Монголын урлагийн их ай савд үнэлж баршгүй их хувь нэмрээ оруулсаар ирсэн наадам бол оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам гэдэгтэй маргах хэрэггүй. Жил жилийн “Морин хуур”-аас олон шилдэг бүтээл төрж, түмний зүрх сэтгэлд хоногшин, тэр нь он цагийн салхинд үл элэх, хүний сонороос үл тасрах аялгуу болон ниссээр байна.
"Морин хуур-2018" наадмын шилдгүүдийн шагнал гардуулах ёслол, гала тоглолт ирэх гуравдугаар сарын 02-нд болно.
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг тус наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж, анхны “Морин хуур”-ын эзнээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байсан бол дараа жилийнх нь наадамд Б.Магсаржавын “Зүүдэн бороо” дуу тэргүүлсэн нь өдгөө ч мартагдаагүй, улам л тодорч байна.
Өдгөөгөөс 28 жилийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д. Баттөмөр "Бодлын цагаан хун" дуугаа энэ наадмын дэвжээнээс төрүүлсэн бол өдгөө энэ “хун” элин халин эрчээ авахын зэрэгцээ нэрт дуучин А.Долгорыг түмэн олноо “Тайзны цагаан хун” хэмээн нэрлүүлсэн бүтээл. Энэ мэт “Морин хуур” наадам нь өөрөө олон өвөрмөц онцлогтой. Ерөөсөө жил жилийн наадмаас түрүү хүртсэн дуунаас гадна үзэгч, сонсогч түмний зүрхэнд үүрд үлдсэн бүтээл, ой санаанд тодорсон дуучид, дотоод чанад нэвтэрсэн шүлгүүд төрсөөр байсныг дурдах нь зүйн хэрэг.
“Морин хуур” наадмыг авьяас билэг нь цалгисан их авьяастнууд удаа дараа хүртэх нь бий. Тэгвэл энэ наадмын түүхэнд хамгийн олон “Морин хуур”-ын эзнээр тодорсон хүмүүс бол Төрийн хошой шагналт Н.Жанцанноров 1990 онд “Хүн тэнгэр”, 2001 онд “Амраг минь дээ”, 2013 онд “Бурхан халдун” дуугаар, Төрийн шагналт Б.Шарав 1990 онд “Монгол туургатны гал голомт”, 1995 онд “Хайрхан уулын бараа”, 2012 онд “Монгол газар шороо мину” дуугаар, УГЗ Б.Бямбабаяр 1992 онд "Орхон түшээ мөрөн”, 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" бүтээлүүдээрээ тус бүр гурван удаа хүртэжээ.
Нэрт хөгжмийн зохиолчдын гурван гурвын есөн бүтээлээс харахад “Морин хуур” наадмын өөрийн өнгө аяс, чадал чансаа харагдах биз ээ. Энэ есөн бүтээл нь өнөөдөр мэргэжлийн урлагийн байгууллагуудад ус агаар мэт хэрэгтэй байгаагаас гадна ард түмний зүрх сэтгэлд ч он цагийг даан эгшиглэсээр байна. Монголын билэгт найрагчдын бүтээлийг тодруулдаг “Морин хуур”-аас дөрвөн насаар ах “Болор цом” наадмыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүртээ гурав хүртсэн байдаг. Үүнийг яах гэж дурдав аа гэвэл Б.Лхагваүсрэн+Н.Жанцанноров, Д.Цоодол+ Б.Шарав гээд жишихээр нэгэн зүйл ойлгогдоно биз ээ. Б.Лхагвасүрэн найрагчийн хувьд “Морин хуур” наадамд гурван дуугаа түрүүлгэсэн нь энэ наадмын бас нэг содон амжилт болж үлдэх магадлалтай.
Жилдээ ганц болдог “Морин хуур” наадам нь энэ жил 32 дахь жилдээ болж байгаа бол 31 түрүүнээс есийг нь гуравхан хүн “эзэмшдэг” гэхээр аргагүй авьяас билэг, ур чадвар, мэдрэмж шаарддаг гэдгийг ч давхар илтгэсэн хэрэг. Тэгвэл энд үлдсэн 21 түрүүнээс хоёроор нь хүртсэн авьяас билэгтнүүд бас бий. Тухайлбал, “Морин хуур”-ын анхны эзэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Д. Цэцэрлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т. Сэр-Од, Соёлын тэргүүний ажилтан Цэн.Эрдэнэбат нар тус бүртээ хоёр удаа хүртсэн гэхээр энэ наадмын найман түрүү дөрвөн уран бүтээлчид оногдоно гэсэн үг. Тэгэхээр 17 түрүү нь долоохон хөгжмийн зохиолчид хадгалагдаж, 13 түрүүг он оны шилдэг дуунууд хүртсэн байх нь. Энэ нь аливаа уран бүтээлчийн цалгисан их авьяас билгийг илтгэж байгаа боловч цаад талд нь “Морин хуур”-ын дэвжээ нь хатуу, шүүлт шалгуур нь өндөр гэдгийг л харуулсан хэрэг. “Морин хуур”-аа ихэрлүүлсэн эдгээр хөгжмийн зохиолчдын бүтээл нь мэргэжлийн урлагийн тайзан дээр ч, ард түмний чих сонорт ч байнга уяатай явдаг гэдгийг надаар хэлүүлэх юун.
Мөнхүү оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадмын түрүүг Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж, Ц.Хулан, Б.Ичинхорлоо нар тус бүр хоёр удаа хүртсэн. Тэгвэл Ч.Сангидорж+Ц.Чимэддорж, Т.Сэр-Од+Б.Ичинхорлоо, Д.Цэцэрлэг+Ц.Хулан гээд жишихэд нэгийг бодогдуулж хоёрыг өгүүлэх нь лавтай. Нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа 1989 оны “Морин хуур” наадамд “Нарны дуулал” бүтээлээ сойн түрүүлж байсан бол Б.Шарав, Н.Жанцанноров, Ц.Нацагдорж нар залгаад энэ наадмын чанар чансааг чимэж байсан гэхэд болно. Үүнтэй зуузай холбохдоо холбож, шилийг нь дарахдаа дарж гарч ирсэн Г.Алтанхуяг, болон Б.Бямбабаяр, Д.Цэцэрлэгийг залгаад Т.Сэр-Од нар өөр өөрийн онцлог, авьяас билгээр энэ наадмыг гоёж байна. Харин өнөөдөр ид авьяас билгээ гэрэлтүүлж яваа залуу уран бүтээлчид болох Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Г.Түвшинтөр нарын давалгаа, шинэ соргог бүтээлүүд яах аргагүй “Морин хуур” наадмыг хойморлохоос аргагүй ид бүтээж явна.
“Морин хуур” нь зөвхөн хөгжмийн зохиолчдын бүтээлийг олонд алдаршуулаад зогсохгүй үе үеийн дуучид, яруу найрагчдыг ч төрүүлдэг бас нэг өвөрмөц онцлогийг дурдаж болно. Өдгөө нийтийн дууны болон мэргэжлийн урлагийн тайзан дээр ид дуулж яваа УГЖ У.Далантай, А.Ширмэнтуяа нар нь хэдийгээр урлагийн замд эрт хөл тавьсан ч “Морин хуур”-ын тайзнаас өөрийнхөө чиг зүгийг олсон байхыг ч үгүйсгэхгүй. Өдгөө нийтийн болон мэргэжлийн урлагийн тайзан дээр ид дуулж байгаа Э.Анхбаяр, А.Түмэн-Өлий нарыг ч “Морин хуур”-ын тайз л тодотгож байна. Эд нарыг урлагийн тайзан дээр сураггүй байхад Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, Г.Эрдэнэбат нар энэ тайзан дээр ид дуулж байв. Тухайн цагт FM, радио, телевизийн олон суваг байсангүй. Энэ хоёр эрхэм “Морин хуур”-ын тайзнаас л олны сонор мэлмийд хүрсэн уран бүтээлчид мөнөөсөө мөн. Тус наадмын түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн дуучнаар Ардын жүжигчин А.Долгор, УГЖ Ц.Төвшинтөгс нар тус бүр дөрвөн түрүүгээр жагсдаг аж. Энэ бол бас л ахин давтагдахад бэрх л амжилт. Ийм л онцлог түүхтэй “Морин хуур” наадам 32 дахь удаагаа үзэгч таны сонорт эгшиглэж, мэлмийд ёслох гэж байна. Дашрамд дурдахад, “Морин хуур” наадмын анхан шатны шалгаруулалт өндөрлөж, дараагийн буюу хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 14.15-ны өдрүүдэд МҮОНТ-ын “600 студи”-д болох юм. Харин галла тоглолт, “Морин хуур” наадмын эзэн тодруулах буюу эцсийн шатны шалгаруулалтыг ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах юм байна.