хаагдах хүртэл чимээ чагнан зогсов. Эгч нар ширээн дээгүүрхийг цэгцэлж, эмээ өвөөгийн аяганд бүлээн бууз хийж өгөөд их л дотно харагдана. Минут ч болоогүй байхад хонх дахиад л дуугарав. Би гүйж очоод хаалгаа нээтэл хамаатан охин өөдөөс хараад зогсож байх нь тэр…
Ээж цүнхээ ханын тавиур дээр тавиад мартчихсан байна гэнэ ээ. Ингэж хэлэхэд нь хариу олигтой ч үг дуугарч чадалгүй хаалгаа тэр чигт нь орхиод зочны өрөө рүү орж хайлаа. Эмээ өвөөд тайлбар ч тавих завдалгүй цүнхийг нь шүүрээд үүдэнд ирэхэд өнөөх хамаатан хүлээсээр зогсож байв.
Энэ мөн үү? гэж асуулаа. Мэдээж мөн гэдэг нь тодорхой. Утгагүй юм асуучихсан санагдаад шууд л хаалгаа хаахын түүс болов. Харин тэр хөөрхөн инээгээд:
Мөн мөн. Баярлалаа гэж хэлээд гараас минь цүнхийг авлаа.
Хаалга хаагдсан ч хөдлөлгүй их удаан зогслоо. Эмээ хоёр тийш найгасаар үүдний өрөөнд орж ирээд, хаалга руу сүрхий гэгч нь хараад намайг ч бас ажиглах нь нүдний буланд мэдэгдэв. “Нөгөө яриа эгч цүнхээ мартсан гэнэ” . Өөр юу ч хэлэхгүй эмээгийн хажуугаар зөрөөд угаалгын өрөөнд орлоо. Гомдолтой санагадав. Яахаараа энэ охин хамаатан байдаг билээ?
Анхны харцаар дурлана гэдэг ийм мэдрэмж байх нь гэсэн бүдэг бадаг төсөөлөлтэй боллоо. Хоёр долоо хоногийн дараа гэхэд бага багаар тэр мэдрэмж бүдгэрсээр догдлох нь багасч харин догдлох ямар байлаа даа гэж санахыг оролддог болов.
Дүүргийн сургуулиуд дунд зохиогддог шатрын тэмцээний өдөр. Би азаар шалгарч мундаг хүүхдүүдтэй өрсөлдөхөөр дүүргийн байран дээр яваад очлоо. Эхний хүүхдээ амархан дуглаж хоёр дахь хүүхэдтэй тэнцээд дуусав. Гурав дахь тоглолтоо хийхээр хоосон ширээнд хүлээж суутал хамаатны ягаан хацарт хөөрхөн охин урд минь ирээд суух нь тэр. Энд ингэж таарах ч гэж дээ. Сандарсандаа шатрын хүү, бэрс, тэрэг, тэмээгээ ч ялган харахаа байж хүүе гэхийн завдалгүй шаглуулчихлаа. Биеийн тамирын багш мөрөн дээр гараа тавиад “Дуусчихлаа даа, одоо харьж болно” гэж хэлэхэд нь ч тоолгүй хамаатнаа гөлрөн сууж байв. Тэгтэл тэр цагаа харснаа:
Чи албаар хожигдчихсон юм биш биз? гэж асуув.
Үгүй, юу гэж дээ. Чи их сайн тоглодог юм байна.
Өвөө, эмээ хоёр чинь сайн уу?
Өө, сайн сайн.
Би хожсон ч байранд орохооргүй болчихсон. Хоёулаа хамт гарах уу?
Дахиж тоглохгүй юм уу?
Чамтай тоглохгүй байсан ч болохоор олон ялагдчихсан байсан юм аа.
Тэр ингэж хэлээд амаа даран инээв. Цүнхээ үүрээд шуудхан гадагш гарахад нь би ч бас дагаад гарлаа. Ойр зуурын сэдвээс эхлээд хамаатан садныхаа нэр усыг хэлэлцэн, хэн хэн нь мэддэг хүнийхээ тухай бол бүр ч ам уралдан ярьж явахдаа аль хэдийнээс найзууд байсан юм шиг дорхноо л нүүр хагараад ирэв. Хамаатны охин гэрлэн дохио ч харахгүй, юм л бол гарцгүй газраар гүйчих гээд байх нь тэр. Дахиад л замаар гарахдаа холоос хурдтай ирж буй машины урдуур гүйх гэхээр нь би гараас нь татаж болиулав. Тэгтэл тэр надруу гайхан хараад, гараа халаасандаа хийчихэв.
Машин чинь аюултай. Битгий хамаагүй гүйгээд бай л даа гэж би аргадах маягтай хэллээ.
За, дахиж гүйж байхгүй гэж тэр ч толгой дохин зөвшөөрөв.
Хамаатан аа! Чи дугаараа хэлчихээч. Хааяа ярьж байвал зүгээр биздээ?
Тэгье ээ. Цагаан сараар л уулздаг хамаатан байх муухай гэж аав хэлдэг юм.
Бид хоёр дугаараа солилцож, хааяа биш харин ч бүр байнга харилцдаг боллоо. Хичээл зэрэг тарсан үедээ уулзаж гадуур алхангаа гэрийнхэндээ тохиолдсон сонин сайхнаа хуучилдаг байв. Номын санд сууж, заримдаа кино үзнэ. Тэгээд бие биенээ хамаатан гэж дуудсаар нэргүй болцгоолоо.
Нэг өдөр товлосон газраа яваад иртэл хамаатан маань өөр нэг охинтой хамт сууж байв. Тэрийгээ надад танилцуулж, ангийнхаа хамгийн ухаантай, авьяастай сайн охин гээд магтаж эхэллээ. Дотор минь шатах шиг болж, чих дүлийрээд юу ч сонсогдохоо болив. Ямар ч сайхан, хөөрхөн охин байлаа гээд надад сонирхолтой санагдахгүй байлаа. Яагаад гэвэл хамаатан минь хамгийн хөөрхөн нь.. Бодох тусам тэвчишгүй санагдаж би тэр хоёрыг орхиод гэрлүү гээ гүйлээ. Араас дуудах тусам нь хурдан гүйв.
Аав бас яриа эгчийн санаачилгаар хамаатнууд цугларч салхинд гарахаар болцгоов. Уулын цоорхойд нар ээсэн хэсэгхэн газар харлаад майхангаа засахад тохиромжтой болжээ. Шилмүүст модоор дүүрэн ногоон ой хучигдсан цаснаасаа хагацаж ядаад хаврын өдрүүдэд үзэсгэлэнтэй харагддаг аж. Томчуулд туслах гэж хичээсэн ч үгүй, дүү нартай тоглож бужигнах хүсэл ч төрсөнгүй уулнаас урсдаг горхины дэргэд том чулуун дээр суугаад хамаатан охины тухай бодож байлаа. Гэнэтхэн хүйтэн гар нүд дараад, хэн нэгэн нь тоглож байгаа бололтой “Нар уу сар уу?” гэж асуув.
Сар, сар. Алив хурдан тавь, яасан хүйтэн гартай юм бэ? гэж би ууртайгаар хэлтэл чанга дарах ч үгүй шууд л гараа авчихав. Эргээд хартал хамаатан охин зогсож байлаа. Тэр их гомдонгуйгээр:
Яагаад уурлаад байгаа юм бэ? Эртээдээс хойш бүр хариу ч бичихгүй таг болчих юм.
Аан, чи байсан юм уу…. Надад өөр хэлээд байх үг байсангүй. Цаашаа харан чимээгүй суулаа. Тэр дэргэд суугаад:
Эртээд яагаад гүйгээд явчихаж байгаа юм бэ? Тэр охин чамтай уулзах гэж хичнээн догдолж ирсэн гэж санана.
Охинтой танилцмаар байна гэж хэлсэн билүү? Дэмий юм хийж байх юм.
Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Жаахан юм ярьж байгаад явахад амнаас чинь ам уначихгүй л байсан даг.
Би…
Дотор байгаа тэр мэдрэмжийг тайлбарлаж хэлэхэд хэцүү байв. Тиймээс дэргэд нь сууж байж чадамгүй санагдаад босчихлоо. Хамаатан садан бужигналдах майхан руу чиглэн алхахад араас:
Хүүе хамаатан! Яачихаад байгаа юм бэ? гэж ягаан хацарт маань гайхан асуусаар хоцорлоо.
Эрэгтэй хүүхэдтэй эцэг бүхэн л хэлдэг байх… Сахал дөнгөж ургаж байхад нь битгий хусаарай гэж. Эхний ургасан тэр чигээр нь байлгаад л байвал удалгүй шарлаад байхгүй болчихдог юм. Харин нэг л хусчихвал харлаад улам хурдан ургаад муухай болно. Аав маань яг ингэж хэлээд дуусаагүй шахам байхад нь би угаалгын өрөөнд ороод сахлаа хуссан хүн дээ. Ёстой л аавын хэлснээр одоо тэрний гор нь гарч хэдхэн хоноод л хар хар үснүүд цухуйгаад ирэх нь тээртэй санагдах болсон. Гэтэл дурлаж, хайрлаж болохгүй шүү гэж сануулан хэлсээр байтал нь шууд л дурлаж байдаг. Энэ тэгэхээр миний зан гэж үү? Сахал ч яахав хусаад байхаас өөр аргагүйд хүрсэн юм гэхэд хамаатан охиндоо дурлалаа гээд хаана хүрч төгсөх билээ? Би энэ тухай сүүлийн хэдэн хоног өдөр шөнөгүй бодож, шаналсаар эцэст нь хамаатны ангийн охинтой ч болов уулзах маягаар сэтгэл санаагаа өөрчилөхөөр шийдэв. Маргааш нөгөө газартаа дагуулаад ирээрэй гэж хамаатан охиноос зориудаар гуйлаа.
Хэцүүхэн санагдаж байсан ч намайг гээд уулзах гэж ирсэн охиныг гомдоохгүйн тулд хүчлэн байж хөгжилтэй яриа дэлгэн хичээлээ. Харц минь хамаатан охиноос салахгүй байсан ч тэр харин намайг чиглэж бараг л харсангүй. Ямар нэг зүйл бодох мэт ийш тийш холыг ажиглан суусаар байлаа. Ярианд хүч нэмэн инээд алдаж суух шинэхэн танилыг энэ өдөр би гэрт нь хүргэж өгөхөөр болж, үргэлж дөхүүлж өгдөг байсан хамаатан маань ганцаараа үлдэхдээ ч бид хоёрыг тоож харсангүй. “Баяртай” гэж даллаад шууд л явчихад нь миний дотор бас л гал дүрэлзэн шатаж байлаа.
Хэд хоногийн дараа хамаатны сургууль дээр яваад очлоо. Би хэнтэй уулзах гэж ирснээ өөрөө ч сайн ойлгохгүй байв. Хамаатны найз охин намайг харчихаад баяртайгаар чиглэн ирлээ. Бас надтай танилцуулах санаатай бололтой хэдэн найз охиноо дагуулсан байв. Дөнгөж мэнд мэдээд, гар барив уу үгүй юу хамаатан охин гүйн ирээд:
Хамаатан! Өвөөгийн бие муу байна гэнэ. Хурдан явцгаая гэж сандран хэлэв.
“Саяхан зүв зүгээр байсан өвөө минь яахаараа мууддаг билээ?” гэж намайг бодох зуур тэр ангийхаа охидод “Уучлаарай” гэж хэлээд хамцуйнаас зууран түрүүлж алхав. Би ч даган хамаг л хурдаараа алхаж, бид хоёр бараг буудал хэртэй газар нэг ч үг дуугаралгүй гүйлээ. Тэгтэл тэр гэнэт зогсоод:
Худлаа хэлсэн юм. Уучлаарай, одоо гүйхээ больцгооё гэх нь тэр.
Байрны завсраар ороход хүүхдийн тоглоомын талбайд хүмүүс хараахан эзэгнэж амжаагүй жижигхэн саравч байлаа. Би хамаатнаа хөтөлсөөр тэнд орж суугаад:
Чи зүгээр үү? гэж асуулаа. Тэр чимээгүй л …
Хүүе! Юм хэлээч ээ… Тэр доошоо харж нилээд удаан суув. Би ч гэсэн хүлээцтэйгээр түүнийг ажиглаж байхдаа яагаад ч юм баяртай байлаа. Өнөөх охидоос салах боломж олгосон тул худлаа хэлж дагуулан гүйсэнд нь уурлаад байх ч юу байх билээ. Тиймээс би жаахан ойртож суугаад:
Баярлалаа гэж хэллээ. Тэр надруу итгэл муутай харж байна.
Юунд?
Нөгөө охиноос холдуулж өгсөнд л байхгүй юу. Өөрийнхөөрөө байж чаддаггүй болохоор тэр лав миний уулзах ёстой охин биш байж таарна.
Тэгвэл надтай хамт байхдаа ямар байдаг вэ? Би энэ асуултанд балмагдаж орхив. Тэр гэнэтхэн ийм зүйл асуудаг нь яаж байгаа юм бол???
Мэдэхгүй. Бодвол өөрийнхөөрөө байдаг болоод л чамтай байнга уулздаг байх аа. Надад ердөө ч хэцүү санагддаггүй.
Аан, ердөө л хэцүү санагддаггүй юм биздээ.
Үгүй ээ. Ер нь бол сайхан санагддаг. Уулзаад баймаар ч юм шиг…
Хамаатан болохоор тэр байх л даа. Тэр санаа алдан өөр тийш харна.
Харин чи?
Би юу? Би энэ тухай хэлж чадахгүй нь ээ. Хэлээд байх юм биш.
Хамаатны охин миний бодож мөрөөдөж явдаг охин. Гэвч би түүнд энэ тухай хэлэх боломжгүй. Хэлэх нь битгий хэл тийм бодол сэтгэлдээ тээх ч эрх байхгүй. Үнэхээр хэлээд байх юм биш. Гэтэл тэр миний бодлыг уншсан юм шиг л ингэж хэлэхэд нь зүрх хүчтэй цохилж эхлэв. Би түүнийг өөрлүүгээ харуулаад, зүгээр л энэ бүхнээ илэрхийлэх гэсэндээ ширтлээ. Гэтэл тэр энгэрт минь наалдаад:
Хачин юмаа. Би чамайг өөр охидтой уулзахыг харж чадахгүй юм. Хамаатандаа дурлаж болохгүй биздээ? Ухаангүй юм энэ сэтгэл. Утгагүй, уучилж болохгүй дэндүү дураараа юм. Одоо яах ёстой юм бол оо?
Саяхныг хүртэл ийм үгийг би сонсоно гэж найдаж байсангүй. Ганцхан өөрийгөө зэмлэж, гайхширч бас жигшиж явсан атал тэр ч бас… Ингэхэд тэр хэдийнээс ингэж зовсон бол хэмээн бодлоо. Энгэртээ улам чанга наалдуулан тэврээд, эхэр татан уйлж эхлэхэд нь хориглохыг хүссэнгүй. Би баярлах атлаа улам шаналж эхэлсэн сэтгэлийг түүний нулимстай цуг хаа нэгтээ урсаад одчихоосой гэж л мөрөөдөн байлаа.
*
Бид хоёрын бие биенээ гэсэн сэтгэл юунд ч дийлэгдэхгүй хүчтэйгээр оргилон байлаа. Байн байн уулзаж, боломж гарвал тэврэлдэж бас ичингүйрэн байж үнсэлцэнэ. Энэ бүхний дараа гэм хийсэн юм шиг сэтгэл урагдан шанална. Бодохгүй цаг хором үгүй атлаа тэдгээр бодлуудын ихэнх хувь нь айдас, түгшүүр гомдол… Би тэр цусан холбоо гэгч нь бидний дунд байхгүй бол хичнээн сайхан бэ гэж эрхгүй бодно. Тиймээс нэг өдөр ээжийн дэргэд суугаад нухацтайгаар хэдэн зүйл тодруулахыг хүслээ.
Ээжээ, ингэхэд би үнэхээр аав та хоёрын хүүхэд мөн үү?
Мэдээж энэ мунхаг асуултанд ээж гайхсан нь тодорхой. Гэхдээ их л тайвнаар:
За, миний хүү чинь хаанаас юу сураад ирэв ээ? гэж дооглонгуй асуулаа.
Биш байсан бол надад хайр дурлалаа хамгаалах боломж олдох байсан юм.
Айн? Юу юу гээд байна аа?
Ингэхэд Тунгаа эгчийнх манайхтай яг цусаар холбогдсон хамаатан улс мөн юм уу?
Чи чинь юу асуугаад байна аа? Ойр ойрдоо нилээд ойрын хамаатнууд чинь шүү дээ.
Тэгвэл тэд нар хүүхдээ яг өөрсдөө төрүүлсэн юм уу? Өргөөд авчихсан юм биш үү?
Чи юу яриад байгаа хүүхэд вэ? Би л сонсоогүй юм байна. Хэнтэй юу ярьж байгаад ирсэн юм чи?
Ээж бүр цухалдаад хийж байсан ажлаа хаян надруу харлаа. Гэнэтхэн өөрийнхөө буруу юм ярьж байж бараг л баригдах шахсанаа анзаараад гэрээс гүйн гарав. Гарахдаа “За тоглосон юмаа. Би гарч нэгж авлаа” гэж хэлэхээ мартсангүй. “Энэ муу шаар чинь ер нь барагтай юм ярих нь шив дээ” гэж ээж үглэсээр үлдлээ. Гадаа салхи сэвэлзээд сэтгэл тайвширмаар сайхан байв. Хамаатан руу залгаж хоолойг нь сонсчихоод дээс тоглож буй жижигхэн охидыг харж түр зогслоо. Тэд одоохондоо жаргалтай юм даа. Би хэдий томчуулын хувьд хүүхэд ч гэлээ, өөртөө хүндэдсэн асуудалдаа дарагдаад эдэн шиг юу ч бодолгүй тоглох жаргал минь нэгэнт алга болчихсон байна. Хэдий болтол ийм байдалтай явах юм бол доо. Толгой гудайлган гэртээ ороход гартаа халуун тогооны жийргэвч бээлий өмссөн ээж маань сонин харцаар харсаар хүлээн зогсож байлаа. “Тунгаа эгч чинь ярьж байна” гэж хэлэхэд нь миний зүрх зогсчих шиг л санагдав.
Аан, юу гэж байна?
Чи Тунгаа эгчийнхээ охинтой ойрд овоо уулзаад байгаа юм уу?
Энэ асуултыг асуухдаа ээж “овоо” гэх үгэнд тохирохгүй осолтой харцаар намайг харсаар байв.
Саяхан шатрын тэмцээн дээр таарсан юм. Тэгээд л тэрнээс хойш гайгүй холбоотой байгаа л даа.
Тунгаа эгч чинь харин гайхаад л байна. Сүүлийн…
Ээжийн хэлж буйг сонсолгүй, дундуур нь шууд таслаад:
Юуг нь гайхах вэ дээ. Өвөө эмээ нь тэр хүүхдийг чинь хүмүүжүүлэхдээ цагаан сараар л уулздаг хамаатнууд муухай гэж хэлсэн гэх чинь билээ. Тэгэхээр нь би муухай хамаатан байхгүй гэсэндээ утсаар ярьж холбоотой байсан юм.
Тэр ч зөв л дөө миний хүү.
Ээж ийнхүү зөвшөөрөн толгой дохиод өнөөх харц нь арай л зөөлрөв. Би ч хэнэггүй царайлан өрөөндөө орлоо. Хамаатан руу яаран залгасан ч холбогдох боломжгүй байв. Арай ямар нэг юм болсон юм биш байгаа? Над шиг элдэв зүйл асууж байгаад баригдсан юм болов уу? Эсвэл тэр ээжээсээ юу ч нуудаггүй болохоор өөрөө хэлчихсэн юм болов уу? Арай үгүй байлгүй дээ. Харин хамт авахуулсан зургаа нуухаа мартчихсан байж болох юм. Би тэр зурган дээр хэрэггүй л түүнийг үнсэж авахууллаа… Элдвийг бодон шаналсаар нойр ч хүрсэнгүй. Шөнө дунд гар утас дуугарлаа. Хамаатнаас цахилгаан шуудан ирсэн байв.
“Маргааш дуусгая. Бид буруу замаар явж байна”
*
Шөнөжин түүний явуулсан үгний тухай бодож, өнгөрсөн бүхнийг кино шиг гүйлгэн харсаар дөнгөж үүр цаймагц орноосоо яаран бослоо. Тиймдээ, бид хайр бүхнийг ялдаггүйг ухаарах болсон том хүүхдүүд. Магадгүй хэзээ нэгэн цагт энэ нь хайр байгаагүй гэдгийг мэдээд инээж суух ч юм билүү. Ингэж бодон өөрийгөө тайвшруулах гэсэн ч олигтой нөлөөлсөнгүй. Хамаатнаа хичээлд явахаар байрнаасаа гарч ирэхэд нь гадаа хүлээгээд зогсож байлаа. Тэр намайг хараад урьдынх шигээ баярлан инээсэнгүй. Бид хоёр хөтлөлцөөд гунигтайгаар алхлаа. Хэн ч бидэнд садаа болохгүй, хараад гайхахгүй, хэрэгт дурлахгүй юу ч үгүй хоосон газарт очихоор нилээн удаан алхав. Дулаахан ангид найзууд маань хичээлээ хийж суугаа. Тэд шохоорхсон охидоо өдөж, таалагдсан хөвгүүддээ тусалж, хөнгөхөн баярлаж, хөгжилдөж өдрийг өнгөрөөгөөд тэр эрч хүчээрээ гадаах салхийг ч тоолгүй инээд алдан харьж яваа даа. Харин бид хоёр хүйтнээс хүйтэн салхи сэтгэлд үлээсэн нартай өдрөөр уулын энгэрт бие биеээ налан үг дуугүй сууж байлаа. Тэр надад нэг ч үг хэлэлгүй зөөлөн уйлсаар л байв. Чанга орилоод сэтгэлээ жаахан ч болов онгойлгоосой гэж бодож байсан ч өр өвтгөмөөр түүний чимээгүй нулимс намайг ч бас уйлуулчихлаа. Эр хүн уйлах ёсгүй гэж ямар хуулинд байгаа билээ. Хамаагүй, би өнөөдөр хангалттай ихээр уйлна. Тоглоомоо булаалгаад ээжийгээ дуудан уйлдаг байсан шигээ хэнээс ч ичилгүй уйлна. Тэгээд түүнийхээ гараас тавиад гэрлүү нь явуулна. Дараагийн цагаан сараар таарахгүй байж, яг л хамаатан шиг харьцаж чаддаг болох хүртлээ харахгүй амьдарна. Өөр ямар ч арга бидэнд үлдээгүй… Би түүнийхээ хоёр хацраас бариад өөрлүүгээ харууллаа. Нус нулимсандаа хутгалдсан өөрийгөө бас түүнийг бүгдийг нэг дор харах шиг болов. Тэр минь том том нулимс унагаад уйлсаар л байв.
Уучлаарай хамаатан! Хүмүүсийн өмнө чамайг хөтлөөд явж чадсангүй. Хэнээс ч нуулгүй дэргэдээ тэврээд алхаж чадсангүй. Инээлгэхийн оронд уйлуулж, үнсэхийн оронд үсийг чинь ч илж чадахгүй нь…
Чиний буруу биш ээ… Сэтгэлээ нуулгүй гаргачихсан миний буруу. Гэхдээ би чамд үнэхээр их…
Би мэднэ ээ. Би эхэлж чамайг хайралсан шүү дээ. Болохгүй гэж хэлсэн тэр цагаас л…
Нээрэн үү?
Тиймээ. Ээжийнхээ араас дөнгөж цухуйгаад ичингүйрэн намайг харахад чинь…
Тэр дахиад л эхэр татан уйлаад эхлэв. Бидэнд одоо ийм юм ярих хэрэг байгаа гэж үү. Тиймдээ, одоо дуусгах цаг болсон. Бид чинь хамаатнууд…
Би түрүүлэн бослоо. Хамаатнаа татан босгоод энгэртээ нэг сайн тэвэрч зогсов. Духан дээр нь удаан гэгч үнэрлээд өөрөөсөө холдууллаа.
Одоо чи яв даа. Хүүхэд насны нэг дурсамж болгоод миний тухай бодлоо сэтгэлдээ хадгалаарай. Гэр бүлийн аялалаар хэнэггүй тоглож, тойрон гүйлдэж хамаатнууд шиг байж чадахгүй ч, хэсэг хугацааны дараа тийм ч их шаналах зүйл биш байжээ гэж бодох байх. “Гэртээ орсон уу” гэж өнөөдөр асууж чадахгүй нь. Болгоомжтой яваарай.
Тэр надад юу ч хэлж чадахгүйг би мэдэж байсан. Нулимсаа арчсан ч аяндаа бөмбөрөн гарах нь тодхон харагдаад тэр цаашаа алхан одлоо. Эргэж харалгүй явсныг нь их сайн байна гэж магтаж зогссон ч энэ зүрх минь үнэндээ дэндүү гачлантай байсан. Уйлж, орилж, газар суун гараараа чулууг балбаж, унаж тийчлэн хашхирч байсан. Тэглээ гээд яах билээ. Тэр бид хоёр хамаатан шүү дээ.
Хүйтний эрч чангарч цас ус нь үл мэдэгдэх царай муутай цагаан гуниг хөврөх тэр үдшээр түүний өгсөн ороолтонд шигдээд гэрийн зүг ганцаараа алхаж билээ.
2013 оны “Алтан Өд” хүртсэн “ДУСАЛ МЭДРЭМЖ” номоос…