Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь тавигдсан хэмээн үздэг юм. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүлзүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.
Сэтгүүлзүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, Төрийн байгууллагуудад тараагддаг байсан түүхтэй. Цөөхөн хэдэн ширхэгийг нь иргэдэд худалдаалдаг байсан нь түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ийнхүү нийт сэтгүүлзүйн салбарын мянга мянган уран бүтээлчиддээ энэхүү ойн баярын мэндийг хүргэе.
Энэ дашрамд сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан манай хамт олны санаачлан бүтээсэн "Би үнэний дуу хоолой" хэмээх сэтгүүлчдийн сүлд дууг та бүхэндээ толилуулж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр өнөд ивээж явах болтугай,
www.URLAG.mn сайтын хамт олон.