Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, “Соёл, урлаг-Үндэсний дархлаа” уриатайгаар “Соёл урлагийн ажилтны улсын II чуулган” Төрийн ордоны Их танхимд болон яам, агентлаг, соёл, урлагийн байгууллагууд дээр 29-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж буй. Тэрбээр чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн юм. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Соёл, урлаг-Үндэсний дархлаа” сэдвээр илтгэл тавьсан юм.
Нийт 500 гаруй төлөөлөгч оролцсон энэ удаагийн чуулганы эхний өдөр “Соёл, урлагийн бодлого төлөвлөлт” (БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд), “Соёл урлагийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв” (СУИС-ийн Дэд захирал Ч.Алтанцэцэг), “Соёл урлаг зах зээлд” (Урлаг судлаач, урлаг судлалын ухааны доктор Н.Батмөнх), “Монголын хөгжил дэх соёлын орон зай” (МУСГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо) зэрэг илтгэлүүдийг хэлэлцсэн юм.
“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” 30-ны өдөр дараах зургаан салбар хуралдаанаар үргэлжиж өчигдөр хаалтаа ёслол төгөлдөр хийлээ. Ийнхүү хоёр өдөр чуулсан тус чуулганаас гарсан санал санаачлага, зөвлөмж шийдвэрийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэн ажиллахаар тогтжээ.
- “Соёлын болон байгалийн өв”- Монголын үндэсний музей
- “Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж”- Улсын филармони
- “Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ”- Хүүхдийн төв номын сан
- “Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг”-Уран зургийн галерей
- “Дэлгэцийн орчин дахь Монгол контент”-БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим
- “Монгол Дизайн”-Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим