Канадаас авсан шүү. Их л үнэтэй дэлгүүрээс. Нэртэй үйлдвэрийн үзэг. Миний сэтгэл огт хөдөлсөнгүй. Ийм гялгар сайхан үзгээр бичлээ гээд гайхамшигтай үгс урсаж ундарна гэж үү? Хамаг зүйл хэрэглэж байгаадаа биш заяанаас л шалтгаалдаг гэдгийг эртнээс мэднэ. Сайхан үзэгтэй, тохилог ширээтэй бол л сайн сайхан зүйл бичээд байх юм шиг санагчид цөөнгүй.
– Дүү минь, дүү минь одоо чинь хүнийг өмсөж зүүснээр нь үнэлдэг болсон цаг. Гэтэл чи нэг хар өмд, ноосон цамц хоёроос салахгүй юм.
Миний сэтгэл бас л хөдөлсөнгүй. Гагцхүү толгойд бойтог, бойтог, бойтог гэдэг үг өдөржин эргэлдэж байлаа. Хуучин авдрын ёроолд байх миний багын нэхий бойтог. Тэр л бойтогны тухай биччихвэл хамаг хэрэг бүтчих юм шиг санагдаад байх болжээ.
– Эгч ээ, миний бойтог авдарт байгаа болов уу?
– Ямар авдар.
– Ээжийн…
– Харанхуй өрөөнд үз.
Тэдний арван хүн аятайхан амь зуучихаар харанхуй өрөөний буланд ээжийн минь авдар харагдана. Тагийг нь аажуухан нээж доторхийг нь онгичиж гарлаа. Байж байна. Орос эрээн даавуунд их л нямбайлан боожээ. Гаргаж ирээд үнэрлэв.
Гэрийн хаяанд гудас дэвсээд хэвтэж байх юм. Их л халуун өдөр. Гэрийн хаяа сөхөөстэй.
– Ээж ээ, хүйтэн хярам уумаар байна.
– Босож ирээд уу.
Гэрт орвол ээж авдрынхаа өмнө зогсож байна.
– Хөөх энэ хэний гутал вэ?
– Бойтог гэдэг юм аа, хүү минь.чинийх.
– Минийх гэж үү? Марзан юм.
– Чи саяхан л ийм жижигхэн байлаа шүү дээ?
– Та юунд наадхаа хадгалдаг юм.
– Миний хүү хожим ихээ том эр болохоороо хааяа үнэрлэж байг гээд л…
– Заваан юм. Юу үнэртэх юм.
– Цаг нь болохоор мэднэ ээ, хүү минь.
Нулимсаа арчивч аандаа асгарсаар байлаа. Ямар ер бусын үнэр…
Энэ амьдралын үнэр хүртэл хувирчээ. Бойтог руугаа явахсан.
/Зохиолч П.Батхуяг/