Энгийн нэгэн франц, кино найруулагч залуу морин хуур хөгжим, хөөмийг сонсоод хаа холын Европ тивээс Монгол улсыг зорьж ирсэн юм. Тэрээр зөвхөн морин хуур хөгжим сураад зогсохгүй монголын уламжлал, ёс заншил, хэл, бичгийг судалж, сурч байгаа нэгэн. Стив товлосон газраа ирэхдээ морин хуураа үүрээд, амандаа ааруул хийчихсэн ирлээ. Уншигч та бүхэн түүнтэй ярилцсаныг хүргэж байна.
-Морин хуур хөгжмийг гурван жилийн турш сурч байгаа юм байна. Морин хуур хөгжмийг сураад ямар оргилд хүрмээр байна?
-Би юуны түрүүнд морин хуурч мэргэжилтэй болмоор байна. Тэгээд Монголын үндэсний урлагийн их театр ч юм уу “Морин хуурын чуулга”-д ажиллах маш том мөрөөдөлтэй. Мөн морин хууртайгаа дэлхийн улс орнуудаар аялаж, уран бүтээлээ толилуулах хүсэлтэй. Би маш азтай хүн. Яагаад гэвэл миний морин хуурын багш нар маань мундаг хүмүүс байдаг. Жонон хамтлагийн Д.Мөнхсайхан, “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог, “Түмэн эх” чуулгын Түвшээ зэрэг морин хуурчид надад их зүйл зааж өгсөн. Тэд надад морин хуурыг яаж мэдрэмжтэй хөгжимдөхийг заахаас гадна түүхийн талаар мэдлэг өгсөн. Мөн морин хуурч О.Баттөгс, ардын жүжигчин Ч.Батсайхан нараас маш их зүйл сурсан. Хэдийгээр морин хуур хөгжмийн мөн чанарыг ойлгосон хэдий ч сайн эзэмшээгүй л байна. Одоо би “Хэл Иргэншлийн дээд сургууль”-д сурч байгаа. Ёс заншил, уран зохиол, монгол бичиг, түүх зэргийг бүгдийг нь мэддэг болмоор байна.
-Мундаг морин хуурч болох төдийгүй энэ хөгжмийг цаашид таниулан сурталчилах чин хүсэлтэй юм байна. Тийм үү?
-Морин хуурыг хөгжимдөхийн зэрэгцээ гадна утга учрын талаар судалж, бусдад танин мэдүүлэх зорилготой байгаа. Яагаад хоёр чавхдастай байдаг юм бэ? Морины толгой юу илэрхийлж байгаа юм бэ гэдгийг хүмүүст ойлгуулмаар байна. Зарим хүн морин хуур хөгжимд хүндэтгэлгүй хандаж, зүгээр нэг гитар шиг тоглодогт нь би эмзэглэдэг. Гадаад хүмүүсээс гадна монголчууд ч морин хуур хөгжмийн талаар сайн ойлголтгүй байдаг. Би youtube channel дээр морин хуурын хичээл оруулж байгаа. Хэрвээ гадаад хүмүүс морин хуур сурмаар байвал миний хичээлийг үзээд сурах боломжтой. Морин хуурын нуруу, өнгө, татлага гээд ямар учиртайг хэлж, тайлбарлах болно.
-Та ном бичиж байгаа гэсэн энэ талаараа уншигчдад сонирхуулаач?
-Ерөөл, магтаал, шүлэг, уртын зэрэг монголын уламжлалт урлагийн төрлүүдийг орчуулж ном бичих гэж байгаа. Монгол бичиг, крилл, англи, франц хэл дээр хөрвүүлнэ. Одоо би цаатан ардын дуу “Самгалдай” дууг Англи, Франц хэл рүү орчуулж байгаа. Гэхдээ зөвхөн дууг нь орчуулаад зогсохгүй цаатан хүмүүс болон самгалдай гэж юу юм, ямар учиртай талаар ойлголт өгөхийг хичээнэ. Ер нь монгол ардын дуу, ерөөл, магтаал зэргийг эхлээд утга учрыг нь сайн ойлгочихоод илүү мэдрэмжтэй тоглоно шүү дээ. Магадгүй энэ номыг удаан бичих байх. Нэг хуудас биччихээд, монгол бичиг, крилл, англи хэл рүү зэрэг хөрвүүлээд явна.
МОНГОЛЫН СОЁЛ “АМЬД” БАЙНА
-Монгол бичиг сурахад хэцүү байсан уу?
-Крилл бичиг надад таалагддаггүй, орос үсэг шиг санагддаг. Монгол бичиг бол маш маш чухал. Яагаад гэвэл монгол бичиг байхгүй бол монголын соёл мөхөх аюултай. Монгол бичгийг маш сайн хамгаалах хэрэгтэй. Тийм ч учраас би монгол бичиг сурч байгаа. Монгол бичиг сурахад хэцүү биш. Яагаад гэвэл монгол бичиг маш цөөхөн дүрэмтэй, ухаалаг бичиг. Би морин хуурыг бүрэн эзэмшихийн тулд Монгол уламжлалт, зан заншил, хэл бичиг бүгдийг нь сурах хэрэгтэй. Бүгд л хоорондоо холбоотой шүү дээ.
-Та өөрөө гадаад хүн. Тэгэхэд нэг ч гадаад үг хэрэглэхгүй монгол хэлээр маш сайн ярьж байна. Харин монгол хүн мөртлөө гадаад үг хэллэгийг хэрэглэж ярьдаг хүмүүсийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Би Франц хүн. Хэрвээ би нутагтаа очвол хүмүүстэй франц хэлээр л ярина. Тэнд англи ч юм уу өөр орны хэл хольж хүмүүстэй ярина гэж байхгүй. Би саяхан хэдэн монгол залуустай ярилцаж үзсэн. Сүүлдээ монголоор биш англиар яриад байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Энэ нь маш буруу зүйл юм.
-Телевиз үзэж байна уу? Мэдээ мэдээллийг яаж сонсож, хүлээж авч байна вэ?
-Би телевиз үздэггүй, манайд зурагт байхгүй. Таксинд явж байхдаа радио сонсдог. Монголын телевизүүд маш муу солонгос савангийн дуурь гаргадаг. Би 15 жил кино найруулагчаар ажиллаж байсан болохоор илүү гярхай ажигладаг л даа. Хүмүүс солонгос кино үзэх дуртай, соёлын нөлөөнд нь автаж байна. Гэтэл монголын уламжлалт өв, урлаг чинь илүү сайхан шүү дээ. Монголчууд бүгд урлагийн авьяастай. Өөрсдийн соёл, уламжлалаа хамгаалах хэрэгтэй.
-Та монголын өв уламжлал, урлагт их хайртай, хамгаалах хүсэлтэй хүн юм. Тэгвэл францчуудын соёлын дархлаа хэр байна вэ? Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Монголчууд маш азтай. Яагаад гэвэл та нарын соёл, уламжлал өнөөдөр “амьд” байна. Францын уламжлалт соёл бараг мөхсөн гэж хэлж болно. Франц европ тивийн төв хэсэгт байдаг улс. Хэдэн зуун жилийн өмнө Парис хот дэлхийн хамгийн том худалдааны төв байдаг байсан. Дэлхийн олон үндэстнүүд тийшээ очих болсон. Жишээ нь арабчууд хамгийн сайн торгоо бариад хүрээд ирсэн. Бид олон үндэснүүдийн өлгий нутаг болсон учраас өөрсдийн уламжлалт соёл бараг байхгүй. Одоо францад монголын олон ястан гэдэг шиг тийм зүйл байхгүй ховор. Монголын баруун аймгийнхан шиг ястан францад ганц л байгаа. Гэтэл монголд буриад, цаатан гээд олон ястнууд байдаг. Тэд нутгийн аялгаар ярьж , өөрсдийн үндэсний хувцасаа өмсдөг. Гэхдээ уламжлалт өв, соёл мартагдах аюултай байна. Учир нь монгол залуучуул тоохгүй, мэдэхийг хүсэхгүй байна шүү дээ.
МИНИЙ ТӨСӨӨЛЛӨӨС ӨӨР БАЙСАН
-Хамгийн анх морин хуурыг яаж сонсож байсан бэ? Ямар сэтгэгдэл төрж байв?
-Манай найз надад нэг тува хамтлагийн цомог бэлэглэж байсан. Тэр цомогт морин хуур болон хөөмийн бүтээлүүд байсан. Анх сонсоод би “Хөөх юу вэ, юу сонсчихвоо” гээд л… Үнэхээр гайхалтай!Хөөмийг яаж дуугараад байгаа юм бэ? гэж биширсэн. Би 2,3 сар орчим ганцхан тэр цомгийг сонссон. Тэгээд би youtube-ээс морин хуурын талаар хайж, монголын мундаг хамтлаг, хуурчдын бичлэгийг үзлээ.Тувачууд морин хуураас арай өөр икэл хуураар хөгжимддөг. Анх удаа морин хуурхараад үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Морин хуурхөгжим чамин хийцтэй яг л “сайхан бүсгүй” шиг.
-Тэгвэл монголын тухай морин хуураар дамжуулж мэддэг болсон уу? Эсвэл өмнө нь мэддэг байсан уу?
-Морин хуурыг эхлээд мэддэг болсон. Дараа нь монголын тухай судалсан. Өмнө нь зөвхөн Чингис хааны тухай сонсож байсан ч тийм хангалттай мэдээлэлтэй байгаагүй.Монголд ирээд илүү гүнзгий ойлголттой болсон. Жишээ нь монгол бичгийг энд ирчихээд мэддэг боллоо. Интернэтээр монголын тухай судлахад морь, дээлтэй малчин хүмүүс, ардын урлаг гээд маш цөөхөн мэдээлэл гарч ирдэг.Гэхдээ үнэн мэдээлэл бас байсан л даа.Тэгээд наашаа явахаар шийдэхэд гэрийнхэн маань “Чи яагаад ийм газар руу явах гээд байгаа юм бэ? Тэнд ус, цахилгаан, байшин барилга байхгүй” гэж дургүйцэж байсан.
-Төсөөлж байснаас чинь арай өөр орчин угтаж авахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Монголд онгоцны буудал байхгүй, шууд хоосон тал газар буугаад хөөмий сонсоно гэж бодож байлаа /инээв/. Мөн намайг морьтой хүмүүс угтаж авна гэж төсөөлж байсан. Гэтэл би “Чингис хаан” онгоцны буудалд буусан чинь байшин барилга, зам гээд бүх зүйл байсан. “Би хаана ирчихвээ, андуураад буруу газар ирчихвүү” гэж гэж эргэлзсэн. Тухайн үед наадам болж байлаа. Шууд наадмын талбай орсон чинь бөөн хүмүүс “Хөөх юу вэ? Ямар олон хүмүүс вэ? ” гэж гайхсан. Миний төсөөллөөс тэс ондоо.
-Мэдээж монголд ирээд хөдөө орон нутаг руу явсан л байх. Хот, хөдөөгийн хүмүүсийн ялгаа хэр зэрэг мэдрэгдсэн бэ?
-Улаанбаатар хотод бол үндэсний урлагийнхан ёс заншил, өв уламжлалаа илүү их мэддэг, дээдэлдэг юм шин санагддаг. Гэхдээ бас зөвхөн урлагийн хүмүүс биш энгийн хүмүүс ч бас байгаа л байх. Би өөрийгөө зарим талаар монголын ёс заншил, өв уламжлалын талаар зарим залуучуудаас илүү мэдлэгтэй гэж боддог. Жишээ нь би “Өнөөдөр ямар өдөр вэ?”гэвэл гахай, морь өдөр гэж хэлж чадна. Мөн арц угиулаад нар зөв тойруулна гэх зэрэг зан заншлыг мэднэ, бас итгэдэг. Мэдээж хөдөө, орон нутгийнхан тэр дундаа баруун аймгийн ястнууд надад маш мундаг, уламжлал соёлтой. Жишээ нь баядууд маш их ёс жаягаа дээдэлдэг, хэрэглэдэг хүмүүс.
-Манай монголын баруун аймгийнхан ардын бие биелгээ бүжгээрээ гайхамшигтай хүмүүс. Бие биелгээний талаархэр зэрэг мэдлэгтэй вэ?
-Мэдэлгүй яахав. “Алтай” хамтлагийн биелээч хоёр залуу маш сайхан сэтгэлтэй. Надад бие биелгээний тухай бага зэрэг тайлбарлаж, ойлгуулсан. Увс аймагт очих үед нэг настай эрэгтэй бие биелэхийг хараад үнэхээр сайхан санагдаж байсан. Түүний бие минийхээс илүү залуу, эрч хүчтэй харагдаж байлаа. Тэр надад яаж бие биелэх ар ухаанаасаа хуваалцсан. Бие биелгээнд бас ийм хөдөлгөөн байдаг юм билээ. /хөмсгөө хөдөлгөв/
-Тэгвэл монголд хэцүүзүйл юу байна. Бас хачирхалтай санагдаж байсан зүйлээсээ хуваалцаач?
-Хоол, хүнсний асуудал үнэхээр хэцүү. Жишээ нь францад махыг өөхнөөс нь салгачихаад хэрэглэдэг. Мөн хэзээ ч малын нүд идэж болдог гэж бодож байгаагүй. Би өмнө нь цагаан хоолтон байсан. Одоо бага зэрэг мах иддэг болсон л доо. Энд цагаан хоолтон байх амаргүй асуудал. Учир нь жимс гэхэд маш холоос ирдэг, чанаргүй байдаг. Би жимс идээгүй маш удаж байна.Харин монголын уламжлалт хоол хүнс илүү эрүүл. Цагаан идээ, тэр дундаа аарууланд илүү дуртай. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ.
-Та морин хуур хөгжмийн сэдвээр эрдмийн ажил бичих зорилготой байгаа гэж сонссон.Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач. Танай эрдмийн ажил ямар онцлогтой вэ?
-Хөөмий, уртын дуу, ерөөл магтаалаар доктор зэрэг хамгаалсан монгол болон гадаад хүнцөөнгүй байдаг. Харин морин хуур хөгжмөөр эрдмийн зэрэг хамгаалсан хүн цөөхөн байдаг. Би арай өөр хэв маягаар бичих болно. Морин хуур хөгжим ямар хэмжээтэй байдаг? Түүнийг урлахад ямар зардал гардаг? Яаж ширэн цартайгаас модон цартай болсон? гэх зэрэгбүтэц, нарийн зүйлсийн талаар бичих бодолтой байгаа. Одоогийн байдлаар судалгааны шатандаа явж байна. Магадгүй жилийн дараа бичиж эхлэх байх. Эхлээд би монгол хэлнийхээ мэдлэгийг сайжруулж, судалгаагаа өндөр түвшинд хийнэ. Мөн монгол, англи, франц хэлээр зэрэг бичих төлөвлөгөөтэй байгаа.
-Удахгүй Монголын үндэсний баяр, наадам боллоо. Наадмаар юу хийж, яаж баярладаг вэ?
-Энэ жилийн наадмаар ганц нэг урлагийн тоглолтонд оролцоно. Морины уралдаан үзмээр байна. Ер нь ганцаараа амьдардаг болохоор нээх сүртэй тэмдэглэдэггүй. Наадмын талбай орсоноос зурагтаарбөх үзэхийг илүүд үздэг. Би цагаан сар болохоос өмнө цахим хуудсандаа “Би ганцаараа байна. Яаж баярлах вэ” гэж зэргээр бичдэг. Тэгэнгүүт хүмүүс намйг гэртээ урьж, би очиж баярлангаа жавар үргээдэг.
Эх Сурвалж: Зууны мэдээ сонин