УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.01.10/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.
Сүүлийн жилүүдэд ажил олгогч нь иргэдийг ажилд авахдаа дадлагажуулах, шалгах нэрийдлээр долоо хоногоос гурван сарын хугацаанд цалингүй ажиллуулж, халах тохиолдол түгээмэл болжээ. Тиймээс иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах, оюутан залууст цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар уг төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд дадлагажих хугацааг гурван сараас дээшгүй байх, энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш төгрөгийн цалин олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн оюутан залуус суралцаж байх хугацаандаа цагийн ажил хийх сонирхолтой байдаг тул төсөлд “Цагаар ажиллах” гэсэн шинэ зүйл нэмж, түүнд ажиллах цаг, цалин хөлсний тухай харилцааг зохицуулсан аж.
Дээрх зохицуулалттай холбоотойгоор шинээр ажилд орж буй хүнтэй бичгээр буюу албан ёсоор гэрээ байгуулаагүй төрийн байгууллагыг 500 мянгаас нэг сая, аж ахуйн нэгжийг 5-10 сая төгрөгөөр торгох заалт оруулсан байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “УИХ-ын сонгуулийн дараа төрийн албан хаагчий, ажлаас чөлөөлсөн асуудал хурцаар тавигддаг. Энэ хуулийн төсөлд төрийн албан хаагч тогтвортой ажиллах боломжийг хангах чиглэлээр заалт оруулсан уу” хэмээн тодрууллаа.
Төсөл санаачлагчийн зүгээс энэ хуулийн төсөлд зөвхөн шинээр ажилд орох болон цагийн ажлын тухай заалт оруулсан гэсэн хариулт өгсөн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг манай яаманд шинээр боловсруулж байгаа. Ирэх долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хэлэлцээр болно. Энэ үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хуулийн төслийн талаар санал солилцох болно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал, Я.Санжмятав нар “Гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг салбарын яамнаас нь боловсруулж байгаа хуулийн төсөлтэй хамт хэлэлцээд явах нь зөв” гэсэн санал хэлж байлаа. Улмаар эхлээд гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд дараа нь төслүүдээ нэгтгээд хэлэлцэх нь зөв гэсэн шийдэлд хүрэв. Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжсэн юм.
Г.Ганаа