Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам сонгодог урлагийн шүүмж судлал, театр судлал, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж, судлаачдыг бэлтгэн, салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхжуулах зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс санаачлан соёл, урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгээр “Урлаг судлаачдын форум-I”-ийг амжилттай зохион байгууллаа.
Форумд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн, НСИСОУХ, МУЗ, Соёл, урлагийн их сургууль, Монгол Улсын Их Сургууль, ШУТИС, МУБИС болон Монгол Улсын консерваторийн эрдэмтэн доктор, профессорууд, багш нар, соёл урлаг судлаачид, урлагийн байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл, болон урлаг судлал, шүүмж судлалаар түүчээлэн ажилладаг хувь хүмүүс, урлагийн сургуулийн докторантууд оролцож санал солилцлоо.
Оролцогчид өнөөгийн монгол улсын урлаг судлалын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд салбар бүрт хийж хэрэгжүүлсэн ажил, судалгааны бүтээл, судалгааны арга зүй болон цаашдын чиг хандлага, судлаачдыг чадавхижуулах талаар санал бодлоо хуваалцаж, форумын хамрах хүрээг өргөжүүлэн, хэлэлцлэх асуудлыг нарийвчлан судлал, шүүмж гэсэн салбар хуралдаантайгаар цаашид үргэлжлүүлэн тогтмол зохион байгуулж байх талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа.
Урлаг судлалын ухааны доктор, профессор, СУИС-ийн ХУС-ийн тэргүүлэх профессор Н.Жанцанноровын “Урлаг судлал, шүүмж–чиг хандлага”, “Глоб интернейшнл” ТББ-ын тэргүүн, АНУ дахь жүжгийн эмэгтэй зохиолчдын олон улсын төв, УДЭТ-ын уран сайхны зөвлөлийн гишүүн, жүжиг, киноны зохиолч Х. Наранжаргалын “Урлагийн шүүмж судлалын ялгарал ба олон талт байдал”, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Ч.Болдбаатарын “Зориудын нэршил- termin – дараа дараагийн үзэгдлээ нээдэг”, МЗЭ-ийн Судлал шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, СУИС-ийн ТУС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П. Батхуягын “Шүүмжийн тухай “шүүмжлэлт санаа” зэрэг илтгэл хэлэлцүүлсэн юм.
Тус форумыг угтаж Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Урлаг судлалын сектороос урлаг судлаачдын дунд дугуй ширээний ярилцлагуудыг зохион байгуулсан бөгөөд Монголын урлаг судлаачдын бүртгэлийн нэгдсэн сан бий болгосон ба түүнд нийт 142 хүн бүртгэгдсэн байна. Цаашид энэхүү бүртгэлийн нэгдсэн санг улам боловсронгуй болгож судалгааны чиглэлээр дагнан ажиллаж байгаа урлаг судлаачдын бүртгэл, тэдгээрийн судалгааны чиглэлийг олж тогтоох, мэдээллийг хэрэглэгчдэд түгээх зорилготойгоор ажиллаж байна. Мөн энэхүү бүртгэлд хамрагдсан судлаачдыг чадавхижуулах, бүтээлийн жагсаалтыг гаргах, шүүмж судлаачдыг мэргэшүүлэн бэлтгэх болон судалгаа, шүүмжийн ажилд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.
Өнөөдөр монгол улсын хэмжээнд урлаг судлалын чиглэлээр мэргэшиж, эрдмийн зэрэг цол хамгаалсан 21 эрдэмтэд бүртгэгдсэн байна. Энэ нь бага тоо хэдий ч судалгааны ажилд сонирхолтой ахисан түвшинд суралцаж буй оюутны тоо олон байгаа нь форумаас харагдлаа.
Илтгэгчдийн илтгэл, хэлэлцүүлгийг эмхэтгэн хэвлүүлж, судлаач, багш, оюутнуудын хэрэгцээнд зориулан түгээхээр бэлтгэж байна. Урлаг судлалын үйл ажиллагааг олон улсын түвшинд гаргаж, судалгааны чиглэлийг баталсан жагсаалтыг боловсронгуй болгох, урлагийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох замаар бодлогын шинэчлэл хийхийг зорино гэлээ.
Урлаг судлаачдын форумыг тодорхой хугацаанд тодорхой хугацаанд тогтмол зохион байгуулснаар эрдэмтэн судлаачид уулзан ярилцаж бие биенээ сонсох индэр болж, урлагийн судалгаа улам бүр эрчимжих, чанаржих, хамгийн чухлаар тавигдаж буй урлагийн бүтээлийн шүүмж судлалын ажил цар хүрээгээ тэлэх улмаар шинжлэх ухааны түвшинд шинэ шатанд гарч хөгжих ач холбогдолтой юм.
Цаашид урлаг судлаачдын дунд урлагийн онол, урлагийн философи, урлагийн нэр томьёоны талаарх нэгдсэн ойлголтыг бий болгох, үзэл баримтлалын хувьд нэгдэн нийлэх, хамтран ажиллах уриалга гаргалаа. Мөн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Урлаг судлалын сектороос эрхлэгч, доктор, дэд профессор Д.Энхцэцэг илтгэлдээ урлаг судлаачдын боловсролын чанарын асуудалд онцгой анхаарч, хөрш орнуудын жишгээр СУСХ-ийн дэргэд судалгааны докторын сургалтыг бий болгох, ингэхдээ тодорхой төслийн хүрээнд профессорын шууд удирдлага дор ажиллаж, хээрийн судалгааг бие даан хийж эрдмийн зэрэг цолоо хамгаалахад БСШУСЯ-наас тогтмол дэмжлэг үзүүлж байдаг докторын сургалтын шинэ системийг бий болгох хэрэгтэй байгааг онцлон дурдлаа.
Эх сурвалж: БСШУСЯ