Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотын явуулын тайзыг ашиглалтад оруулжээ. Тус явуулын тайз бүхий автомашин нь 2008 оноос эхлэн ашиглагдаж байгаад сүүлийн жилүүдэд зогссон байсныг сэргээн засварласан байна.
Улаанбаатар хотын явуулын тайзыг ашиглан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс явуулын урлагийн тоглолт, өдөрлөг, уулзалт зэргийг зохион байгуулахны зэрэгцээ Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн 152 хороодын иргэдэд зориулан, хороодын төв талбайд нь үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус тайзны хувьд хөгжим, гэрэлний иж бүрдэл бүхий зориулалтын автомашинтай явуулын тайз юм.
Ашиглалтад ороод буй Улаанбаатар хотын явуулын тайзны анхны үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хороодын иргэдэд зориулан 41-р сургуулийн гадна талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-нд 19:00 цагаас Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтоор эхлэж байгаа юм байна.