Өнөөдрийн Монгол орон дэлхийн гэрэл зурагчдын дуранд бууна. Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын гэрэл зурагчдын нийгэмлэгийн холбоо /МГЗНХ/, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна.
Энэхүү төслийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчлан таниулах, гаднын хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эергээр харуулах гэж зохион байгуулагчид нь мэдээллээ. Тус арга хэмжээнд ОХУ (Итас Тасс, Риа Новости), БНХАУ (Xinhua), Япон (Kyodo News), БНСУ (Korean central), Герман (DW), Монголын хэвлэлийн гэрэл зурагчид оролцох бөгөөд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн чиглэлд танилцах аялал хийж, зураг авах аж. Ингээд аяллын гэрэл зургуудаараа аравдугаар сарын 14-нд Уран зургийн галлерейд үзэсгэлэн гаргах юм байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь уншигч танд хүргэх болно.