Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой нэгдүгээр сарын 9-нд тохионо. Ойг угтан өнгөрөгч долоо хоногийг уран зохиолын өдрүүд болгон тэмдэглэж, яруу найрагчдын хөргийг дэлгэсэн юм. Өчигдөр /2019.01.07/ “Чингис” зочид буудалд “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлаар утга зохиолын салбарынхан уран зохиолын өнөөгийн чиг хандлага, хөгжлийн түүхийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцож буй юм. Энэ үеэр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном илтгэлдээ “Өнөөдрийг хүртэл монголчууд бид үндэсний соёлын эх түүхээ бодлоготойгоор, тогтвортой судалж чадсангүй. Сонирхогчийн байр сууринаас харсаар ирлээ. Монголын уран зохиолын өнөөгийн чиг хандлагыг өвчтөнтэй зүйрлэвэл хэвтэрт байгаа хүнтэй адилтгаж болно” гэдгийг тодотгов.
Монголын оюун санааны тулгуур болсон утга зохиолын өнөөгийн хөгжлийн талаар дараах хүмүүсийн байр суурийг сонирхов.
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН ХЭДЭН БОР ШҮЛГЭЭС ИЛҮҮ САЙН НАЙРАГ ТӨРСӨНГҮЙ
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.ЦЭРЭНСОДНОМ:
Сүүлийн 30 жилийн турш Бавуугийн Лхагвасүрэнгийн хэдэн бор шүлгээс өөр сайн найраг төрсөнгүй. Хэдийгээр шинэ урсгал, өнгө аясаар яруу найраг олон байгаа авч сэтгэлд нийцэх нь алга юм. Говийн догшин хутагт Данзанравжаагийн талаар Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Г.Мэнд-Ооёо найрагчийн бичсэнээс өөр нүд баясгах зүйл олж харсангүй. Миний сэтгэлд хүрэхгүй байна.
Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас
Хөндлөн бийрийг хөшиж юугаа хийнэ гэж Их зохиолч Инжинашийн хэлсэн агуу үг байдаг даа.
Монголын уран зохиолыг өвчтөнтэй зүйрлэж болно. Монгол оношилгоогоор бол хий, шар, бадган гурвын хорлолд авсан хүн шиг байна. Бүх зүйл нь тодорхой бодлого, чиглэлгүй болохоор Майн Риндийн “Морь унасан толгойгүй хүн” шиг хаашаа ч хамаагүй болчхоод байгаа юм. Гэхдээ би зохиолч хүн биш шүү. Уншигч хүний нүдээр харсан зүйлээ хэллээ. Залуустаа хандаж хэлэхэд монгол түмэн үлгэр сонсч өсч, хүмүүжсэн юм. Одоо бол хүүхдэдээ үлгэр уншиж өгөхөө байж. Магадгүй хоцрогдсон зүйл гэж үзэж байгаа байх. Гэтэл үгүй юм. Сэтгэлгээ нь л хоцрогдчихоод байна. Германд бол энэ уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалсаар байна. Өв уламжлалаасаа суралцаж байгаарай гэж хэлье.
МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ХОГ, САГ, ХӨӨСӨН ДУНД ХӨВЖ БАЙГАА НЬ ҮНЭН
Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч-судлаач, доктор, профессор Ч.ДАГВАДОРЖ:
“Монголын уран зохиол төрөл зүйлийн хувьд хаяагаа тэлж, баяжсан. Гэхдээ уран зохиол гэдэг бол олон байхын нэр биш. Чанартай байх ёстой. Энэ утгаар авч үзвэл он цагийн шалгуур хэрэгтэй. Уран зохиолыг үнэлж цэгнэдэг утга зохиолын судлал, яруу тайлбар, шүүмжлэл гэж чухал зүйл бий. Ингэснээр сайн, мууг ялгана. Одоо ийм үнэлгээ алга. Хэн нэгэн хувийн үнэлгээгээр л бодож явна. Ер нь бол сайн зохиол, авъяастай зохиолчид байгаа ч бусад хог сагийн дотроос ялгарахад бэрх болсон цаг үе гэж боддог. Академич Д.Цэрэнсодном гуайн хэлсэнтэй санал нийлж байгаа. Монголын уран зохиолын өнөөгийн чиг хандлага хэвтэрт байгаа өвчтөн шиг л байгаа шүү дээ. Энэ цагийн залуу зохиолч, яруу найрагчийн бичсэнээр “Монголын уран зохиол бол хог, саг, хөөсөн дунд хөвж явна” гэдэг нь үнэн.
Хэрэв уран зохиолоо өөдөө татъя гэвэл судлал шүүмжлэлдээ анхаарах хэрэгтэй. Судлалд шүүмжлэлд яруу тайлбарыг хөгжүүлж, уран зохиол өөрийн үнэлгээг авч байж ялгарч чадна. Уран зохиол соёлын хувьд монголчуудын үндэсний соёлд шинэ өнгө аяс орж ирж байна. Уламжлалаасаа салбал энэ нь их аюултай. Өөрөөр хэлбэл, уран зохиол, урлагийн салбар нь үндэсний уламжлалаа үгүйсгэх хандлагатай, барууны соёлын нөлөөнд автсан өнгө аястай байна. Телевизээр гарч буй Монгол кинонд ихэвчлэн хүн үхсэн, өвдсөн, аллага, дээрэм гарч байна. Зохиолчийн хувьд үүнийг үзүүлэх нь чухал юм уу. Амьдралд байгаа гэгээтэй зүйлийг л үзүүлэх ёстой. Харин XX зууны уран зохиол бол ялгаатай. Ардчилал гарахаас өмнөх үед социализмын үед нэг намын үзэл суртал байсан ч уран зохиолын үнэлгээг нь гаргасан байсан юм.
Дээрх хэлэлцүүлгийн үеэр Монголын орчин үеийн уран зохиолыг хөгжүүлэхэд Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Төр нийгмийн зүтгэлтэн Их зохиолч Д.Нацагдорж, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан, Монголын уран зохиол, сэтгүүлзүйн анхдагчийн нэг ““Улсын гавьяат алдарт уран зохиолч” С.Буяннэмэх, Төрийн шагналт, нэрт яруу найрагч, эх оронч О.Дашбалбар нар үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсан гэдгийг зохиолч, эрдэмтэд залуу үеийнхэнд сануулсан билээ. Зохиолчид өөрсдийн залгамж халаа болсон шинэ залуу үеийн зохиолчдод хандаж сайн зохиол, бүтээл туурвихыг хүсвэл өв соёл, үндэсний уламжлалаа сайн судлахыг зөвлөсөн юм.
Эх сурвалж: NEWS.mn