Дэлхийд гайхагдсан монголын уламжлалт хурдан морины уралдааны нэгэн чухал асуудал бол уралдаанч хүүхдийн аюулгүй байдал билээ. Тус асуудалд анхаарал хандуулж, уралдаанч хүүхдүүд болон тэдгээрийн гэр бүл, уяачдад зориулж, уралдаанч хүүхдийн хувцас, хэрэглэлийн түрээсийн үйлчилгээг энэ жилээс эхлэн нэвтрүүлэхээр болжээ.
Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж эхэлж буй тус ажил нь Засгийн газрын тогтоолтой болон Улсын чанартай хурдан морины уралдаан наадамд, хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг түрээслэх байдлаар хэрэгжих юм байна.
Уралдаанч хүүхдийн хувцас, хэрэглэлийн түрээсийн үйлчилгээг санаачласан Монголын морин спорт, залуу уяачдын холбоонд тус үйлчилгээг орон даяар нэвтрүүлэх, хэрэгжүүлэх онцгой эрх олгогдсон бөгөөд цаашид уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлийн стандарт шаардлагыг баримтлах, хяналт тавих, хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, сургах, үнэмлэхжүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулахаар болжээ.